Тэр цагаас хойш хичнээн жил өнгөрөв дөө. Би хотын нэгэн буудлын газар байсан шиг санагдана. Аажим удаан тунарах хөх манан цонхоор харагдаж байсан. Би түрүүлж сэрсэн, дараа нь чи сэрсэн. Аяны замд алжаасан томчууд буудлын урт өндөр сандал дээр хурхирцгааж байсан. Сандлаас сэмхэн буугаад чи над уруу торомгор хар нүдээрээ хөлөөс толгойг минь хүртэл ажин зогсоход танихгүй жаахан охин чамайг би бас л удаан харсан байх…
Чи над уруу дөхөж ирээд
-Чи хэдэн настай вэ? гэхэд би «зургаа» гэж хариулав. Тэгэхд чи нэг гарын таван хуруу, нөгөө гарын нэг хуруугаа гозойлгон
- Би ийм настай гэж байсан санагдана.
- Чамайг хэн гэдэг вэ?
- Алтанзул…
Энэ бүхэн яагаад өдий олон жилийн дараа миний ой тойнд орж ирдэг билээ?
Бид томчуудаас оргож гудамжинд гарав. Цардмал зам дээр олон машинууд эгнэн зогссон нь бас л дуг нойрондоо байгаа шиг ажээ. Цардмал зам хөлөрч гялалзсан гялалзсан цэнхэр туяатай бөнжгөр дуслуудтай болжээ. Чи тэгэхэд тоодон цэнхэр тэрлэгтэй байсан байх аа…
Чи талбайд тарьсан гоёмсог цэцгүүдэд дөхөж очоод
- Энэ ямар хөөрхөн цэцгүүд вэ? Эд нар бас л унтаж байгаа даа гэж билээ. Намайг тэр цэцгүүд үрүү очтход үнэхээр унтаж байгаа юм шиг дэлбээ нь хумиастай үл мэдэг ганхаж байв…
Одоо би алсын алсад далай тэнгисийг гатлан явах гэж байна. Намайг ийнхүү явах гэж байхад ой ухааны минь хаана нь ч юм байсан дуртгал надаас салж өгөх шинж алга.
Булбарайхан цагаан гар, тормолзсон бор нүд, дэрэвгэр цэнхэр тэрлэгтэй хэвлүүхэн охин… Энэ бүхэн ямар учиртай юм бол? Яагаад миний нүдэнд ингэж тод харагдаж, сэтгэлийн гүнд эмзэглүүлэнэ вэ? Чамд муу юм тохиолдоо юу?
Би яаран гудманд гарлаа. Хаа нэгтэйгээс намайг бүсгүй хүн дуудах шиг болов. Би тэр зүг хурдан хурдан …
Үгүй ээ, энэ бол миний алс холын замд тэр аюултай ажилд явахын өмнөх сэтгэлийн тавгүйтэл… Намайг хэн ингэж дуудах билээ.
Ариун цээлхэн, хонгорхон дуу дахиад намайг дуудна. Эн бол чиний дуу. Чи өдийд хаа нэгтээ яваа. Сэтгэлдээ хөтлөгдөн тэр зүүд зэрэглээ шиг юманд автан би өдөржин хотоор тэнэлээ. Орой болж сүүдэр шиг атг дуугүй болсон хүмүүс намайг гайхсан нүдээр харсаа өнгөрнө. Миний хувцас хунар царай зүс ч гэж дээ…
Маргааш явна. Алс холын мөсөн далайгаас хөвөгч мөсийг чирэн ирэхээр, хайлуулж цэвэр ус гаргаж авахаар явна. Далайн усыг цэвэршүүлэх бодол… Миний хийдэг ажил маань иймэрхүү…
Тэр одоо миний яг өмнө тасалгааны голд нөгөө дэрвэх шахсан цэнхэр тэрлэгтэйгээ зогсоно. Энэ бол хий үзэгдэл… Энэ бол солиорол. Урт удаан хугацаагаар далай тэнгист явснаас болж хий үзэгдэлд автдаг болж,… Хүнээс дутуугүй ажилладаг машинуудын дунд хичнээн жил болов доо. Би өөрөөрөө бахархдаг юм. Учир нь би тэр бүхнийг ганцаараа, цор ганцаараа удирддаг юм шүү дээ.
Гэтэл энэ гэнэтийн хий үзэгдэл юу вэ? Яах гэж надаас салахгүй зовооно вэ? Аймшигтай хүйт дааж дотор харанхуйлна. Би түүнээс
- Чи хэн бэ? Алтанзул мөн үү? гэж асуув.
- Би Алтанзул байна.
Би давхийн хананд наалдлаа. Гар минь хөлөрч, нуруугаар түмэн жижиг хорхой гүйх шиг болов. Түүний уянгалаг, эмэгтэй хүний сайхан бүхнийг шингээсэн дуу дахин гарч
- Битгий олон үг ярь, Энэ аймшигт төмөр хүмүүс чамайг боолоо болгох гэж байна.Чи ердөө л машины боол болжээ гэв.
Хэдэн хором өнгөрөхөд тэр алга болов. Өглөө болж цонхоор бүдэг цэнхэр манан хуралдаж байв. Цонхоо нээлээ. Талбай дээр ойр ойрхон гишгэдэлтэй хүүхдийн хөлийн чимээ гарав.
Алтанзул! Мөн байна. Тэр доор алхаж явна. Би галзуу юм шиг шатаар харван бууж гудамжинд үсрэн гарлаа. Чийг даасан цардмал зам талбай дээгүүр түүний хойноос гүйв. Амьсгаадан ядарч унатлаа эрж хайж байхад минь гар хөл салгалан, нүдээр нулимс бүрхэж ирээд байв.
Би түүнийг олсонгүй… олсонгүй.
Олон олон одод
Үс нь эмх замбраагүй унжсан нэгэн эмгэн Аварга модны дэргэд ирж суулаа. Өдөржин баруун зүг довтолгосон орчлонгийн наран уулсын чинадад далдрав. Нарны туяанд уулсын сэжлүүр, модод алтан шар өнгөөр шижиртэнэ. Эмгэн уухилдан ямар нэгэн юанд ундууцах мэт амандаа бөвтнөн суудлаа засав.
Хонхигор хацрынхаа атираат арьсыг хоёр гараараа идэх аядсанаа «Тэр хэзээ ч эргэж ирэхгүй нь дээ. Хүү нь өсөж том боллоо. Бас л сансрын нисэгч! Хүүгээ үзэх тавилангүй… Заяагүй амьтан… Ид сайхан залуугаар минь хаяад энэ ёроолгүй нүх шиг тэнгэр үрүү арилаад өгдөг… Чааваас гэж…! Хүү нь одоо бас явна гэнэ»…
Түүний шаналсан нүүрэн дээгүүр нулимс асгарлаа. Тэрбээр нулимс мэлтэлзсэн нүдээрээ бүдэг цайвар тэнгэрийг аргадах мэт харна.
Одод цовоо цолгин гэрлээрээ өөдөөс нь ирмэнэ. Дээлийнх нь хормойд шингэсэн нулимсны дуслынх нь мөр бас л хос одод шиг ажээ. Аварга модны дэргэдүүр гол эмгэний шаналанг хуваалцаж уярлын нулимс мэлтэлзүүлэн урсана. Түүний мандалд мөнөөх «хараал идсэн одод» цовхчино. Эмгэн чадал муутай нь аргагүй гиншин уйллаа. «Чи минь намайг хараач дээ. Чийрэг сайхан цээжиндээ намайгаа энхрийлэн тэврэлгүй хичнээн жил болов доо. Хүүгээ хараач…»
Эмгэн мөч өнгөрөх тусам өнөөх «тоглоомтой» одод хурцаар тодрох тэнгэртэй ярьж суулаа. «Би одоо хаачих вэ? Цаг хугацаа өнгөрсөөр… Синий чадал тамир муудаж байна. Чамайгаа нэг харах юмсан. Би яах вэ? Чи минь л миний амьдралын зул билээ. Чамд минь муу юм тохиолдоогүй л бол эргэж ирнэ. Би ерөөсөө үлддэггүй л байж …»
Түүнийг цурхиран уйлахад аварга мод гудайж бахим мөчрөөрөө тэврэн авах нь гэмээр сүрлэг барайна. Шувууд хаа нэгтээ уйлж суугаа бололтой анир чимээ ер үгүй. Одод шатсан шөний тэнгэр эмгэнд хандаж
- Би чамайгаа орхимооргүй л байна. Гэхдээ би аюул нөмөрсөн гариг уруу явах гэж байна шүү дээ. Тэнд оюун ухаантай амьтан орчин зүйн сүйрэлд өртөөд байна. Бидний мэдэж байгаагаар тэр гариг дээр амьдрал буй болох тун өчүүхэн найдвар үлджээ. Чиний минь хөл хүнд. Хүүхдээ эх дэлхийдээ төрүүлэх хэрэгтэй гэж цуурайтуулахад эмгэн хариуд нь
- Уруул чинь хүрсэн тэрхэн хэсэг газар одоо ч миний хэвлий дээр халуу оргиулдаг юм. Тэр олон нисэгчдээс зөвхөн та хэд л явдаг нь …гэж гомдоллон үглэв. Түүний хоолой зангирч толгой нь халуу дүүгэн манарна. Дахиад л тэнгэр одод, болор хөшигний цаанаас даажигнан хүйтэн өнгөөрөө зүрхийг нь шимшрүүлэнэ. Эмгэн Аварга модыг наллаа. Аварга мод салхины аясаар зөөлөн займчина.
Тэнгэрт холхи оддын наагуур баруунаас зүүн тийш, хойноос урагш олон олон одод аялна. Байгаль ер бусын чимээгүй. Гагцхүү гол л эмгэнийг тайтгаруулж учиртайяа шивэгнэнэ. Салхи түүний тансаг үнэрт буурал үсээр наадана. Тэрбээр насан туршдаа хүлээсэн хүнийхээ төрхийг тэнгэрийн мандалд зэрах гэж хичээлээ. Болж өгсөнгүй. Хүү нь л нүдэнд нь тодрон үзэгдэх ажээ. Гялалзсан хувцастай чийрэг эрийн булчин хөдлөх бүрд нь эрчлэн оволзоно.
«Чи минь л хүүдээ шингэж надад үлджээ..»
Гэнэт хүнд биетэй хүний гүйх чимээнээр бүх юм дуу орж, мод бут хугаран шувууд дэрхий нисэв.
- Ээж ээ… Ээж ээ … Аав… аав ирсэн!
Залуу ээжийгээ олохгүй замдаа таарсан мод бургасны мөчрийг нэвт шувт дайран гүйнэ. Эмгэн Аварга модны ил гарсан бахим үндсийг илэн сууна. Түүний толгой эргээд ч байх шиг…
Тэнгэрт холхи оддын наагуур баруунаас зүүн тийш, хойноос урагш олон олон одод аялна.
No comments:
Post a Comment