Dec 14, 2012

Гэрэл зураг шиг ертөнцийн 
Гэнэ сэнэгүй энэ амьдрал дундуур
Гэрэлтэй явсан минь хичнээн билээ?...

Nov 12, 2012

М.Ю.Лермонтов Банди

Өмнөтгөл. Миний эрхэм анд зураач хайчилбарч С.Төрбурам оросын алтан үеийн гайхамшигт найрагчдын нэг Михайл Юрьевич Лермонтовын шүлэг найраглалуудыг орчуулдаг юм. Олон нийтэд биш өөртөө зориулж. Уран зохиолыг тэгж ингэж хэрэглэнэ гэсэн жор үгүй. Зуун наян жилийн өмнөх оросын яруу найрагчийн бүтээлийг тархиа ширгээн, сэтгэлийн үлэмж цэнгэл эдлэн өөртөө орчуулж суугаа нь уран зохиолыг хэрэглэж байгаа байгаа түүний арга барил нь юм болов уу гэж би санадаг. Доор нийтэлж буй "Мцыри" буюу "Банди" хэмээх найраглал нь нэгэнтээ монгол хэлээр хөрвүүлэгдэн гарсан буй. Чухам он хийгээд орчуулагчийг санахгүй байна. Гэхдээ эдүгээ уншигч танаа толилуулж буй энэ хувилбар бол С.Төрбурамын өөртөө зориулж орчуулсан хувилбар нь юм. Хэвлэн нийтлэх, бусдад түгээх, ашиг олох зорилгогүй өөртөө л зориулж орчуулсан орчуулага юм. Үнэндээ хэвлүүлэн нийтлэх санаа зорилгогүй байсныг нь миний бие ятгаж байгаад блог дээрээ тавиулж дөнгөв. Энэ дашрамд С.Төрбурам өөрийнх нь орчуулгыг хичээнгүйлэн шүүж, үнэт цаг заваа харамгүй гарзадсан орос орчуулгын редактор Ш.Наранчимэг, монгол орчуулгын редактор Я.Баатар нарт чин сэтгэлээсээ ихэд талархан баярлаж байгаагаа дамжуулахыг хүссэн билээ.
 
 
М.Ю.Лермонтов
Банди
 



Xаадын ном I
1

Нилээд xэдэн жилийн өмнө
Аxан дүүс тэврэлдсэн мэт
Арагва Кура xоёр голын
Нүргэлэн цутгаx бэлчирт оршиx
Нам гүмxэн xийдээр орсон билээ.
Xолын аянчны нүдэнд тороx
Xуучин сүмийн нурсан барилга
Xэмxэрч xоцорсон туурь xүрдэг
Xэцийн жим зурайсан xэвээрээ ч
Бурxан таxил үнэр ч үгүй арилж
Бүрэнxий болтол цувардаг сүсэгтний
Бүгдийг даатгадаг сүслэл xэдийнэ тасарчээ.
Үxэлд гологдoж, xүмүүст мартагдсaн
Балгасын саxиул амьтай төдий
Өвгөн буурал лам л өнөөx янзаapaa
Булшны самбарын тоосыг үргээxэд,
Бүдэг бадаг бичээс нь дурайж
Алдар суугаа дуурсгасан үеийг төдийгүй
Арчаагаа алдан сэнтийнээсээ бууж
Xэн хэмээх хаан хэдэн онд
Xотол олноо Орост гардуулсныг ч гэрчилнэ.
Тэр цагаас xойш дайснаас айx аюулгүй
Тангарагт андын жадны xүчинд
Модот цэцэрлэгийнxээ сүүдэр дор
Мөнxийн xутгийг олоx шиг
Гүржид амар амгалан болжээ!


Oct 4, 2012

Дургүйцэх юм алга


Миний анхны өгүүлэгийн түүвэр хэвлэгдэн гарлаа. Бичигдсэн цаг хугацааны хувьд хуучин авч төлөв нь шинэ болов уу гэж санаж байна. Товчхондоо "... шинэ юм биш гэхдээ хуучин байхыг үл хүснэ".
Хэзээ нэгэн цагт өөрийн бүтээлүүдээр түүвэр ном хэвлүүлнэ гэж сэтгэлийнхээ гүнд удаан бодсон ч ийн хэвлүүлнэ гэж бодож байгаагүйгээ хэлэх учиртай юм болов уу. Уран зохиолыг хувийн хэрэг гэдэгт би гүнээ итгэдэг. Бичиж туурвиж буй уран бүтээлч ч, уншиж таашааж буй та ч аливаа өгүүлэг, туурь, тууж, романуудаас зөвхөн өөрийгөө л эрэн бэдрэх мэт надад санагдах амуй. Эсвэл миний өгүүлэг тууриуд таны урьд зүүдэлж байгаагүйг сануулж, сэрж байгаагүйг мэдрүүлсэн байж магад. Цаашилбал дахин унших хүслийг тань өдөөж тархийг чинь талхиж, хатгаж, түлхсэн ч байж магад. Гэхдээ энэ бол эдгээр зохиолуудын зөвхөн танд л хүрч буй байдал юм. Танд ингэж хүрээгүй бол одоо яая гэхэв. Ер нь ингэж хүрэх албатай биш, бүгдэд ингэж үйлчилнэ гэж байхгүй. Тэр бүү хэл уншигч бүрт ингэж хүрэхгүй байваас би ихэд хөхин баясах болно. Учир нь чухам тэр л “хүн бүхэн адилгүй хүлэг бүхэн жороогүй” гэдэг миний ардын цэцэн үгийн / магадгүй хүн төрөлхтний үнэ цэнэ-ийн/ баталгаа болох буюу.  Өөрөөр хэлбэл миний зохиолууд юуны түрүүнд танд зориулагдаагүй юм, гэхдээ таныг уншиж таашаахад надад дургүйцэх юм алга аа...
Д.Дашмөнх

Sep 25, 2012

Түр зуур

Би блогоо мартаагүй. Өөрийн бүтээлүүдээр ном гаргах санаатай оролдоод, бас бус амьдралын шуурганд дарлуулаад тун зав муутай байгаагаас энэ сард блогтоо нэг ч бичлэг оруулж амжсангүй, бас амжихгүй. Ирэх сард миний "Хуучин хүүхэлдэйнүүд" нэртэй хүүрнэл зохиолын түүвэр хэвлэгдэж гарах болно. Тэгэхээр л...

Aug 28, 2012

П.Батхуяг Шүлгүүд

 
Тээнэгэлзэн сандарсан үедээ
Тэвчээрээ бартал
Тэнгэрийг ширтэхэд
Нулимс бүрхсэн ганц том нүд
Намайг харж байдагсан.

Нэг л мэдэхэд
Дэргэдээс үхэл аавыг минь хулгайлсан
Дээрээс одоо хоёр нүд ширтэх болсон…
***

Та минь
Элж хуучирсан амьдралаас эрт явчихлаа…
Зулзаган модны навч шиг богинохон настайгаа мэдсээр байж дээ.
Зуу наслах юм шиг юундаа би санаав дээ…
Замын буудал шиг амьдралаас уйдахын зовлонтой ч
Хэлсэн үгийг тань санан санан
Тэнгэрийн настай шүлгээр хөшөө босгоно оо, хүү чинь


Эх орон
Газар дэлхий хэсүүл эрийн хөх цув шиг
Хэдэн цагаан толботой.
Тэдэн дундаас хумсны толио шиг
Төдөн см-ийн жаахан толбыг
Тэнгисийн хөөс шиг бүү сарниг гэж
Тэнгэр бурханд зөндөө мөргөдөг.
***

Энэ зүгийн юм бүхэн эрээ цээргүй
Бурхан шүтээнгүй
Амраг бүсгүй минь тэнд очоод
Барьж ирсэн дэвүүр шигээ
Алаг эрээн өнгөнөөс цаашгүй
Амьтан болчихсоон…
***

Энд, амьдралаас залхахаараа би нүдээ аньдаг.
Тэнд, харанхуй хонгилд ус дуслах сонсогдоно.
Гэрлийн утас агаарт хөвнө.
Алгуур нүдээ нээхэд
Амьдрал цоо шинэ санагдана.
1997 он

Jul 18, 2012

Г.Ням-Очир Тамлага нугууд


Нэг
Найман давхрын цонхоор харагдах
Намайг танихгүй, миний таниагүй
Дэлхий ертөнц гариг эрхэс
Дэмий хүсэл мөрөөдөл
Жижигхэн хүмүүс, намхан амьдрал
Жирийн бус аугаа их 
Хайр дурлал, халбага сэрээ

Jul 3, 2012

Артюр Рэмбо Дурлал

Аяндаа ирдэг буурь суурь гэдгийг 
Арван долоон насанд заадаггүй юм.
Дэнлүү савчих архины гуанз уруу зүглэхдээ
Далдуу модны дэргэдүүр заавал өнгөрөөрэй

Цэцэглэж ногоорсон далдуу модны доор суухад
Цэнгэлийн диваажинд зүүрмэглэх мэт болоод
Цэцэгс хийгээд дарсны үнэрээр сэвэх нь
Цэлэмгэр салхи хүртэл халамцсаных шүү.
Үдшийн тэнгэр, яралзах одод
Үзтэл моддын мөчрөн жаазанд гялалзаж
Эгшин бүрийг эгнэгт ширтэх нь
Эндээс анир чимээ гэдэг үргэсэн гэлтэй.
Зургаан сар, Арван долоон нас
Зуны үдэш дарс хундагалах шиг...
Бүсгүйн уруул дээр бяцхан амьтан тодорч
Бүүр түүрхэн үнсээч намайг гэж
Үг хэлээ олж ядах шиг
Үүрэглэн сэрэхэд орь ганцаар би.
Янаг гэдэг үлгэр мэт...
Яруухан үдшээр дэнгийн гэрэлд
Шаа торго шиг сайхан охин зөрөхөд
Шөнө гэдэг эцгийнх нь сүүдэр мэт санагдана.
Зөрж өнгөрсөн охины хойноос 
Зүрхэлж дагах зориг алга.
Учирч цэнгэхсэн гэж бодохоос 
Уруул дээр минь цэцэг дэлгэрэх адил аа.
Яруу захидлыг үзэсгэлэнт охин бичиж 
Янагийн үгсээр  чамайг ерөөвч
Цаг ирэхэд нөхөд чинь элэглэж
Цадиггүй охины зугаа болсноо мэдвэл
Тэр л үдэш архины гуанз руу очоорой
Тэнд чамайг шилмэл дарс шилэн жүнз хүлээнэ.
Аяндаа ирдэг буурь суурь гэдгийг
Арван долоон насанд заадаггүй юм.
1870.9.23
Орчуулсан Л.Энх-Амгалан
Тайлбар
Энэхүү шүлгийг "Улаанбаатар" хэмээх сонины 1992 оны 9-р сарын 22 -ны дугаараас авлаа. Орчуулсан хүнийг нь "Хөх зулын бичиг" хэмээх яруу найргийн сайхан ном бүтээсэн Л.Энх-Амгаланг болов уу гэж таах юм. Даанч харамсалтай нь тэр хүн УИХ-ын гишүүн болох учиртай байжээ.

May 18, 2012

Г.Батнасан Ижил шөнө


БИ хотын барилгууд улам өндөр, улам утга учиргүй болж, хаа холоос харагддаг асан Жанрайсэг бурхны шүтээн сүмийг хаанаас ч харж чадахаа болих цаг хаяанд ирсэн мэт санагдана. Үүнийг тойроод түүнийг орооход цагаан сүм гэнэт гарч ирэхүй үзэсгэлэн төгөлдөр хийгээд амгалангийн гэгээ татах хэдий ч мэдэж сэхээрэх хүн нэгээхэн бээр ч үгүй болсон мэт хэмээхийг бодон зогсох шүдгүй өвгөнд БИ хотын нүргээн шуугиан хумсын төдий ч хамаагүй. Тийн зогсох өвгөн явах замд нь өчүүхэн саад болсон төдийгөөс бусдаар Гандангийн дэнж рүү өгсөн алхах хоёр хүүд ч бас хамаа начиргүй аж. Түнжин толгой нь наранд гялалзах хоёр хүү хажуугаараа зөрсөн хүн бүхний өхөөрдсөн харцанд ээрүүлсээр хоёр хороолол хөндлөн алхаад багшийндаа ирж яваа нь энэ. Гандан гэдэг хэрмийн дотор залрах хуучин шинэ сүмүүдээр үл хязгаарлагдана. Харин ч замаар эмжигдсэн дэнж олон янзын өнгө төрхтэй. Өндөр нам, тэгш хазгай хашаанууд ба түүн дотор агч гэр ба байшингуудад амьдардаг хийгээд ирдэг, явдаг хэдэн зуун хүний хөл хөдөлгөөнд түүртсэн орон зам бөгөөд дээдийн номыг ягштал баримтлан буяны зам хөөсөн гэгээнтнүүдээс авахуулаад, хэлтгий энгэртэй дээл, тав арван уншлагаар хоолоо олдог лам нэртэй харчууд,  сүсэгтэнд хэрэгтэй эрээн мяраан шашны хэрэглэлийг ууттай чихэр, хайрцаг тамхитай зэрэгцүүлэн зарж суудаг эгэл бор иргэдийн их хуаран билээ. 

Apr 30, 2012

Б.Баясгаланг дуурайн бичив
Яруу найраг гэдэг 
Үүрийн шөнөөр босож хөхүүлсэн эхийн сүүний амтыг санахын нэр
Яруу найраг гэдэг 
Үдшийн бүрийгээр ярьсан эмээгийн үлгэрийг дахиулахын нэр
Яруу найраг гэдэг
Доод горхины усанд цаасан онгоц хөвөхийн нэр
Яруу найраг гэдэг
Доголон нулимсаа арчсаар тэшүүрээр гулгаж сурахын нэр


Шүлэг тэрлэнэ гэдэг
Нар зүүд хоёрыг уулзуулахын нэр
Шүлэг тэрлэнэ гэдэг
Навчаар Бетховений аялгуу тоглохын нэр
Шүлэг тэрлэнэ гэдэг
Дурсамж хундагалж, инээд бялхуулахын нэр
Шүлэг тэрлэнэ гэдэг...




Ийм шүлэг бичиж байна гэж зүүдэлсэн юм. Бүр өмнөх үгийг нь бичиж байгаад л бичиж байна гэж зүүдэлсэн юм. Даанч тасарчихсан. Дахиад нэг мөр, нэг бадаг байх шиг байсан...санаанд орохгүй байна даа. 

Apr 1, 2012

Шог явдлууд

Хэнрих Ибсэн "Солнэсс дархан" гэдэг жүжгээ биччихээд "Энэ жүжгийг зөвхөн бурхан бид хоёр л ойлгож магад" хэмээн эхнэртээ ярьж байжээ. Харин жүжгийнхээ анхны тоглолтыг үзэж ирээд эхнэртээ " Одоо тэр жүжгийг зөвхөн бурхан л ойлгоно" гэж ярьжээ.

***
Бернард Шоу буяны үдэшлэг дээр нэгэн бүсгүйтэй хэд хэдэн удаа бүжиглэв. Дахин бүжгэнд урихад нь царай муутай сайхь хадагтай "Та яагаад зөвхөн надтай бүжиглээд байгаа чинь сонин байна?" гэж асуухад Шоу "Энэ чинь буян үйлдэх сайн үйлсийн үдэшлэг шүү дээ" хэмээн хариулжээ.

***
Нэгэн хүн өөрийн шүлгүүдээ уран зохиолын сэтгүүлийн редакторт өгч уншуулжээ. Тэгээд сэтгэгдлийг нь асуухад редактор
-Таны шүлгүүд дунд Хэйне, Байрон ч бичээгүй хоёр шүлэг байна гэв.
- Баярлалаа. Аль нь тийм сайн байна.
- Нэг нь кинотеатрын тухай, нөгөөх нь радиогийн тухай шүлэг байна...

***
Александр Дюма эцэг  300 гаруй зохиол туурвисан гэдэг. Нэг хатагтай түүнтэй уулзах далимаараа нэгэн зохиолынх нь ээдрээтэй тайллын талаар лавлахад зохиолч санахгүй байв.
- Таны бичсэн зохиол шүү дээ
- Бичсэнээ санаж байна. Харин уншсан эсэхээ санахгүй байна.. уучлаарай

Mar 26, 2012

Ж.Лхагва "Атга чулуу"-наас-2

Толстойн дэргэд нэрэлхсэн нь
Воровскийн гудамжинд байдаг зөвлөлтийн зохиолчдын хорооны хашаанд Лев Толстойн суугаа баримал бий. Яруу найрагч Мустай Карим гуай бид хоёр баримлын дэргэд зогсоод ярилцаж байлаа. Карим гуай ярианыхаа сэдвийг гэнэт өөрчилж
- Та нар ер нь яагаад Чингис хааныхаа тухай бичдэггүй юм бэ? гэхэд нь би баахан тулгамдаж бас ч жаахан нэрэлхээд тоглоом болгох санаатай 
- Бичсэн хүн үхчихээд байх юм. Калашников, Есэнбэрлен, Чивилихин, Ян, Абашизе гээд цөмөөрөө байхгүй шүү дээ гэвэл Карим гуай над уруу сүрхий харснаа санаа алдаад
- Бичилгүй үхсэнээс бичээд үхчихсэн нь дээр дээ гэж билээ. Би ч бас санаа алдав.

Mar 23, 2012

Ж.Лхагва "Атга чулуу"-наас

Сургууль орох зам
Горькийн нэрэмжит Москвагийн Утга зохиолын дээд сургуулийг зохиолчдын сургууль гэж нэрлэх нь бий. Оюутны дотуур байр Добролюбовын гудамжинд, хичээлд явахын тулд Руставелийн гудамжнаас унаанд сууж Чеховын гудамжаар өгсөөд, Пушкины талбайд бууна. Тэндээсээ Горькийн гудамж огтолж Некрасовын номын сангийн үүдээр өнгөрөөд Герцений байшинд байрладаг сургуульдаа ирнэ. Ийм замаар таван жил явсан хүн зохиолч болохгүй бол хохь нь.

Feb 26, 2012

Гил хар шөнийн зүүдэнд 
Цал буурал үстэй ирэв үү...
Б.Туяа


Сар шөнө мандаагүй
Нэрийг чинь өглөө дурсаагүй
Чиний тухай огтхон ч бодоогүй
Цэцэгсийн дэлбээ шүүдэртсэн байгаагүй
Үдийн тэнгэрээс аадар цутгаагүй
Өнгөт шүхрийн доор чи ганцаар зогсоогүй
Дахиж уулзахгүй гэж FM нэвтрүүлээгүй
Даанч чи тэр үгийг /.../ гэж мэдээгүй
Хар машин жолоочтой байгаагүй
Гүн хорвоод тохиолдол гэж байгаагүй
Гүнзгий тавиланд үнэндээ автаагүй
Зовлон гуниг гэнэт ирээгүй
Золигийн өдөр ийм урт байгаагүй
Гүн харанхуй шөнө ирээгүй
2002 он

Jan 26, 2012

Г.Ням-Очир

Цаг Төгрөг тавин мөнгө p.m-ээс 
Цаг Доллар  тавин цент a.m хүртэлх 
Миний нэг өдөр


Цаг төгрөг тавь p.m  ирэхэд 
Цагаан цамцны цаадах
Цагаан даруулганы зүгээс
Танил содон үнэр үнэртэж
Өдрийн зоогны appetite хүрнэ.
Цаг төгрөг тавь p.m эхлэхэд
Салганан чичрэгч гар дур тавьж
Янаглагч үзэг залхсандаа
Хөгжөөн цэнгээнгүй хөнжил
Цүнхний зүг одож
Хагацлын дуу дуулна.
Цаг төгрөг тавь p.m болоход
Эрх чөлөөний хөшөөнд цэцэг өргөгсдийн урт цуваанд
Их сургуулийн хаалга чийхран цэлийн онгойж
Ирэх өдрийн найман төгрөг дөчин мөнгө хүртэл
Үнээ өсгөхөөр "Нарны титэм"-д одно.
Цаг төгрөг тавь p.m өнгөрөхөд
Цас орохоо больж хавар цаг ирнэ.
Гудамж зам дээр тосох зоогийн газрын зүгээс
Cola, Tiger, хуушуур, бууз, цуйван 
Хээнцэр охидын уруулын тамгатай Marlboro үнэртэж
Толгой эргэн ухаан самуурсаар
Гэнэт цагаа харвал 
Цаг доллар тавин цент a.m 
Харих цаг болсон байлаа.

Jan 23, 2012

Г.Батнасан ...-ЛТ 2

Өмнө минь тавганд хоригдсон хөөрхий хоол хэмээгч хоригдол. Будаа нуль будаа. Чааваас. Будаан доороос будаанд дарагдсан арчаагүй махны гар, хөл, хуйх, өөр юу нь ч юм цухуйна. Би махыг аваръя. Махыг аврахын тулд будааг идэх хэрэгтэй. Будаа олноороо бас цагаанаараа дээрэлхэн махыг даржээ...
... Будаа ч бас амттай шүү. Хүүе мах цухуйлаа. Цав цагааны дундаас зовлонт бор арьс тос даасан... Үгүй тос биш нулимс байна. Бүр самсаагаа шархиртал уйлж гээч. За за уйлахаа боль. Одоохон...
... Чиний хүрэн бор гадар дээр орших хэдэн будаа юутай өчүүхэн, та өөрөө юутай сүрлэг сайхан харагдана вэ? Зүгээр зүгээр тайван бай. Бүү өндөлз... Бяарлалаа гэх хэрэггүй. Яагаад гэвэл би аварсныхаа хариуд чамайг идэх гэж байна. Ийм л юм яая гэхэв. Чи ч бас идүүлснийхээ хариуд намайг иднэ.
... Нээрээ идүүлснийхэээ хариуд хариуд намайг яаж идэх юм бол? Дотроос уу? Гаднаас уу? Тэгээд чухам юунаас эхэлж яаж..? Өө яахав. Тэр юу л идэж шалиа аж. Тэр жижигхэн. Чааваас амаар багтаж, ходоодонд орохоор тийм өчүүхэн шүү дээ. ӨЧҮҮХЭЭЭЭН .... Хэ хээ хээээ...
1993 он

Jan 5, 2012

Ном борлуулах аа гэж

Сул тэмдэглэл
Хэдэн жилийн өмнө японы шилдэг зохиолчдын сөнөл мөхлийн сэдвээр бичсэн өгүүлэгүүдийг нэгтгэж түүвэрлээд "Үхлийн тууриуд" гэдэг ном 300 хувь хэвлүүлээд зарах гэж бөөн юм болж, жил хагас зарж байж дуусгасан санагдана. Нэлээдийг нь танилууддаа тараагаад дууссан. Уг нь анд Г.Батнасан маань хэвлэлийн зардлыг нь даасан болохоор би ч нэг их "шатсангүй" тэгсгээд өнгөрсөн юм. Сураг дуулаад байсан тэр ном заавал унших номын жагсаалтад орсон ч гэх шиг бас бус хүмүүс нэлээдгүй сурагладаг, анх хэвлэгдсэнээс хойш бараг арван жил өнгөрсөн ч гэх шиг болохоор нь өнгөрсөн оны намар дахиж 300 хувь хэвлүүлээд үзэв. Одоогийн байдлаар энэ номноос ердөө 71 ширхэг зарагдаад байна. Сонгодог зохиол гүйлгээтэй байдаггүй л дээ. Гэхдээ гунигтай юм. Дээр нь номын дэлгүүр гэж... за тэр хүмүүс гайгүй холхидог хэдэн төв номын дэлгүүр гэж ёстой дээрэмчид байдгийг мэдэж авав. Юу ч хийгээгүй байж үнийн дүнгийн 38 хүртэл хувийг дээрэмддэг юм байна. Бас ном зарах мэнэжмэнт гэгч айхтар юм газар авч байгааг мэдлээ. Номыг гоё нэрлээд энд тэндгүй сурталчлаад өндөр үнээр зардаг юм байна ш дээ. Мэдсэн бол арван жилийн өмнө энэ номыг "Японоос ирсэн интоорын ягаахан дэлбээ" гээд нэрлээд нүүрэн дээр тэнгэрийн хаяаны гэрэл зураг тавиад үзсэн бол сайн зарагдах байжээ. Уг нь одоо зарагдаж байгаа "Үхлийн тууриуд"-ын нүүрэн дээр японы сонгодог үкиёо, алдарт Утаморо-гийн "Эргэн харж буй гоо бүсгүй" гэдэг бүтээл байгаа юм л даа.  
Өнгөрсөн намар би америкийн шилдэг уран сэтгэмжийн зохиолчдын богино өгүүлэгүүдийн түүвэр бас хэвлүүлсэн юм. Энэ номыг хэвлэлд бэлдэн эхийг нь уншиж байтал миний танил, утга зохиолд тун элэгтэй өөрөө ч бас чамгүй оролдож байдаг нэгэн ах юу хийж байгааг минь сонирхов. "Алах эрхийн бичиг" гэдэг нэртэй америкийн уран сэтгэмжит өгүүллэгүүдийн түүвэр гэсэн чинь "пүү пай" болов. Тэгээд хэлжийна. "Энэ улс чинь аллага хүчирхийлэлээр  дүүрлээ, ийм муухай нэртэй ном хэвлүүлж бас нэг нэмэр болоод яахав, хүмүүст гэгээлэг гоё сайхан сэтгэлийг нь сэргээх юм хэрэгтэй байна. Тэгээд ч уран зөгнөл энэ тэр бол хүмүүст хүрэх үү, бодит амьдрал дээр байх аа. Ийм юм хэвлүүлж цаас, цаг, мөнгөний гарз хийгээд дэмий... Ядаж нэрийг нь соль. Тэр тусмаа өсвөр насны хүүхдүүдэд голчлон зориулсан юм бол бүр солих хэрэгтэй. Номын чинь зохиолуудын гарчгийг харахад яасан муухай нэртэй зохиолууд сонгож авсан юм. Би "алах эрхийн бичиг" гэдэг нэртэй ном хүүхэддээ яасан ч авч өгөхгүй... Сайхан нэг тийм сэтгэлд хоногшмоор юм уулс ус байгаль үгүй ядахдаа ариусаж гэгээрэх бүддийн сургаальтай холбоотой юм орчуулж болдоггүй юм уу...
Ахын үгэнд оров. Номын нэрийг "Харь гаригийн өгүүллэгүүд" болгон өөрчлөв. Гурван зуун хувь хэвлэгдсэн номноос 97 ширхэг зарагдаад байна. 
Номын чэнжүүд, дэлгүүрийн худалдагч нараас ямар ном сайн зарагддагийг асуусан чинь бизнэсийн болон сэтгэлзүйн элдэв зөвлөгөө, хэрхэн баяжих тухай эсвэл сэнтимэнталь юмнууд галзуутай гэнэ. Аан тийн "Чонон сүлд" гэдэг ном үнэн сайн зарагддаг гэнэ...
Номын сангууд бол ном худалдаж авахгүй, төсөв байхгүй, уран зохиолын ном бол бүр хэрэггүй гэнэ. Ганц нэг нь хандивын журмаар бол авч болох гэнэ. Ер нь бол номын сангууд уран зохиолын номонд дургүй болсон гэнэ.    
Одоо ганц л юм бодож байна. Дахиж ном өөрийн зардлаар хэвлүүлэхгүй, хэвлүүлбэл зарахгүй, зарвал заавал "сайхан нэр" өгнө..."Сэтгэлийн болор цомон дахь мөнгөн дарсны эхний дусал..."