Aug 25, 2014

Агата Кристи Стимфалийн шувууд

/Үргэлжлэл/
V
Тасалгаа түүний нүдний өмнө хөвөөд явчихав. Нурууг нь даган хүйтэн хөлс өөрийн эрхгүй асгарлаа.
—Үхсэн гэнэ ээ? хэмээн түүнийг бөглүү дуугаар лавлахад хатагтай Райс толгой дохив.
—Шуудан хийдэг хавтасны өнцөг нь гантиг юм байна. Яг чамархайд нь оножээ. Унахдаа толгойгоороо ил зуухны хашлага мөргөсөн бололтой.  Чухам аль нь түүний аминд хүрснийг хэлэхэд хэцүү байна. Ямар ч болов би үзээгүйгээ үзлээ  гэж тэр сааралтсан амьгүй хоолойгоор ярив.
—Энэ чинь золгүй тохиолдол шүү дээ. Би өөрийн нүдээр харсан гэж  Гарольд дуу алдлаа.
—Мэдээж, энэ бол золгүй тохиолдол гэж Райс түгдрэн хэлээд
—Би мэдэж байна л даа. Гэхдээ... Бусад хүмүүс тэгж бодох болов уу?.. Би...  Үнэнийг хэлэхэд айж байна.  Бид Англид байгаа биш шүү дээ  гэв.
—Би Элсигийн мэдүүлгийг гэрчилж чадна шүү дээ.
—Тиим л дээ. Тэр ч таны үгийг батлана. Гэхдээ чухам үүнд чинь хамаг учир байна шүү дээ.
Төрөлхийн ухаалаг болгоомжтой Харольд эмгэний юу хэлээд байгааг дор нь ойлгов. Баримтуудыг дотроо харьцуулан тунгаагаад тун эвгүй байдалд орсноо ухаарлаа. Тэр Элситэй дэндүү их хамт байдаг байсан. Түүнчлэн хусан ойн учрал байна. Өнөө хоёр польш эмгэн тэднийг тун эвгүй байдалтай байхыг нь харсан. Тэд англиар ярьж чаддаггүй ч гэсэн бага зэрэг ойлгодог бол яахав? "Өшөө хорсол, нөхөр" гэдэг үгнүүдийг сонссон л байж таарна. Юутай ч болов хүүхэн түүнд уур хилэнг нь бадраах зүйл хэлсэн нь ойлгомжтой. Харин одоо Филилп Клейтон үхчихлээ. Тэр аймшигт үхэл дайрах үед Харольд Элсигийн өрөөнд байсан. Талийгаачийг Харольд цохиогүй гэж одоо батлах гээд үз л дээ. Энэ мэдээж түвэгтэй. Энэ үхэлд холбоотой бие биенээ өмөөрсөн хоёр хүний мэдүүлэг л байна шүү дээ. Тэдэнд итгэх үү?
Гэнэт айдас нь хүрээд явчихав. Тэр өөрийгөө болон Элсийг санаатай хүн алсан учир цаазлуулах ял дуулна гэдгийг төсөөлж чадахгүй байлаа. Тэгээд бас хийгээгүй хэргийнхээ төлөө шүү.  Санамсаргүй хийсэн аллагад тэднийг буруутгах болбол арай хөнгөн тусах биз. Харийн энэ оронд тийм ойлголт байдаг болов уу? Тэглээ ч гэсэн бараг дэлхийн бүх сонинуудын нүүрэнд "Англи хүний улс төрийн амжилттай байр суурийн уналт... Ууртай нөхөр юунд үхэв?... Эхнэр нөхөр, бас нууц амраг..." гэхчилэн бичих биз. Энэ бол түүний ахиц дэвшлийн сүйрэл гэсэн үг.
—Тэр хүүрийг нуучихаж болохгүй юу? Хаа нэгтээ булчихдаг ч юм уу гэж тэр догдлон асуув.
Гайхаж инээмсэглэсэн Райс авгай түүнийг улайтал ширтээд
—Хонгор минь, энэ чинь детектив зохиол биш шүү дээ. Ингэж болохгүй. Энэ бол ёстой солиотой хэрэг гэв.

Aug 20, 2014

Агата Кристи СТИМФАЛИЙН ШУВУУД

                                                    I

Харольд Уоринг зочид буудлын өмнө орших моддын сүүдэрт тавьсан сандалд тухлан тамхи нэрж суухдаа тэднийг анхлан харжээ. Гэвч тэр нуураас нааш зурайх зөргөөр ирж яваа авгайчуудыг тоосонгүй.
Харольдын төрийн ажлын туршлагаар бахархаж болно. Гучин  насанд сайдын гарын нарийн бичгийн дарга болно гэдэг амаргүй зүйл билээ. Нэг удаа бүр ерөнхий сайд өөрөө "Энэ Уоринг хол явна шүү" хэмээн үглэсэн гэлцдэг. Ер нь амьдрал Харольд Уорингт зол заяагаа харамгүй зориулжээ. Тэр залуухан, хөрөнгө бэлтэй,  эхнэртэй болж амжаагүй тэр ч бүү хэл авгай хүүхнүүдтэй орооцолдсон шуугианд ч өртөж яваагүй.
Тэр Европын хаа нэгтээ аглаг газар очиж элдэв мэдээлэл,  чимээ шуугианаас хол,  нам гүмд амралтаа өнгөрүүлэхээр шийдсэн учир Словакийн Стемпка нуурын эрэгт орших бяцхан зочид буудалд иржээ. Энд хүн цөөтэйгөөс гадна ихэнх нь гадаадын хүмүүс байлаа. Түүнээс өөр англи хүн энд хоёрхон байсан нь хатагтай Райс болон түүний охин,  хатагтай Клейтон нар байв. Тэд хоёул Харольдод таалагдна. Дөлгөөн, ичимхий, бүрэг Элси Клейтон оо энгэсэг бараг үл хэрэглэх тул гоо үзэсгэлэн нь бага зэрэг дарагдана. Хатагтай Райсыг жинхэнэ "Хатуу чанга гартай бүсгүй" гэж хэлж болохоор... Өндөр нуруутай хирнээ нарийхан дуутай тэр авгай хошигнолыг сайн ойлгодогоос гадна тун сонирхолтой харилцан ярилцагч байж чаддаг юмсанж. Харольд ч тэдэнтэй цөөнгүй цагийг тааламжтай өнгерүүлж байгаа билээ.
Буудлын бусад зочид түүний анхаарлыг ер татсангүй. Ихэнх нь аялан жуулчлагчид учир сайндаа гурав хоночихоод л яваад өгдөг байлаа. Юутай ч өнөөдрийг хүртэл бусад хүмүүсийг нэг их анзаарсангүй.

Aug 4, 2014

Номны сураг дуулгахуй

Саявтархан хэвлэгдсэн Р.Стивенсоны "Доктор Жэкил болон ноён Хайдын хачин цадиг" хэмээх  ном маань борлуулалт гайгүй байгаа нь урам өгөөд гэх юм уу, шинэ номынхоо талаар урьдчилан зарлая гэж бодлоо. Минийн санаа бол одоо зарагдаж байгаа номноос маань дараагийн номны маань хэвлэх зардал ороод ирвэл бэлэн байгаа номыг хэвлүүлэхэд төдийлөн удахгүй шүү дээ. 
Шинээр хэвлүүлэхээр төлөвлөсөн ном маань "Танд чин үнэнч зандалчин" гэсэн урьдчилсан нэртэй триллер орчуулгын өгүүлэггүүдийн түүвэр юм. Триллер бол монголчуудын ярьдгаар "аймшгийн" буюу уран зохиолын нэр томьёогоор "готын" урсгалд хамаардаг боловч хүний сэтгэлзүйн хурц хурц илрэлүүдийг өгүүлдэг онцлогтой. Ийм төрлийн зохиолууд ихэвчлэн туужийн хэмжээтэй байх боловч зохиолуудын цар хүрээнээс хамаарч өгүүллэгүүд нь мөн онцгой сэтгэл татам, эгзэгтэй, жигтэй, сонин сайхан байдаг билээ. Триллер нь детективтэй нэг талаас төстэй ч адал сэтгэлгээ ихтэй, алуурчныг олох гэсэн зорилго огт тавьдаггүй, мөн хий үзэгдэл, сүнс, муу ёр буг чөтгөрийн тухай ч хүртэл өгүүлдэгээрээ ялгаатай юм. Энэхүү түүврийг аль жилийн өмнө бэлэн болгосон байсан ч хөрөнгө мөнгөний гачаал, төдийлөн олон нийтийн сонирхолыг татахгүй болов уу гэсэн айдасаас үүдэн хэвлүүлж чадахгүй байсаар өдий хүрлээ. Мөн бага зэрэг засварлаж янзлах, сонгон шалгаруулах хэрэгтэй байлаа. Гэвч удаан тоосонд даруулах нь надад мөн л таагүй санагдах. Ингээд энэ номонд орсон зохиолуудын нэрсийг танилцуулъя. 

Гарчиг 
Роальд Даль
-Гэрчлэх баримт
Карл Петри
-Перс муур
Жэром Барри
-Цуглуулагч
Роберт Блох
-Нуурын эрэгт
-Танд чин үнэнч зандалчин
-Тавилан
Хэнри Слэзер
-Мэргэжлийнхэн ба сонирхогч
Ричард Матесон
-Товчлуур
Артур Уильяамс
-Алуурчин
Стивен Кинг
-Буг
Брем Стөүкэр
-Шүүгчийн байшин
Жон Уэст
        -Надтай ярилцаач


Эцэст нь мөнгө нь бүтдэг юм бол хэзээ ч хамаагүй аль болох хурдхан энэ номыг хэвлүүлнэ гэж л амлая даа. Бас боломж гарвал нэмээд ганц өгүүлэг орчуулаад оруулах санаатай байна. Тэгвэл нийт 13 өгүүлэг болно. Ингэхэд 13 гэдэг өрнийнхөнд их л учиртай тоо доо...