Nov 7, 2013

Артур Кларк Раматай учирсан нь


Хуучин бичиг цаасаа ухахаар сонин хачин цуглуулсан юмс гарч ирэх юм даа. Өнөөдөр тийн ухаж суугаад Артур Кларкийн тухай жижигхэн сонины тэмдэглэл нямбайлан хайчилж аваад хадгалчихсанаа олов. 
Орчин үеийн шинжлэх ухааны уран сэтгэмжийн зохиолын манлайд гурван зохиолчийг байгаа гэж үздэг бөгөөд англи хэлт орнуудад тэднийг the big three of science fiction гэдэг юм. Энэ бол Айзек Азимов, Роберт Хэйнлэйн, Артур Кларк гурав.  Эдгээр хүмүүсийн уран зохиол хийгээд шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг хэмжээлшгүй гэж болно. Тухайлбал сансрын тавган хүлээн авагч антенна болон тойрог замын хиймэл дагуулын хоорондын холбооны тухай санааг Кларк бий болохоос нь арван жилийн өмнө дэвшүүлж байжээ.

Артур Кларк 90 насалж зуу гаруй ном бичиж үлдээжээ. 1968 онд бичсэн «2001: Сансрын Одиссей» хэмээх зохиолоор нь Стэнли Кубрик мөн нэртэй кино тэр жилдээ хийсэн нь өдгөө кино урлагийн дээжсийн нэгэнд тооцогддог билээ. Анх тэр киног үзээд ихэд бахдаж байлаа. Сонгодог хөгжим ер бусын орчинтой хосолсон зөөлхөн хирнээ сэтгэл догдлуулсан кино байсан санагдана. Ихээхэн цуутай энэ зохиолын араас «2010», «2061», «3001: Сүүлчийн Одиссей» гэсэн цувралууд нь бичигдсэн бөгөөд хамгийн сүүлчийнхийг нь Артур Кларк 1997 онд наян настайдаа бичиж дуусгасан аж. Сансрын аялалын тухай эдгээр зохиолуудыг  жинхэнэ төсөөлөн бодох боломжуудаар дүүрэн, уран зөгнөл гэхэд болно. 2005 онд би Кларкийн «Раматай учирсан нь» хэмээх зохиолыг хагас дутуу уншсан юм. Санаа нь гайхалтай санагдаж билээ. Харь гаригаас ирсэн сансрын хөлөгт харь гаригийн амьтан байхгүй. Харин хөгжлийн үе шатууд байвал яах вэ? өнөө хөлөгт нь яваад орсон чинь ямар нэгэн амьтан гарч ирэхийн оронд нэг эст бие үүсэж тэгснээ өнөөх нь хөгжиж загас-хоёр нутагтан-сээр нуруутан-хөхтөн- .. .гээд хөгжлийн үед шатуудыг дамжаад байвал … «Раматай учирсан нь» бол түүний хамгийн их нэрд гарч хамгийн олон хэлээр орчуулагдаж хамгийн олон буюу утга зохиолын 7 шагнал хүртсэн зохиол нь юм. Одоо хүртэл энэ зохиолоор кино хийх гээд оролдоод байгаа боловч чадахгүй байгаа гэлцэх юм билээ.  
Тэр цэвэр англи хүн боловч усанд шумбах дуртайгаасаа болж бараг бүх насаараа Шриланкад амьдарчээ. Тэр шинжлэх ухааны уран сэтгэмжийн зохиолын бүх шагналыг хүртэж дал наяад онд алдар хүндийнхээ туйлд хүрч Английн хатан хаанаас «Сэр» хэргэм буюу тайжийн хэргэм хүртэж байлаа. Түүний «Хот ба одод» цуврал романууд «Тэнгэрийн гадаад тал», «Нарны салхи» зэрэг өгүүллэгийн түүврүүд нь уран сэтгэмжийн зохиолын хорхойтнууд уншихгүй байхын аргагүй тийм зохиолууд гэж би хувьдаа боддог юм. Харин монгол хэлээр энэ хүний ганцхан жижигхэн өгүүллэгийг уншсан санагдана…
Тун замбраагүй … ер нь юу бичээд байгаагаа мэдэхээ больчихлоо. Нэг уншууртай болж өгөхгүй байна. Ингээд дуусгачихъя…