Oct 2, 2017

Сүүдэрт гэтэх албин

Японы адал зохиолын хаан Эдогава Рампогийн "Сүүдэрт гэтэх албин" тууж монгол хэлээр орчуулагдан гарлаа. Энэ бол түүний хамгийн алдартай зохиолуудын нэг бөгөөд энэ туужаас сэдэвлэн хэд хэдэн кино бүтээсэн байдаг юм. Түүний зохиолуудыг үнэхээр хүний гажиг сэтгэхүй, хэвийн бус гэмээр секс элемэнтүүд, ухамсраас гадуур орших бодит байдал, айдас хүйдэс төрүүлэх далд ухамсрын үйлдэл, ургуулан бодох тусам биелчихэж болмоор, биелэх тусмаа цочирдон ухаан алдмаар аймшигтай явдлуудын товчоо гэж хэлье л дээ. 

Рампо детективийн уламжлалт “Cherchez la femme” (гэмт бүсгүйг хай) гэдэг арга барилыг шинэ шатанд гаргаж, гэмт этгээдийг барихаас урд үйл явдлын ээдрээнээс уншигчид таашаал өгч, зохиолын баатруудыг сайн эсвэл муу гэсэн хоёрхон талд хуваагддаг байдлыг бүрэн халсан энэ арга барилыг ХХ зууны сүүлийн хагасын бараг бүх адал явдлын зохиолчид бүтээлчээр авч хэрэглэсэн гэж хэлж болох байх. Тэр байтугай дэлхийн олон постмодернист зохиолчдод нөлөөлсөн болохыг нь жишээлэн дурьдах ч хэрэг үгүй биз.


Цагтаа Эдгар Аллан По америкийн романтизмийн үлгэр жишээ болсон бол Эдогава Рампо утга зохиол дахь модернизм хийгээд постмодернизмийн их давалгааг ажралгүй давж, тэр бүү хэл түүнтэй зохицон орчин цагийн японы урлагийн бас нэг өвөрмөц өнгө төрх нь болж хувираад байгаа юм. Өнөө “япончууд өрнөдөөс сайн сайхан бүхнийг нь сайжруулаад, японжуулаад өөрийн болгоод хуулаад байдаг” хэмээх үгийн хамгийн эхний гялалзсан жишээ нь Рампо л болж таараад байх шиг байдаг.