Dec 30, 2010

Сонгодог монгол шүлгүүд

Эхлэл. Эдгээр шүлгүүдийг би хааяа хааяа уншиж бахдан суух дуртай. Цээжинд үлдсэнээр нь сийрүүлэн бичив. Үг үсэг алдсан байж мэднэ. Гэхдээ хол зөрөөгүй болов уу? Яруу найраг унших дуртай хэн бүхэнд өргөв. Нэг гэр бүлд ийм аугаа авьяастнууд заяасан нь бас л ертөнцийн үнэн ховор учрал биш үү?

Ванчинбалын Гүлранс /1820-1851/

Өглөөний үед хасын хэмхдэг сиймгэр цонхноо ташруун
Үзэмжит өвлийн гүн уулыг цагаан мөнгөөр гадарлав.
Үзүүр үгүй хоосон агаарт мөсний хэсэг бүжиглэхүй
Өнгөт ертөнцийн тоост замд хүмүүний мөр балархай.

Зохиол бичих

Гурван ямхын хулсыг барьж эндүү ташаа бичих минь
Гутал оймсыг бартал явж нэр ашгийг хөөхөөс дээр
Гунилтай болой, таны олон энэхүү амтыг эс мэдсэн дор
Гутруу үгийг дэмийлэн миний зоригийг харин бууруулмуй.


Dec 22, 2010

Утга зохиолын "сезон"

Сул тэмдэглэл
Өдийд Монголын утга зохиолын «сезон» эхэлдэг юм шиг надад санагддаг билээ. Халамцуу найрагч зохиолчид хотоор нэг хөлхөлдөөд… сонин хэвлэлийн редакци, тэлэвийз араажавын байраар ороход бол ганц шил архи хувааж ууж утга зохиолын тухай чалчих хань бол олдож л таарна. Сэтгэл нь гэгэлзсэн, найраг шүлэг ярьсан хүн бол захаас аваад олдох. Нэрээ өөрчлөөд ч хувираагүй байгаа, зөвхөн чихэнд сайхан сонсогддог шүлэг шалгаруулдаг «Болор цом», заримдаа боож үхмээр хуудуутай тэнэг балай зохиолд шилдэг өргөмжлөл олгодог «Алтан өд», цагтаа цагаан сарын өмнө голдуу болдог байсан тэгээд түрүүлсэн зохиолуудыг нь уншихад гутармаар богино өгүүлэгийн «Утгын чимэг», өч төчнөөн жижиг шүлгийн тэмцээн гээд… Социализмын үед бол шүлгээ уянгалтал сайхан уншдаг шүлэгчид албан байгууллагын "ёолк" гэгчид уригдаж шүлгээ уншиж party-даг бас цөөн төгрөгийн шагнал авч архидсан хэргээр эхнэртээ тархидуулдаг байсан гэж түүхэнд тэмдэглэгдсэн буй. 

Nov 4, 2010

Д.Энхболдбаатар Шүлгүүд

Хөглөрөл дотроосоо сэтгэлээ эрж
Онгичил дотроо би түүртэнэ
Хөмсгөн дороосоо сарыг олоод
Онгорхой гэгээвчээр тэнгэр рүү шиднэ
Хөшиг ярж шөнийн омог сэвэлзэхэд
Ичгүүргүй харанхуй миний амрагийг таална
Хөнжлөө татах яруу тунгалаг эгшин
Өрөөгөөр нэл ялдам үнэр ханхлуулна

Oct 21, 2010

Д.Дашмөнх Шүлгүүд

Намрын салхит үдшээр гэрээс одогч хүмүүн
Навчсан хуйд ороогдон ертөнцөд уусан замхрахад
Шувууд зэллэсэн тэнгэр /……../ баргар царай мэт
Сарнисан сэтгэлийн үйрмэг бүхэн шороон /.........../ мэт…
Давчуухан энэ үдшээр тэнэж одохын оронд
Дулаан гэртээ сууж
Өөрийгөө зурвал сайхаан…
1997-2010 он

Oct 14, 2010

Г.Батнасан Нусгай

Нус нь байхгүй болсон ч хамрынх нь доорх улаан зам нь арилаагүй болохоор Нусгай гэж нэрийдэн бодов. Тэр шавар байшингийн цонхоор гадагш шагайх Нусгайг харж суулаа. Шинжилгээнийхээ хариуг бодов. Бүх юм яг таарсан. Гэхдээ ...? Тийм их зүйл болсны дараа даан ч бага юм мэдэж байх гэж. Тэгээд одоо болохгүй бол яах юм бэ? Би ч үнэхээр дүүрчихсэн тэнэг юм даа гэж бодохтой нь зэрэг Нусгай сонсчихов уу гэлтэй гэнэт эргэн харж нэг инээчихээд дахиад л цонх руу харав. Ингээд би гэж тэнэг новш үхдэг байжээ. Хамгийн онцгой үхэл бол хуушууранд хахах байж магад. Дайраад ирэхэд далай шиг байж байгаарай гээд үхэж өгнө. Яагаад гэвэл хуушуур идэж байгаад хахаад, хүмүүс инээгээд, өөрөө сандарч, салгалж, шүлс нустайгаа хутгалдаад хөөе ч гэж чадалгүй байсаар тайзны үхлээр үхэж байгаа юм.

Oct 3, 2010

П.Батхуяг Долоо хоногийн бороо

2010 оны "Утгын чимэг" богино өгүүллэгийн наадмын дэд байрын шагналт туурь

Манай хотод долоо хоног өдөр шөнө амсхийлгүй бороо оров. Эцэст нь орсон хур арилдаг ёсоор тэнгэр нэг юм тэлрэв. Эргэн тойрон хаашаа л харна нуур далай мэт их усан цэлэлзэж байлаа. Би тэр өдөр ус туучин явсаар найзындаа хүрч очтол тэдний гэр байсан жалга үерийн усаар дүүрчээ. Айх гайхах зэрэгцэн хий дэмий л ийш тийшээ гүйж дэргэдүүр яваа хүмүүсээс сурагласан боловч хэн ч олигтой хариу өгсөнгүй. Бүгд л мэдэхгүй хэмээн мөрөө хавчин одно. Булингартай тэр ус найзыг минь залгиж орхисон бололтой. Бодохоос ч аймаар юм. Гэхдээ бодохгүй гээд ч яах билээ.

* * *
Анх түүнтэй танилцах үед юунд тэгтлээ баярлаж хөөрдөг байсан нь мэдэгдэхгүй дандаа л инээж явдаг хүү байв. Зарим нэг хүн надад “хөөрхий минь тэнэгдүү юм” гэж хэлж байв.

Sep 16, 2010

С.Есениний сүүлчийн шүлэг

Би яруу найргийн үнэн хорхойтон бус. Сайхан шүлэг унших дуртай. Тэгээд л тэр... Энэ шүлгийг аугаа Сергей Есенин 1925 оны 12-р сарын 28-нд Санкт Петербург хотын "Англетер" хэмээх зочид буудлын нэгэн өрөөнд өөрийн цусаар бичиж үлдээсэн юм. Тэр өдөр яруу найрагч орчлонгоос үүрд явсан билээ... Энэ шүлгийг би монголчлох гэж оролдсон... Их хэцүү юм билээ, Бас олон найрагчдын монголчилсон хувилбарыг сонсож байсан. Үнэнийг хэлэхэд би энэ шүлгээс болоод нэг ч шүлэг орчуулахгүй гэж шийдсэн юм. Миний анхны бөгөөд эцсийн шүлгийн орчуулага... тун тааруухан...ичмээр... гэхдээ яахав нийтэлчихье...алдаа минь ч гэсэн минийх юм чинь.

Jul 1, 2010

Одоо би яана?

Би блог нээв. Зарим нэгний үгээр бол их л оройтож нээсэн гэлцэнэ. Бараг хоёр сар болж байх шиг… Гэхдээ энэ нэг их ач холбогдолгүй шахам… Өөрийн бичсэн бас англи орос хэлнээс орчуулсан юмнуудаа ганц нэг хүн уншвал яах бол гэж санаад блог нээсэн юм. Орчуулгууд бол ойлгомжтой. Хүмүүс унших хэрэгтэй байх… Харин миний бичсэн юмнууд… Хадууралгүй гол юмаа ярья.