May 18, 2012

Г.Батнасан Ижил шөнө


БИ хотын барилгууд улам өндөр, улам утга учиргүй болж, хаа холоос харагддаг асан Жанрайсэг бурхны шүтээн сүмийг хаанаас ч харж чадахаа болих цаг хаяанд ирсэн мэт санагдана. Үүнийг тойроод түүнийг орооход цагаан сүм гэнэт гарч ирэхүй үзэсгэлэн төгөлдөр хийгээд амгалангийн гэгээ татах хэдий ч мэдэж сэхээрэх хүн нэгээхэн бээр ч үгүй болсон мэт хэмээхийг бодон зогсох шүдгүй өвгөнд БИ хотын нүргээн шуугиан хумсын төдий ч хамаагүй. Тийн зогсох өвгөн явах замд нь өчүүхэн саад болсон төдийгөөс бусдаар Гандангийн дэнж рүү өгсөн алхах хоёр хүүд ч бас хамаа начиргүй аж. Түнжин толгой нь наранд гялалзах хоёр хүү хажуугаараа зөрсөн хүн бүхний өхөөрдсөн харцанд ээрүүлсээр хоёр хороолол хөндлөн алхаад багшийндаа ирж яваа нь энэ. Гандан гэдэг хэрмийн дотор залрах хуучин шинэ сүмүүдээр үл хязгаарлагдана. Харин ч замаар эмжигдсэн дэнж олон янзын өнгө төрхтэй. Өндөр нам, тэгш хазгай хашаанууд ба түүн дотор агч гэр ба байшингуудад амьдардаг хийгээд ирдэг, явдаг хэдэн зуун хүний хөл хөдөлгөөнд түүртсэн орон зам бөгөөд дээдийн номыг ягштал баримтлан буяны зам хөөсөн гэгээнтнүүдээс авахуулаад, хэлтгий энгэртэй дээл, тав арван уншлагаар хоолоо олдог лам нэртэй харчууд,  сүсэгтэнд хэрэгтэй эрээн мяраан шашны хэрэглэлийг ууттай чихэр, хайрцаг тамхитай зэрэгцүүлэн зарж суудаг эгэл бор иргэдийн их хуаран билээ.