Арван долоон насанд заадаггүй юм.
Дэнлүү савчих архины гуанз уруу зүглэхдээ
Далдуу модны дэргэдүүр заавал өнгөрөөрэй
Цэцэглэж ногоорсон далдуу модны доор суухад
Цэнгэлийн диваажинд зүүрмэглэх мэт болоод
Цэцэгс хийгээд дарсны үнэрээр сэвэх нь
Цэлэмгэр салхи хүртэл халамцсаных шүү.
Үдшийн тэнгэр, яралзах одод
Үзтэл моддын мөчрөн жаазанд гялалзаж
Эгшин бүрийг эгнэгт ширтэх нь
Эндээс анир чимээ гэдэг үргэсэн гэлтэй.
Зургаан сар, Арван долоон нас
Зуны үдэш дарс хундагалах шиг...
Бүсгүйн уруул дээр бяцхан амьтан тодорч
Бүүр түүрхэн үнсээч намайг гэж
Үг хэлээ олж ядах шиг
Үүрэглэн сэрэхэд орь ганцаар би.
Янаг гэдэг үлгэр мэт...
Яруухан үдшээр дэнгийн гэрэлд
Шаа торго шиг сайхан охин зөрөхөд
Шөнө гэдэг эцгийнх нь сүүдэр мэт санагдана.
Зөрж өнгөрсөн охины хойноос
Зүрхэлж дагах зориг алга.
Учирч цэнгэхсэн гэж бодохоос
Уруул дээр минь цэцэг дэлгэрэх адил аа.
Яруу захидлыг үзэсгэлэнт охин бичиж
Янагийн үгсээр чамайг ерөөвч
Цаг ирэхэд нөхөд чинь элэглэж
Цадиггүй охины зугаа болсноо мэдвэл
Тэр л үдэш архины гуанз руу очоорой
Тэнд чамайг шилмэл дарс шилэн жүнз хүлээнэ.
Аяндаа ирдэг буурь суурь гэдгийг
Арван долоон насанд заадаггүй юм.
1870.9.23
Орчуулсан Л.Энх-Амгалан
Тайлбар
Энэхүү шүлгийг "Улаанбаатар" хэмээх сонины 1992 оны 9-р сарын 22 -ны дугаараас авлаа. Орчуулсан хүнийг нь "Хөх зулын бичиг" хэмээх яруу найргийн сайхан ном бүтээсэн Л.Энх-Амгаланг болов уу гэж таах юм. Даанч харамсалтай нь тэр хүн УИХ-ын гишүүн болох учиртай байжээ.
3 comments:
Сайхан орчуулга.
Сайхан шүлэг.
Ёстой гоё....
Post a Comment