Jul 18, 2012

Г.Ням-Очир Тамлага нугууд


Нэг
Найман давхрын цонхоор харагдах
Намайг танихгүй, миний таниагүй
Дэлхий ертөнц гариг эрхэс
Дэмий хүсэл мөрөөдөл
Жижигхэн хүмүүс, намхан амьдрал
Жирийн бус аугаа их 
Хайр дурлал, халбага сэрээ

Хавар цагийн хөгжил баясал
Намар цагийн гуниг гутрал
Утга учиргүй юм шиг энэ бүхэн
Утга учиртай болж эргэн тойронд минь
Хөлийг минь тушиж, нүдийг минь харанхуйлж
Хөглөрч багтарч хуурч мэхлэнэ намайг
Хэрвээ чи тэдний дээрээс шүлсээ хаявал
Баатар эр, зоригтон зүрхтэн
Басамжлан доромжлогч заналт дайсан
Хэрвээ чи тэдний дээгүүр дуугаа дуулбал
Хөгжмийн зохиолч, яруу найрагч
Хэнээтэн, хийрхэгч, хий үзэгдэл…
Хэрвээ чи тэднийг дуугүй ширтвэл
Хөөрхий томоотой амьтан, ядуугийн зовлонт
Хэнд ч хэрэггүй хог шаар, тэнэмэл гуйлгачин…
Гэх мэтчилэн чамайг тэд дүрслэн ярихгүй бол
Гэртээн харих замын дэнлүү
Гэнэтхэн толгой дээр минь унаж
Эндээс холгүй эрлэг тамд аваачиж
Эрүүдэн шүүх дахин тамлахаас өөр
Найман давхрын цонхоор харагдах
Намайг танихгүй, миний таниагүй
Дэлхий ертөнц гариг эрхэс
Дэмий хүсэл мөрөөдөл
Гэх мэт өөр юу ч энд байхгүй
Ганцхан надаас өөр хэн байна?


Хоёр
Би дүйнгэ
Би dumb
Юуны ч тухай бодохгүй
Санаа зовох юмгүй
Зөвхөн өөрийнхөө төлөө амьдрах
Зөөлөн тамхи татахгүй байх
Өчигдөрүүд-чөтгөрүүдийг дурсаж 
Өмнөөс нь гуниглах, өөрөөсөө
-Хэрвээ чи үхэх болбол
Хамгийн сүүлчийн шөнийг 
Хэнтэй өнгөрөөхөө мэдэх нь алба уу гэж асуух 
Хэрэггүй гэж боддог. 
Би дүйнгэ
Би dumb
Өглөө болгон цонхоо дэлгэвч
Өгөршиж хувхайрсан энэ амьдралаа
Өөрчлөгдөнө гэж хэзээ ч итгэхгүй
Тэр өдөр нартай бай, үүлтэй ч бай
Тэнгэр ямар ч бай
Хуучин муу жийнсээ өмсөж
Халзан толгойгоо ганзагалан
Гудамж уруудан буудал ороод
Нийтийн унаанд суувч тасалбар авдаггүй
Нэг л байдаг тийм амьтан 
Би дүйнгэ
Би dumb
Унадаг, тусдаг, татдаг нь биш
Усан тэнэг мулгуу нь биш
Ажлын хэнээтэн, худал чалчигч
Архичин мансуурагч, хэнхэг өвчтөн
Аль аль нь би биш
Хэний төлөө… яаж амьдрах вэ?… гэдэг асуултад
Хэдий нь цэг тавьж, хойш нь орхиод
Хэний ч төлөө яаж ч амьдрах хэрэггүй гэдэг
Хэдэн үгийн төлөө
Эндээс бүрмөсөн явах нийтийн унааг хүлээж
Элгээн эвхэн, гараа зангидаад
Утга учиргүй тэнүүчлэгч
Би дүйнгэ
Би dumb
1997 он

Жич: Энэхүү  "Тамлага нугууд" гэдэг шүлэг нь гурван хэсэгтэй боловч төгсгөлийн хэсэг нь олдохгүй байна. Таамаглалаар бол ЮуБИ хотын Нарангийн "харанхуйд" будаатай хуурганы гал асаахаар зууханд оржээ. Шүлгийг зохиогчийн ямар ч зөвшөөрөлгүй нийтэллээ. Харин цааш нийтлэх хүсэлтэй нь зохиогчоос нь зөвшөөрөл авах хэрэгтэй. 

2 comments:

Я.Баяраа said...

saagajee saagaj.

Bexenzvrxt said...

Тийм ээ Дамба хэхэ