May 18, 2012

Г.Батнасан Ижил шөнө


БИ хотын барилгууд улам өндөр, улам утга учиргүй болж, хаа холоос харагддаг асан Жанрайсэг бурхны шүтээн сүмийг хаанаас ч харж чадахаа болих цаг хаяанд ирсэн мэт санагдана. Үүнийг тойроод түүнийг орооход цагаан сүм гэнэт гарч ирэхүй үзэсгэлэн төгөлдөр хийгээд амгалангийн гэгээ татах хэдий ч мэдэж сэхээрэх хүн нэгээхэн бээр ч үгүй болсон мэт хэмээхийг бодон зогсох шүдгүй өвгөнд БИ хотын нүргээн шуугиан хумсын төдий ч хамаагүй. Тийн зогсох өвгөн явах замд нь өчүүхэн саад болсон төдийгөөс бусдаар Гандангийн дэнж рүү өгсөн алхах хоёр хүүд ч бас хамаа начиргүй аж. Түнжин толгой нь наранд гялалзах хоёр хүү хажуугаараа зөрсөн хүн бүхний өхөөрдсөн харцанд ээрүүлсээр хоёр хороолол хөндлөн алхаад багшийндаа ирж яваа нь энэ. Гандан гэдэг хэрмийн дотор залрах хуучин шинэ сүмүүдээр үл хязгаарлагдана. Харин ч замаар эмжигдсэн дэнж олон янзын өнгө төрхтэй. Өндөр нам, тэгш хазгай хашаанууд ба түүн дотор агч гэр ба байшингуудад амьдардаг хийгээд ирдэг, явдаг хэдэн зуун хүний хөл хөдөлгөөнд түүртсэн орон зам бөгөөд дээдийн номыг ягштал баримтлан буяны зам хөөсөн гэгээнтнүүдээс авахуулаад, хэлтгий энгэртэй дээл, тав арван уншлагаар хоолоо олдог лам нэртэй харчууд,  сүсэгтэнд хэрэгтэй эрээн мяраан шашны хэрэглэлийг ууттай чихэр, хайрцаг тамхитай зэрэгцүүлэн зарж суудаг эгэл бор иргэдийн их хуаран билээ. 
Хуаран дэнжийн хүн анзаарамгүй нэгэн гудамжны өнгө алдсан модон хашааны хуучин шинэ будгаа зэвтэйгээ холин цоохортох арав илүү жилийн настай жайжгий хаалгыг татан итгэл бишрэлдээ дуугаа хурааж, гэтэх мэт болгоомжтой алхалсаар төмөр асрын дор бороо шорооноос хоргодох хуучин таван ханат гэрийн үүдийг зөөлөн тогшсон хоёр бандийг өвгөн багш нь: 
-Ээ, хүүхдүүд минь хүрээд ирлээ. Би гэдэг хүн бүр таг мартчихаад гараад явчих дөхлөө. За ороод ир ороод ир хэмээгээд түнжгэрүүдийг нь илэн угтлаа. Удсан ч үгүй таван ханатын дотор шингэн цээл хоолойгоор ном унших хоёр хүүгийн дуу цангинаж эхлэхэд өвгөн ламын хажуу гэрээс тавагтай боорцог, данхтай цай барьсан өвөө гарч багш ламын гэрийн зүг майрганав хэмээхийг бодон тэртээ дээр хөвөх цагаан үүлсийг тоононы шилээр харан суусан залуу ламын бодол үүд сэвхийтэл нээн манз цавын сав авч, аяга хураахаар орж ирсэн банди нарын буянаар сая зогсоод гэр тойрон суугаа зиндааныхаа лам нарыг харлаа. Зиндааных нь лам нар гэж өөрөөс нь нэлээд хэдэн насаар дүү залуус байх аж. Тэд арван дөрөв хоногийн туршид гэрээс гаралгүй, өрхөө таталгүй бясалгаж энэ үүрээр гатлаад одоо багахан ёслол хиймэгц гэр гэрийн зүг тарахаар зэхэж байгаа билээ. 

Олон хоног эзэнгүй хаягдсан гэртээ орж ирэхэд хур чийг сэнхийж, өлөн тоос дарсан хар тагтай ширмэн тогоо дөрвөлж дээр дүнхийн бодлогоширсоор угтлаа. Толгой өргөн хоймроош хараад палхийн дороо зог тусав. Бясалгалч ламын ядуу оромжинд хэн нэгэн голж эрээлэлгүй тухалж байгаад явсан бололтой. Жижиг бор ширээн дээр тахилд хэрэглэж байсан архины хоосорсон шил ёлтойж, хиамны хальс, талхны үйрмэгүүд хаа сайгүй хөглөрнө. Залуу лам ухахсхийн гүнгэрвааныхаа хадаг яндрыг сөхвөл голсон хүнд бол ур муутай сийлсэн, шүтсэн хүнд бол энэрэл нигүүлслийн амин судал болох дотоод сэтгэлийг хар шуламсыг номхотгон тонилгох их замыг гэрэлтүүлсэн ардаг догшин дүрт сахиус бурхан нь өрөөлдөж татсан өрхний завсраар тусах намрын нарны налчигар шар гэрлийг гийгүүлэн оршиж байх аж. Лам бодож төвдөн, гарч орж гүйсэнгүй. Шууд л шүтээн тахилаа тоос шорооноос нь салган зүлгэлээ. Таван ханатай тааруухан тавилгатай бор гэр төд удалгүй цэмбийн өнгө ороод цэлийтэл нээсэн үүд, татсан өрх, шуусан хормойгоор нэвт үлээх сэвшээ салхинд өлөн чийг хагсраад, бор цайны үнэр ханхийхэд гэрийн шар онгод баясан, бойпортой арцны үнэрт идээшиж, гүнгэрваатай бурхныхаа өмнө алга хавсран ном гүнгэнэх эзэн юүгээ сая нэг танив. Уншлага мөргөлөө дуусгасан залуу олон хоног хэвштэл завилсан хөлөө жийж одоо л нэг тухлангаа: 
-За хөө, маргааш орой явах гэж байдаг. Хэн ирсэн юм бол доо? Ахиад ирвэл ядаж уулзчихаад явах юмсан хэмээн өөрөө өөртэйгөө ярьж хэвтэв. Орой болсон хойно тэднийд огт санаандгүй гурван хүн ирлээ. Цай цүү яахав? Ажилтай явна, гэсээр хойморт нь гарч тухалсан настайвтар ширүүн дарга нь: 
-Танай үүгээр сэжигтэй хүмүүс ирсэн үү? гэлээ. 
-Ирсэн байхаа. 
Шинжсэн нүдтэй дарга нь: 
-Юу ирсэн байх гэж, улсын ажил хийж яваа болохоос мал асуугаа юу? Хэзээ ирсэн?
-Би хийд дээрээ.., эзгүй байх хооронд л ирсэн байна билээ. Хэзээ ирсний нь мэдэхгүй. Баахан юм ууж идээд явсан бололтой байсан. 
-Танай ахын хам хэрэгтэн оргосон доо ! 
Дарга шинжсэн харц хөлөөс зулай хүртэл гурвантаа ээрэхэд: 
-Ах минь яасан? 
-Ах чинь оргоогүй ээ. Та шууд цагдаад мэдэгдэхийн оронд ул мөрий нь балласан байна. Та маргаашнаас дуудсан цагт бэлэн байгаарай! 
Цаашаа юу ярих нь ламд сонин байсангүй. 
«Ах маань ямар ч байсан зүгээр л юм байна» хэмээн бувтнав. Маргааш өглөө нь урьдын адил гэрийхээ хаалганд монгол цоожоо зүүсэн мэт өлгөж орхиод хийдийнхээ зүг явж одлоо.

Арав дах хоногийн үүр цүүрээр малын хаягдсан саравчинд гурван шавь багшийн хамт ном уншин сууж байлаа. Нэгэнтээ нүдээ нээтэл саравчны өмнө талд сэгсийсэн цагаан юм гөлтийж байна. Ахиулаад сайн хартал хөл алга аа. Хөвөх мэт агаарт байх мөртөө хэн рүү очих вэ гэсэн аятай хүн бүрийг ёр гүйсэн хүйтэн нүхээрээ хайрах аж. Тэгтэл зэвүүн муухай чичивхийлсээр яг өөр рүү нь чиглэн хөвлөө. Дөхөх тусам нь аажуухнаар халуун амьсгал нь хөрч, цээжийг нь мөс шиг хүйтэн даран баглахыг мэдрэв. Түүнтэй зэрэгцээд багш ламын дуу тэнгэр дуугарах мэт цээжин дотор нь ороод цагаан гэрлээр зүрхийг нь дүүргэж газраас татан хөндийрүүлэх мөртөө очирт чагжнаас хөх гал гялсхийлгэн «Пад» гэхүйд залуу лам сая нэг уужим амьсгал авчээ. Уг нь хоёр хоногийн өмнө үхээрийн газрын доголон чөтгөрийг тонилгон номхруулахад тэр ингэж барьц алдаж олон өдрийн бясалгал ном догшрон сарниагүй юмсан. Бас л болоогүй түүхий байна даа. Тээр бага ахуйд өвгөн багшдаа номоо шалгуулаад зогсож байхад хаяа ийм сонин сэрэхүй төрдөг байсныг санав. Ямар нэг алдаа хийсэн юм шиг үргэлж л айдас түгшүүр мэдрэгдэнэ. Харин айдас гэдэг юунаас гардгийг тэр дэндүү сайн ухаарсан юмсан… Хийх байснаа хийгээгүй, хийх ёсгүйгээ хийсний дараа цаг хугацаа үнэний голд нүүрээр нь дүрэх бүрийд ийм жижигхэн айдас төрж, өрцнийх нь цаана өчүүхэн мөс гөлчигнөн хайрдаг асан. Угтаа хийхээ хийгээгүй, хийхгүйгээ хийсэн гэдэг бол нэг л үйл, үнэн гэдэг ч цаг хугацаа гэсэн ганц нүхтэй шүүрээр тасралтгүй дусалдаг мөнхийн рашаан. Цаг хугацаа үнэн гэдэг шүүрээр дусалдаг биз. 
Маргааш өглөө багш нь замаар явж байгаад гэнэт зогсож, тахир хар модны холтсон дээр буржийтал ургасан шар мөөгийг  таягаараа нүдээд: 
-Харж байна уу? Бидний сэтгэлд ч ийм мөөг битүү ургасан байгаа гэжээ.   

Сар шахуу хээрээр тэнэж нууцын эрдмийн зах зухаас үзээд гэртээ ирлээ. Баяр баясгалан цээжинд нь багтаж ядах аж. Одоо тэр нэгэнт заагийг давжээ. Шар шороо хөдөлгөн шоргоолж мэт гүйлдэх хүмүүн сүргийн өөрөөсөө болоод өрөөлөөс асуудаг бүх асуултууд нэгэнт утгаа алдахыг нүдээр үзэж, гараар бариад ирсэн болохоор ийм их баяр баясгалан төрсөн хэрэг. Бас нэгэн сайхан санаашрал хүсэл ч эзэмдэнэ. Учир нь уртаас урт харгуй зам өмнөө байгааг харсан болохоор тэр. Тэр харгуй замаар эцэлтгүй алхахад энэ насны буян заяа хүрдэг болов уу?... Ерөөлөөр үл тасрах болтугай. 

Хашааныхаа хаалганд дөхөж ирээд тэр сая нэг анзааран зогсов. Хаалга нь бүр их хуучраад хэзээ нэгэн цагт зурсан луут хээ нь одоо л нэг анзаарч хармаар тод болсон байлаа. Хоёр хоногийн өмнө ууланд бясалгаж байхад нэгэн явдал болсон нь санаанд ил. Өдөр шөнө дамнан бясалгаад иртэл өвөр дээр нь уулын могойн бор зулзага цагираглан хэвтэж байв. Залуу лам могойнд эвтэй байх болов уу гэсэндээ өчүүхэн гэдийж суугаад дахин гүн бясалгалд орсон билээ. Луут хээг харж зогсоход өнөөх лусын зулзага санагдсан нь энэ. 
Тэр шөнөдөө залуу лам ахтайгаа уулзая хэмээн бодлоо. Залуу хий агаарт сэтгэлээ дэгдээн уулын мухарт байх шоронгийн зүг нисэв. Өндөр өндөр ханан хашаанууд дээгүүр дүүлэн хоригдлуудын байр руу очих гэсэн боловч яаж ч оролдоод чадсангүй. Ямар нэгэн харагдаж баригдахгүй хашаанд тулсан юм шиг санагдана. Ингэж зүүдлээд сая нэг ухаан хагас амьтан өндийгөөд галын дэргэд суугаа аль эрт Авидын орны иргэн болсон өвгөн багшаа харлаа. 
-За хүү минь болоогүй байхад бүтэхгүй юмаар, тэгээд багшийнхаа заавар зөвшөөрөлгүй оролдоод байдгийн чинь учир юу билээ? гэж асуулаа. 
-Багшаа та амгалан морилж явна уу? Дүү минь сүүлийн нэг жил ердөө ч ирж уулзсангүй. Тэгээд л… 
-Аа чи төрийн цаазнаас тийм өндөр юмуу? Дүү чинь ч гэсэн… хэмээн зүүдлээд бас л сэржээ. 

БИ хотод намар оройн бүүдгэр өглөө эхэлж байлаа.  Энэ өглөө түүнийг мөрдөн дээр дууджээ. Очлоо... 
-Таныг хотоос гарч болохгүй, дуудсан цагт бэлэн бай гэсэн. Та ер нь оргосон этгээдтэй сүлбэлдсэн юм биш биз? 
-Үгүй ээ. Сүлбэлдээгүй. Би одоо тэгээд яах вэ? 
-Өө, яах вэ энэ тэр гээд тоглоод байна уу, үгүй юу? Таныг оргон зайлж болзошгүй гэж үзээд хорьж байцаана. 
-Би юу боллоо гэж оргох вэ? Гадуур байцаалт өгч болохгүй юу? 
-Тэрийг та мэддэг юм биш. Бид хэрэгтэй гэж үзсэн арга хэмжээгээ авна. 
-Би уг нь лам хүн. Тэгээд номын ажлаар зайлшгүй явах хэрэгтэй байсан юм л даа. 
-Лам гэнэ шүү. Сүм хийдээсээ хулгай зэлгий хийнэ, архи дарс ууж авгай хүүхэнтэй орооцолдоно. Тэгээд араа дааж чадахгүй. Лам нэртэй муусайн юмнууд. Таныг хорино оо. Тийм шийд гарсан. Ямар ч арга байхгүй. Та хотоос гарч болохгүй гэсэн анхааруулга өгсөөр байтал үл тоомсорлосон. Бид нарыг ганц муу оргодлын хойноос явдаг ажилтай гэж бодож байна уу? За одоо байцаана. Та наанаа сууж бай. Нэр хэн бэ?....  
«Нээрээ төрийн хуулинаас би өндөр билүү? Цагдаагийн газар ийм амгалан тайван газар билүү?» гэсэн авцалдаагүй бодлууд орж ирлээ.
Түр саатуулахад хоёр хоночихоод сууж байтал сураг гарав. Өнөө оргодол баригдсан гэнэ. 
-Аа, байцаагчаа өнөө оргодол баригдаа юу? 
Байцаагчийн үгийг давтан хэлчихээд: “Өнөө байхдаа яахав дээ Уг нь муу Санга шүү дээ.” гэсэн бодол араас нь дагалаа. 
Агаар дэлхий гэдэг даан ч сайхан юм даа хө. Байцаагч замдаа: 
-Та хоёрыг нүүрэлдүүлнэ. Хэрэгтэн нэг ноцтой мэдүүлэг өгөөд байгаа гэчихээд сонжсон харцаар нүд рүү нь цоо ширтэн дуугаа хураан суув. Ээрсэн бас үнэнээсээ үзэн ядаад хэзээ мөдгүй барьж аваад урж тастах гээд байгаа юм шиг харц. Танил харц. 
Байцаагчийн өрөөний үүдэнд хүлээнгээ хэдэн хүүхдүүд нэгэн үсээ хусуулсан хүүхэддээ савтай хоол өгч байгааг, арга ядсан царайнуудыг нь, хажууд нь бүр цөхөрсөн царайтай аав нь зогсож байгааг, цаана нь хоёр авгайгаар түшүүлсэн эх нь солиорох дөхсөн улаан нүдэндээ дүүрэн нулимстай сууж байгааг харж зогслоо. Ашгүй өөрийг нь дуудав. Хөөрхий муу Санга бүүр нүднээс гараад эцэж цуцсан амьтан сууж байна. Хоол өгсөн үү хөөрхийд ядаж.., Байцаагч: 
-За та суу! Энэ хүнийг таних уу? 
-Танина. 
-За хэрэгтэн Санга! Та энэ хүний өмнө өгсөн мэдүүлгээ баталж чадах уу? 
Санга дуугүй л толгой дохиж байна. 
-За тэгвэл энэ мэдүүлгээ унш. 
Санга:
-Би хамтран хэрэг үйлдсэн Загыг хэргээ өөрийн биеэр хүлээн зөвшөөрч, хуулийн өмнө өөрийн биеэр хариуцлага хүлээгээгүй гэж мэдүүлж байна. Одоо шоронд ял эдэлж байгаа Зага бол Зага биш харин Загын дүү Зэг байгаа юм. Анх би Зэгийг таниагүй мэт дүр үзүүлснээ хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгсөн Санга 200 …. 
хэмээн уншлаа. Байцаагч ерөөсөө юу ч тоож анзаарахгүй байгаа юм шиг санагдана. Учир нь тэр байнга л тэмдэглэл хөтөлж эндээс ч нэг юм авч тэнд тавиад, тэндээс ч нэг юм аваад, тэгээд гэнэт туйлбартай ширүүн харцаа Санга юмуу Зага руу цохон тогтооно. Мэдүүлгийг уншаад дуусангуут: 
-За Зэг! Таныг одоо хэн гэж дуудах вэ ер нь? Зага гэхүү Зэг гэх үү? Аан! Та хэрэгтэн Сангын мэдүүлгийг хүлээн зөвшөөрч байна уу? 
Зага ламтан: 
-Тиймээ. 
-Юу? Та тод хэлээрэй! 
-Би хүлээн зөвшөөрч байна! 
Байцаагч энэ удаад илт гайхсан төрхөө нууж чадсангүй. Даруй нэг тамхи асааж цонх руу очоод:  
-Өө за за. Та хууль завшиж гэмгүй хүнийг ялтан болговол ямар хариуцлага хүлээдгийг мэднэ биз дээ? 
-Мэдэхгүй ээ, гэхдээ хүлээхэд бэлэн байна аа! 
Байцаагч санаагүй газарт сонин хүнтэй таарсан аятай хэсэг бодолхийлэн, сонжсон харцаар нөгөө хоёрыг харж байгаад Сангыг сейфний хаалганаас гавлаад нөгөө гартай нь Загыг холбож гавлангуутаа гарч одов. Зага:
-Санга минь чи тэгж явахаар нэг сайн хоол хийгээд идчихгүй дээ. Хөөрхий, яах гэж оргосон юм дээ. Одоо ял чинь хүндэрнэ дээ. 
-Чам муу асман ламд хамаагүй. Лам болчихсоон бас, Аан?! Чамайг дамжингаас өмнө амьтан болгоно доо! За юу гөлөг минь!    

Энэ хэрэг задраад дахин битүүрэх гэж бүтэн жил долоон сарын нүүрийг үзсэн юм. Хууль бол хууль, хуулийг хэрэгжүүлэх бол хуулийг хэрэгжүүлэх байдаг хойно одоо яана гэх вэ. Бөөн шуугиан нь шуугианаар амьдрагсдыг хооллож, хуулийн олон даваа нугачаа ч өөрийнхөө ажлыг хийн хүний эрх болоод хувь заяаг шийдсэн нь багагүй урт хугацаа барсныг тооцон үзүүллээ ч ах дүү хоёрт тийм их хамаатай байсангүй. Хамаатай нь юу гэвэл төрдөө мөргөн төрийн босгосон босго бүр дээр өчгөө хэлж үнэнээ харуулж, төмөр хаалгатай жижигхэн өрөөнүүдэд үйлээ эдэлж явлаа. Сонирхсон хүмүүс шүүхийн танхимд гэрч ба ялтны суудалд сууж байсан хоёр залууг дөрвөн жилийн өмнө хэн ч ялгаж чадахааргүй ихрүүд байсан гэдэгт нэг л сайн итгэж өгөхгүй байсан юм. Далимд нь дөрвөн жилийн дотор халхын шорон хүнийг хэрхэн өөрчилдгийг ам амандаа шуугиж байлаа. Гээд яахав. Оргон зугтсан ахынхаа хэргийг ганц ч үг ган хийлгүй үүрээд гарсан дүүг, орон хийдээр нуугдаж ганц дүүгийнхээ махыг идсэн ах хоёрын тухай уйдталаа бурахыг авгай нарын аягатай цай, ах нарын шилтэй пиво, албан газруудын модон ширээ, архаг тамхичингуудын үнсний сав, алдрай багачуудын өвөө эмээ нар мартагнах шахаад байх цагт замдаа гарсан хоёр хүүгийн нэг нь хийд рүүгээ алхалж, нөгөөх нь ачаатай машинд түгжүүлээд хорихын хашаа руу орж явах үед хорвоо тэдний хажуугаар эргэлдэн өнгөрч байлаа. Ерөөлөөр тэдний зам үүрд дардан байх болтугай... 
2005 он

2 comments:

sirus said...

taalagdav.

Б.Баясгалан said...

Хэл өөртэй хүн байна шүү.