Nov 7, 2011

Г.Батнасан НАМАГ

Цаг хэмээгч өгөр гуйлгачинд насаа хишиглэсээр би нэгэнт хориод жилийн амьдралаа орхижээ. Одоо бодоход миний гэрэл гэгээ нь бадран галзуурсан эрх танхи тэр л очир эрдэнийн гэхээс аргагүй үе. Тийн бодоход гуйлгачин Цагт юу ч өгмөөргүй. Гэвч өөрийн өглөгч сэтгэл, түүний башир аргыг яах ч  аргагүй. Ийнхүү цаашилсаар төдийлөн үл хүсмээр тэр он жилүүд үрүү очно. Чухамдаа хүсмээргүй учраас л наснуудынхаа цаад уруу шидчихсэн тэр үе рүү. За энэ бодлоо түр орхин цааш явъя. Аав ээж маань ч
-Хурдал аа шигдчихнэ шүү гэнэ. Нээрээ ч хөлийг минь сорон хөхөж жаахан л удвал хөдлөх ч аргагүй болох нь ээ. Бид хийгээд бидний адил хүмүүс мөн амьтад энэ намганд амьдардаг. Энэ хөл тушсан өмхий ногоон намганд зөвхөн хөлөө зөөхийн төлөө л бүх хүчээ шавхан, өчүүхэн төдий л амсхийж ялимгүй удвал … Хаа нэгтээ шигдэн хөдөлж чадахгүй болсныг хэн нэгэн татавч эс дийлэн шигдчихээсээ айн цааш одоход дараах нь өнөөх дээр гарч зогсон амсхийгээд цааш явна. Харин шигдмэл улам шигдэнэ. Бүү хар Битгий эрэгцүүл гуйя Энэ бол аймшиг. Би, бид атаархдаг. Намаг дотуур чөлөөтэй сэлэгч намгийн гэгдэх амьтдад. Тэд чив чимээгүй дөхөн ирж, нэг л мэдэхэд хошуугаа шигтгэн, цусыг минь, цусыг нь сорно. Хамгийн их атаархуулдаг нь мэлхий. Тэр хүссэн цагтаа ил гарч хөвөн дэвхэрч, хүссэн цагтаа шумбан орно. Гэвч түүнийг урт хөлтэй шувуу ирж иднэ. Тэд нэгэн цагт бас л хүн байгаад өдгөө ийн сэлэгч, шумбагч, нисэгчид болсон бизээ гэж бодном. 
Одод дүүрэн ярайгаад, сар мэлтийн гарчээ. Хүн болгон сарны зүг баясгалантайгаар  харж
- Гэрэлт бурхан минь чи л энэ өмхий тамыг ширгээж хайрла хэмээн мөргөцгөөнө. 
- Нээрээ хатаагаасай гэж би ч бас залбирна. 
Аав минь хэзээ ч юм бэ нар гээчийг үзсэн гэж ярьдаг юм. Харин аавын дээр нь авиран байж нар харсан мод одоо хаана буйг би үл мэднэ. Хачин гэгээтэй болох үеэр өтгөн цагаан манан хөшиглөж дээрээ байтугай өмнөө байгааг ч харах аргагүй болно. Тэгээд намгаас улам бүр ханхлах өмхий үнэрт толгой эргэн шал согтож, дэндүү мангуу болж орхино. Бие маань дагжин чичрэхэд л сая сийрэн харагдах од дүүрэн ярайж сар мэлтийтэл мандсан байна. Энд тэнд солиорон байхдаа шигдэгсэд овойн, сарвайн харагдаж, зарим нь таг дуугүй, огт чимээгүй, зарим нь орилон гаслан… Харин бид мөргөлөө эхэлнэ. 
Гэрэлт бурхан минь  чи л…
1994 он

1 comment:

Anonymous said...

ene nohor ch haraaliin ugiig erool met hergeldeg hun bsn shuu