Nov 19, 2011

Д.Энхболдбаатар Awful-6 гудамжны зураг

Яагаад ч юм, энэ орчлонгийн хамгийн том хотын төв гудамж явсаар байгаад Awful-6 гудамжинд хүрдэг. Гудамжны төгсгөлд буюу энэ орчлонгийн хамгийн том хотын захад нэгэн саарал байшин байдаг. Энэ байшин одоо эзгүй. Харин урьд нь энэ орчлонгийн хамгийн том зураач энд бурхан болсон юм гэнэлээ. Тэр зураач үхсэнээсээ хойш яг арав хоног саарал байшингийнхаа гол өрөөнд хамгийн сүүлчийнхээ уран бүтээлийг ширтэж суусан юм байх аа. Тэр зургаа зурж зурж дууссанаас хойш уг суудлаасаа огт босоогүй бөгөөд энэ үед тэр орчлонгийн хамгийн эрүүл хүн байлаа. Түүнийг Странгер гэдэг байсныг хожим хотын хэвлэлд бичсэн байсан. Хамгийн сүүлийнх нь зургийг ч бас хавсаргасан байсан санагдана. Метр, метр хагасын хэртэй зотонг нэлд нь бүдэг бараан өнгөөр сааралтуулж орхисон тэр гайхамшигт зургийг нэгэн урлаг судлаач хожим «Awful death» гэж нэрлэсэн байсан.


Яг одоо би хорор хамтлагийн дууг сонсож байна. Энэ хамтлаг Странгерийн зургуудаар дуу зохиож дуулдаг, сүүлийн үед нэрд гарч байгаа хамтлаг л даа. Хамгийн анх «Awful death» зургаар нь дуу зохиож дуулсан гэдэг юм. Тэгээд л хамтлагаа «Horror» гэж нэрлэсэн хэмээн өөрсдөө тайлбарладаг. Дээрх зургийн тухай нэг судлаач «энэ бол зураг бол ердөө «Awful-6» гудамжны зураг юм. Харин сайн ажиглавал энэ гудамж тэр чигээрээ үхлийн өнгөтэй болохыг хүн бүр мэдрэх болно» гэж бичсэн байдаг. Харин миний одоо сонсож байгаа дууг тэд «This is an absolute love» гэдэг зургаар нь зохиосон юм. Странгерийн зургуудаас би түүнд л хамгийн дуртай. Нэг өдөр намайг гэртээ сууж байтал дотны шүлэгч нөхөр минь ирж Странгерийн шинэ үзэсгэлэнг үзэхийг урьсан юм. Үзэсгэлэнгийн танхимд би золтой л муужраагүй. Хамаг бие хүндрэн хөшиж толгой дүйнгэтэн ямар нэгэн хүнд металл тархинд хонхны хэл мэт савчиж байх шиг бие хачин жигтэй болж билээ. «Awful death» зургаар эхэлсэн тэр үзэсгэлэн «This is an absolute love» зургаар дуусаж байсан. Үзэсгэлэнгийн хамгийн сүүлд гарах хаалганы дэргэдэх төгсгөлийн зургийг үзээд урьдын бүх зовиур оргүй алга болж хамаг бие урьд урьдынхаас илүү саруул болсон. Гарах хаалганы зүгээс сэрүүхэн салхи мэдэгдэхүйц үлээн би тэр зургийг хамгаас удаан зогсож харсан юм. Ямар нэг саарал өнгөтэй байшингийн өмнө, гудамжинд хоёр хүн тэврэлдэн сууж нөмөрт нь цас хунгарласан байх ба наагуур цаагуур нь хүмүүс алхална. Тэр зургийг харсан хүн дагжин чичирч хүйтэн цасаар шуурсан жихүүн өдрийн зураг болохыг дэндүү мэдэрнэ. Гайхамшигтай зураг. Энэ зургийг Странгер өөрийн өрөөний хананд зориулж зурсан гэдэг. Тэр бас хананд зураачийг амьд байхад өөрийнх нь зурсан «My lovely maid» гэдэг хөрөг өлгөөтэй байсан гэнэ билээ. Тайрмал үстэй бүсгүйн буруу харсан дүрс бүдэг бараан дэвсгэр дээрээс ялгагдахтай үгүйтэй харагддаг. Дүнсгэр хүнд өнгөтэй нэг л сонин зураг. Ер нь Странгерийн зургууд бүгдээрээ ийм саарал өнгөтэй. Гайхмаар сонин өнгөтэй зургууд байдаг. «My lovely maid» гэж нэрлэгдсэн энэ бүтээлд мөнхөрсөн тэр бүсгүй зураачийн ойр тойрон дахь цорын ганц амьд амьтан байсан юм гэдэг. Странгер гадаад ертөнц /байшингийн гаднах/- ийн тухай мэдээллүүдийг энэ бүсгүйгээс л авдаг байж. Хот асар том тул бүсгүй гайхамшигтай хүн байлаа. Странгер бүсгүй хоёрын хооронд үлэмж боловсронгуй эзэн боолын харилцаа үйлчилдэг байсан гэнэ.  Хэрвээ «maid» бүсгүй байгаагүй бол Странгер гайхамшигт бүтээлүүдээ туурвиж завдалгүй дэндүү эрт үхэх байсан юм гэж ирээд л судлаачид тэр бүсгүйн тухай бичдэг. Тэдний хоорондахь «эзэн боолын хэт боловсронгуй харьцаа»-г би төдийлөн ухаж ойлгодоггүй билээ. Юутай ч Странгерийн тэр том байшингийн гол үүдний дэргэдэх бяцхан тасалгаа л тэр бүсгүйд хамаардаг байж. Гэхдээ бүсгүй энэ айлд Странгерээс илүү эрх мэдэлтэй байсан гэнэ. Странгер тэр бүсгүйг амьдралдаа ганцхан л удаа загнаж зодсон бөгөөд энэ явдал болсон өдрийн орой  «My lovely maid» хөргөө зурж эхэлсэн гэнэ. Энэ өглөө бүсгүйн хүсэл ундран зураачид тачаан эрхэлсэн боловч зураач огтхон ч хүссэнгүй. Бүсгүй уурлан түүний шинэ бүтээлүүдийн нэг болох «House dress» зургийг нь урчихсанд зураач түүнийг анх удаа зандран зоджээ. Нимгэн төмөр шугамаар бүсгүйн биеийг гувруу гүйтэл ороолгож байхдаа л түүний үзэсгэлэнд шунан тачааж байсан гэх. Энэ шөнө л Странгер өөрийн чанд дэглэмийг огоорон үүдний бяцхан тасалгаанд хоносон гэх домог шиг зүйлийг хүмүүс ярьцгаадаг. Үнэн эсэхийг тогтоох хэцүү. Харин «House dress» гэдэг зургийг зураач зурж байсан нь үнэн бөгөөд тэр зураг үрэгдэж алга болсон нь бас үнэн юм. Тэр ямар зураг байсныг бас хэн ч мэдэхгүй. Тэр ч бүү хэл дээрх бүсгүйн хэн болох, хэзээ төрсөн, үхсэн эсэх, яасан ийснийг хэн ч мэддэггүй юм. Странгерйин саарал байшинд аж төрж байсан, гэвч одоо байхгүй. Саарал байшинд бас түүнийг санагдуулах юм эдүгээ огт үгүй.
Саарал байшин одоо ер нь яаж байдаг юм бол. Энэ орчлонгийн хамгийн том хотын захад байдаг тул нэг талд нь сэжүүр нь үл үзэгдэх хот ярайж, нөгөө талд нь хээр талын бэсрэг уулс ирийлдэн чинагш одно. Энэ хот ч бас тэр мэт уулсын дунд байгуулагдсан хот. Төв гудамж нь харин яагаад ч юм явсаар байгаад нэгэн толгойн орой дээр дуусдаг. Тэр толгойн оройд Странгерийн саарал байшин байдаг. Энэ байшин хийгээд «Awful-6» гудамжны тухай хүмүүс Странгерийг санахдаа л дурсдаг билээ. Ийн дурсахдаа хүмүүс тэр хавийг «Awful death» зургаар нь төсөөлцгөөж санаанд оромгүй элдвийн адал явдлыг зохион ярьцгаадаг. Тэр ч бүү хэл энэ зууны нэгэн алдарт сэтгэл зүйчийн үндэслэсэн шинэ школийг «Странгерийн сэтгэл зүй» хэмээн шинжлэх ухааны хэвлэлд албан ёсоор тэмдэглэсэн нь бий. Түүнийхээр бол хүний сэтгэлийн үй түмэн / дөрөв бус/ темпарамэнт байдаг бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаа нь ухамсрын үйл ажиллагаанаас огт шалтгаалахгүй гагцхүү орчин ахуйгаас шалтгаалдаг бөгөөд орчин ахуйн нөлөө ухамсар, сэтгэхүйгээр дамжихгүй шууд хүний сэтгэлд нөлөөлөнө гэж үздэг. Үүнээс үндэслэн бидний мэдэх логикоос гадна сэтгэл зүйн логик хэмээх бие даасан шинжлэх ухаан байж болохыг дэвшүүлэн тавьсан. Энэ шинжлэх ухааны үр дүн бидний оршихуйг сүнс /бодит оршихуйн/ -ний оршихуйтай холбон харьцуулж чадах хамгийн зөв замыг бидэнд нээж болохыг тэрээр батлахыг оролдсон.
Оролдлого бүхэн биелдэг. Учир нь энэ бол оролдлого /бидний хөдөлгөөний нэгж/. Зөвхөн оролдлого учраас л тэр. Өнөөгийн философийн сэтгэлгээнд Странгерийн сэтгэл зүй хамгийн өргөн хүрээтэй оршин байна. Аливаа нэгэн үйлийг олон дахин юм уу удаан хугацаагаар үргэлжлүүлэн үйлдэх нь өнөөдөртөө хамгийн тэнэг хүний зан бөгөөд ийнхүү үйлдэх боломж ч байхгүй юм. Харьцаж буй зүйлийнхээ түг түмэн шинж чанаруудаас шалтгаалж хүний үйлдэл хором бүрд хувирч байдгийг үйлдэгчид өөрсдөө анзаардаггүй ажээ. Оролдлого агшин хоромд л байдаг. Ганцхан агшин ганцхан хоромд л шүү дээ. Хоёр хормын оролдлого байж болохгүй. Жишээ нь хэн нэгэн хүн хаа нэгтээ явж байна. /Хаана ч байж болно доо. Awful-6 гудамжинд байх /  Странгерийн зургууд шиг саарал өнгөтэй байшингууд. Нар хэдийнэ жаргажээ. Нөгөө хүн явсаар л байна. /Хаа хүрч яваа нь сонин биш/ Энэ гудамжны түг түмэн обьектив чанар хором бүрд түүний сэтгэцэд ээлжлэн нөлөөлөнө. /үйлдлээс нь шалтгаалан/. Ухамсар сэтгэхүй огт дамжихгүйгээр нөлөөлөнө. Гудамжны нэг харанхуй буланд хэн нэг нь цаас хумиад хаячихаж гэж бодьё. Түүнийг тэр хүн яаж ч харж болно. / Учир нь харанхуй байна./ Цаас байна гэж харсан ч энэ бол сэтгэхүйн логик бус сэтгэл зүйн логик. Учир нь энэ үед гудамжны обьектив чанарууд түүний сэтгэлд л нөлөөлөнө. Тэгэхээр харсан /сэтгэлээр мэдэрсэн/ юмаа тэрээр зөвхөн сэтгэлзүйн дотоод логикоор ухамсарлах болно. Нөгөө хүн явсаар … /Awful-6 гудамжинд шүү дээ/ Гудамжны төгсгөлд Странгерийн саарал байшин байна. 
Энэ байшинд Странгер амьдарч байсан. Одоо энд хэн ч байхгүй. Учир нь тэр үхсэн. Харин тэрээр их сонин хүн байж. Түүний амьдралын хэвшил минийхтэй огт адилгүй. Тэрээр байшингаасаа тун ховор гарчээ. Гарсан ч  гудамжнаасаа холдож үзсэнгүй. Энэ гудамжны өнгө саарал. Стангерийн үзсэн ертөнцийн өнгө. Энэ өнгө үхлийнх. Үхэл ийм өнгөтэй. Гэхдээ үхэл гэж байдаггүй. Төрөл арилжих гэж бий. Энэ нь сүнс болно гэсэн үг. Тэдний оршихуй биднийхтэй нэг дор. Дэргэд хэн нэгэн явж байгаа ч байж магадгүй. Энэ бол ерэн хувийн баталгаатай үнэн. Тэр надтай ярьж байж ч мэднэ. Түүнийг Странгер гэдэг байж ч магадгүй. Тэр намайг харж барьж байгаа. Харин би түүнийг харахгүй байна. Тэгэхээр би түүний дэргэд өчүүхэн. Тэр надаас үүгээрээ /намайг харж барьж байгаагаараа/ хувь илүү. Өөрөөр хэлбэл тэр надаас хүчирхэг байна. Тэ надад муу юм хийж чадна. Учир нь тэр намайг харж байна. Би бол муухан мэдэрч байна. Түүнийг Странгер гэдэг ч бодол априор хэлбэрүүдийн хөдөлгөөн /үйлдэл/-ий үр дүн. Яг энэ үед түүнд Странгер гэдэг нэр мангас /өнөөгийн хүмүүст сүг сүнс, тамын оргодол, цус сорогч гаж донтонгууд хийгээд сэтгэл зүйн гэмт хэрэгтнүүдийн аль нь ч төдийлөн аймшигтай бус, айшхи шулам чөтгөрүүд бол бүр инээдтэй/- аас ч илүү аймшигтай санагдана. 
Ямар нэгэн хэмжээгээр аймшиг төрүүлж байгаа юм сонирхол татдаггүй. Сэтгэлийн априор хэлбэрүүдийн үйл ажиллагаа /айдас/ явагдаж байхад зэрэгцэн орших сэтгэхүйн аливаа хэлбэрүүдийн үйл ажиллагаа /сонирхол/-ны хувь хэмжээ /тухайн орчинд/ түүнийхээс даван илүү болж огтхон ч чадахгүй. Харин сонирхол татаж байгаа зүйлс ямар нэгэн хэмжээгээр айдас төрүүлж болох юм. 
Awful-6 гудаижинд нэг ч удаа очиж үзээгүй мөртлөө би шөнө болгон зүүдлэх боллоо. Энэ орчлонгийн хамгийн том хотын сүүдэр талд орших жижигхэн саарал гудамж энгийн байж. Тэр гудамжинд Странгерийнхээс өөр амьдралын хэвшил байж болохгүй. Түүнийхээс өөрөөр амьдарч таарахгүй. Энэ гудамжинд Странгерийнх шиг тийм өнгөтэй зургуудыг л зурж болох ба тийм зохиомжуудыг зөвхөн энэ гудамжнаас л олж болох мэт...
Странгерийн амьдарч байсан жижигхэн… Энэ гудамжны эхэнд трамвайны зогсоол байдаг. Гудамжны төгсгөлд Странгерийн сааарал байшин бий. Странгерийн саарал байшингийн цаанаас энэ үдэш сар ургах учиртай. «Awful-6» гудамжинд би очиж үзээгүй. Сүүлчийн шөнө зүүдэлснээр минь бол «Awful-6» гудамж хөндлөн /ертөнцийн зүг хөндөлссөн/ байх ёстой. Харин саарал байшин яаж байдаг юм бол? Сонирхол татсан юм аймшигтай санагдаж байвч улам сонирхох нь бий. Уншсан сонссон мэдээллүүд дээрээ үндэслэн Странгерийн гудамжийг төсөөлөн ургуулсан зүүд бүхэн минь худал ч байж болох…
Оройн хичээлд хийсвэр оршихуйн сургаал /лекц/ сонсоод харьж явна. Энэ үдшийн сар Странгерийн байшингийн араас ургаж байна. Сарны гэрэл өчигдөр ужигдрийнхаас тэс өмнөө ажээ. Тэр зүгээс үл мэдэгдэм жавартай үлэмжийн зөөлөн салхи сэвэлзэнэ. Яг ийм үдэш Странгер гэрээсээ гарч сараалжин хашааныхаа үүдэнд баяр баясгалантайгаар холхидог. /Энэ бол түүний хувьд жилд ганц хоёр л тохиолдох их зугаалга/. Өөрөөр хэлбэл Awful-6 гудамжинд хамгийн сайхан үдэш болж байна. Энэ өдөр жилд ганц л удаа тохиолдоно гээд хэлчихэд буруудахгүй. Яг одоо Странгер «зугаалж» байгаа. Түүнийг надаас өөр хэн ч ойлгодоггүй, хэн ч мэддэггүй. Тэр бид хоёр тун адилхан. Бид хоёр зөвхөн бие биенээ л танина. Өөр хэнийг ч бид мэдэхгүй. Өөр хэн ч биднийг ойлгохгүй. Би Awful-6 гудамжинд очиж үзээгүй ч Странгерийг сайн танина. Урьд шөнийн зүүдэнд тэр намайг урьсан. Трамвайны буудал дээр би баяр баясгалантайгаар холхиж байна. Үдшийн бүрий хэдийнэ нөмөрсөн ч хотын гудамжинд өдөр шиг гэрэлтэй. «The wise the awful» чиглэлийн трамвай ирлээ. Ердөө цагийн дараа … Трамвайд суулаа. Баяр баясгалан минь урьдын хэвээр…Би хуучин танилындаа зочлохоор явж байна. Странгер намайг гудамжиндаа угтана. Бид Awful-6 гудамжин дахь хамгийн сайхан үдшийг хамт өнгөрүүлэнэ. Түүнд би шинэ шүлгүүдээ уншиж, түүний шинэ шинэ саарал өнгөтэй зургуудыг үзнэ. Сэтгэл зүйн априор хэлбэрүүд хүний оршин байхуйн мөн чанар байдаг бөгөөд тэдгээрийн мөн чанар нь орчин ахуй болох тухай бид ярьцгаана. Трамвай дундаж хурдаар явж байна. Би цагийн дараа л Awful-6 гудамжинд хүрнэ. Галт тэрэгний цонхоор юу ч үзэгдэхгүй, үлэмжийн өнгөт гэрлүүд л жирэлзэнэ. Нүдэнд минь харагдах бүхнийг галт тэрэгний хурд халхална. Хурд гэдэг миний хувьд обьектив оршин бүхий матери мөн. Би ердөө цаг л явна. Дараагийн буудал Awful-6 гудамж… 
1994 он

2 comments:

Я.Баяраа said...

Анх уншаад ойлгоогүй. Аххи уншаад ч ойлгойгүй. Дахин уншаад ч ойлгосонгүй ээ.

Dashka said...

Намайг бас олон жилийн өмнө ингэж хэлсэн чинь "Би чамд зориулж бичээгүй, чи надад хүрч ойлго гэж Очирбатын Дашбалбар хэлсэн" хэмээн олон нэрт хариулсан бүлгээ. Тэгэхэд л би гэнэт энэ зохиолыг ойлгосон гэж байгаа