Nov 4, 2010

Д.Энхболдбаатар Шүлгүүд

Хөглөрөл дотроосоо сэтгэлээ эрж
Онгичил дотроо би түүртэнэ
Хөмсгөн дороосоо сарыг олоод
Онгорхой гэгээвчээр тэнгэр рүү шиднэ
Хөшиг ярж шөнийн омог сэвэлзэхэд
Ичгүүргүй харанхуй миний амрагийг таална
Хөнжлөө татах яруу тунгалаг эгшин
Өрөөгөөр нэл ялдам үнэр ханхлуулна

Зөн сэрэхүйгээс минь шал ангид
Зөрүүд холын анир салхин зүгээс үүсэхэд
Үнэр ялдамд тэмүүлэн зүтгэх минь
Үүлгэр харанхуйг тэмтчин тэмцэнэ
Ичгүүргүй харанхуй амрагийг минь таалан
Ичимдэг зүг рүү нь шургалан байхад
Тэнгэр рүү шидчихсэн нүдээрээ гэгээвчээр
Тэсэн ядан ширтэх минь тарчилгана
2007.12.13-2007.12.21

***
Үзэсгэлэн араатан тэнгэрийн соёолжноо цагариглах
Үзэгдэл нэн гайхалтай тул оюун санаа балархайтах
Сэтгэл бүдэг үеийн
Сэмбэгэрдүүхэн салхинаа
Ганц цагаан шувууны сөд хийсэн намирах
Хайрын цаг-
Хаа эртийн хоёрдугаар сарын хорьдоор тохиосон
Хаваршил минь
Жимбэгэр саран чиний цонхны шилэнд галбираа тусгаж
Жилбэ илбийн цагийн хуучин сэрэхүйгээр хөшиг сэвэлзүүлэхэд
Улаан торгон цамц энгэрээ шидлээгүйсэн бол
Уйлмаар мэт хачин болохгүй байсан гэлүү, чи...?
Цонхны гэгээвчнээ харанхуй сүүтгэнэн
Гонхны исгэрээ сүмийн зүгээс бүрээдэхэд
Бор шувуу шиг зүрх чинь бөмбөлзсөн нөхцөл шалтгааны тохиол
Цор ганц аз завшааныг надад хайрлаж...

Хаалган цаана аниргүй хөвгүүн шидэт цагийг тоолон байх
Хавар цаг юутай зогсонги...
Цонхон зүг одвоос саран дурлаж мэдэх үзэмжит охин
Цочихдоо уулга алдсан нам гүм...

Жилийн жилд үзэсгэлэнт араатан тэнгэрийн соёолжноо цагаригласаар
Жимбэгэр саран цонхноо хоногших
Жил саруудын тэртээ хаалганы түгжээ торхийж
Үзэмжит охин аниргүй хөвгүүнийг гэртээ урих
Үзэгдэл сонгодог зураг мэт үүрд үлдсэнийг
Дүлий дүмбэ саран огт мэдээгүй хэвээр
Дүгрэглэн, хавиргалан,
Миний ханийн гоо сайханд
Мянгантаа дурлан шаналсаар...

Сувдын өнгөт үзэсгэлэн тодронгуйрч намайг эрхшээх үдшийн амарлин дор
Судараагийн ижий гэзэгнээсээ сар ханхлуулан
Торгон хөшиг шархийтэл татаж, өвөр сөхөн шургах
Миний үүрдийн хаваршилт цагт
Саран ганцаардмал...


“СОНГОДОГ ЗУРАГ” ХЭМЭЭХ ХҮРЭЭ ШҮЛГИЙН БҮЛЭГ


III
(Натюрморт)

Ширээ асар том, тал мэт үзэгдэнэ. Дэргэд нь миний муу шүлгийн дэвтэр даанч өчүүхэн
Шив шинэхэн үзэг хэдэн хэсэг хуга үсэрсэн ч ширээн дээр тун бага зай эзэлнэ
Эрээн мяраан болчихсон ноднингийн календарь энд огтхон ч утга учиргүй
Элдвийн хогоор дүүрсэн үнсний сав л хамгийн хэрэгцээтэй, хамгийн нандин зүйл мэт
Хэдхэн ширхэгтэй шүдэнзний хайрцаг овчарк нохойн өнгөт зурагтай
Хэзээний, хэддүгээр нь болох нь мэдэгдэхгүй “Улаанбаатар” сонины хайчилбар
Яг дэргэд нь нэг хар ялаа суучихсан том нүдтэй толгойгоо цэвэрлэнэ
Ялаанаас зүүн тийш төө хэрийн газарт миний шүлгийн дэвтэр нээлттэй үзэгдэнэ
Чухам хэд дэх нь мэдэгдэхгүй нээлттэй хуудсан дээр,
“Мянга есөн зуун наяад он. Оливагийн нөхөр Жинамаагийн хөргийг зурсан нь шал балиар үзэгдэхэд
Чингисийн байлдан дагуулалд Есүй огтхон ч буруугүй болох нь нэгэнт тодорхой болж
Рубенсийн зургийн алдааг олж харсан шигээ сэтгэл уужуу болно…” гэжээ.


Хамгийн авьяаслаг "Хүрээ хөвгүүн" гэвэл Д.Энхболдбаатар даруй мөн. Андынхаа тухай хэлэх илүү үг олдохгүй байх нь гачлантайяа. Түүнийг дэндүү сайн мэддэгтээ ч тэр байж болох юм. Тэр маш хөдөлмөрч. Роман, жүжиг, кино, яруу найргийн түүвэр гээд үзгийнх нь дороос гарсан бүхэн минийхээр бол овоо юм болно. Миний санаж байгаагаар арваад жүжиг бичсэнээс дөрөв бил үү гурав нь Драмын Театрын тайзнаа тавигдсан. Бас ч гэж төрийн одонгоос эхлүүлээд цөөнгүй шагнал хүртсэн санагдаад өөрөөс нь асуусан чинь "балайраад бай" гэв. Ямартай ч надад илгээсэн гурван шүлгийг нь нийтлэв. Хамгийн сайхан нь түүний сэтгэлгээ ямагт мохошгүй, шинэ, урамтай, үнэнхүү уран зохиолын аьяастай байдаг билээ. Хаагуур нь яаж амжуулаад байдгийн гэмээр олныг амжуулж амьдарч буй билээ миний анд...

2 comments:

Anonymous said...

Ynen shyy pad har mini. ishig shig ijildej hotiin gudamjind ohid dagaj yavahad cham shig od hyn bgaagyi bilee.Yyniig Savka bi batalna. Dashgai zairandaa heden shyleg yavuulya daa.
Savka

Я.Баяраа said...

Yaruu nairagch Zohiolch Setguulch Gurvan nert ENHBOLDBAATAR aa gej.