Нус нь байхгүй болсон ч хамрынх нь доорх улаан зам нь арилаагүй болохоор Нусгай гэж нэрийдэн бодов. Тэр шавар байшингийн цонхоор гадагш шагайх Нусгайг харж суулаа. Шинжилгээнийхээ хариуг бодов. Бүх юм яг таарсан. Гэхдээ ...? Тийм их зүйл болсны дараа даан ч бага юм мэдэж байх гэж. Тэгээд одоо болохгүй бол яах юм бэ? Би ч үнэхээр дүүрчихсэн тэнэг юм даа гэж бодохтой нь зэрэг Нусгай сонсчихов уу гэлтэй гэнэт эргэн харж нэг инээчихээд дахиад л цонх руу харав. Ингээд би гэж тэнэг новш үхдэг байжээ. Хамгийн онцгой үхэл бол хуушууранд хахах байж магад. Дайраад ирэхэд далай шиг байж байгаарай гээд үхэж өгнө. Яагаад гэвэл хуушуур идэж байгаад хахаад, хүмүүс инээгээд, өөрөө сандарч, салгалж, шүлс нустайгаа хутгалдаад хөөе ч гэж чадалгүй байсаар тайзны үхлээр үхэж байгаа юм.
Бас гэнэт үхэж болно. Маш удаан ч байж болно. Үхэл амьдрал ялгаагүй. Гэвч үхэж байна. Амьдарч биш харин маш хурднаар. Даан ч хурдан гэж бодохтой нь зэрэг Нусгай шоолоод байна уу гэлтэй дахиад л инээв. Цонх руу харсан чигтээ ход ход гэтэл инээв. Эргэж хараагүй болохоор шоолоод байгаа юм шиг санагдсан юм болов уу?
- Яагаад инээсэн юм бэ аан? гэж аль болох зөөлөн дуугарав.
- Тэрийг хараа.
- Юуг?
- Тэр нохойны нуруун дээр шувуу суугаад байна.
- Ямар шувуу?
- Болжмор.
- Инээдтэй байна уу? Чи ахиад жаахан юм идэхгүй юу?
- Үгүй ээ. Хи хи
- Яасан бэ?
- Толгой дээр нь гарсан чинь нохой толгойгоо сэгсэрсэн.
- Нохой нь боссон уу?
- Босоогүй.
- Аан за.
Тэнэг нохой. Надтайгаа таарсан төөнөг банхар. Хүн орж ирэхэд хуцах ч үгүй хараад л байж байна. Яг надтайгаа таарсан. Тэр ингэж бодоод арай л гэж өндийв. Суучихаараа босч чаддаггүй өвгөн шиг болчихож. Нусгай түүнийг дагуулан харна. Тэгснээ
- Би гадаа гарч болох уу?
- Гарч болохгүй ээ.
- Өчигдөр бас гараагүй.
- За тэгвэл хоёулаа гаръя.
- Хашаандаа юу?
- Хашаандаа
- Манай найзууд хаана байгаа юм бэ?
- Асрамжийн төвд.
- Би хэзээ очих вэ?
- Мэдэхгүй ээ. Удахгүй… Би хөөцөлднөө… Би жаахан муу байна.
- Та тэгвэл пийшингийхээ дэргэд сууж бай би гарчихаад ирье.
- Гарч болохгүй ээ.
Сүүлийнхээ үгийг нэлээд чанга хэлчихлээ. Тосоор гоож гэж. Нусгай бүлтийтлээ харж байна. Уйлах нь ээ янз нь. Аргадъя гэж бодсонгүй зүгээр зуух руугаа дөхлөө. Хамаг бие нь хөшиж янгинаад авах юм алгаа. Хажууд нь энэ Нусгай гэж ядаргаа байж байдаг. Гаргаад явуулчихаар эргэж ирэхгүй дээ. Асрамжийн газрын хүүхдүүд угаасаа оргож явах нь их. Тээнээд талийна..
- За хоёулаа тэгвэл ойрхон гарах уу?
Тэр хоёр ойрхон биш харин нэлээд хол явав. Нусгайд таксигаар явах сайхан байх шиг байв. Ангайтлаа инээгээд цонхны шилэнд нүүрээ наах шахан элдвийг харна. Харин мань эр Нусгайг хөтөлчихөөд ажил хэргээ амжуулж явав. Хүн хартай уулзав. Ил далд аргаар мэдэхгүйгээ нөхөв. Золиосоо хөтөлсөн чононцор. Эрэмдэг. Тэр хоёр нийлээд энгүүн бөгөөд эрэмдэг бус харагдана.
Өвөл өдөртөө дулаахан, шөнөдөө хүйтэн. Өвлийн шөнө нь даан ч урт.Гэхдээ салхитай өдөр… -Аа ийм балай юм бодож байх гэж.., дөхчихсөн юм байна даа хэмээн бодох шиг болтол хэлчихсэн юм байлгүй. Унгах шиг болтол, гэдэг шиг. Нусгай:
- Юу дөхчихсөн гэж?
- Аа би би.. Би дөхчихөөд байна.
- ……………...
- За за уучлаарай. Бие өвдөөд ах нь… За-а, за алив ингээд…
- Юу дөхчихсөн юм бэ?
- Цирк. Чи үзэж байсан уу?
- Үзсэн байхаа
- Яагаад байхаа гэж?
- Үзсэн юм шиг санагдаад.
- Аан за.
Санагддаг юм олон байна аа нусан жураа. Хүүхэд хулгайлчихсан явж байдаг. Нөгөө муу бөөрөө түүнийхээр солино гэсэн хэрэг. Тэгэхэд өвөл байсан.
Нэг өглөө босч чадсангүй. Үүнээс үүдээд бөөн явдал үерлээд өнгөрөхөд тэр нэг бөөрөө байхгүйтэй адил болсныг мэдэв. Тэр хөөрхий. Түүн шиг бас олон хүмүүс байсан бөгөөд даваад гарсан давалгүй наана нь унасан гээд олон янзын. Даваад гарсан болоод давах гэж оролдож байгаа хүмүүсийн яриаг сонсох нь түүний гол ажил болсон. Яриа сонсоно, ингэдэг тэгдэг юм байна гээд их юм ойлгож авна. Тэгмээр ингэмээр болно. Тэгээд элдвээр оролдоод нэмэр алга. Эмчилгээний мөнгөний ихэнхийг олох үедээ хоосорсон байлаа. Амьдрал шалчийв. Орондоо хэвтээд бодов. “За тэр бөөрийг хаанаас олох вэ?” гэж. Бодын шийр дөрөв. Ахиад л арай гэж өндийгөөд болохоос болохгүйг хүртэл бүхнийг хийж, бүхнийг хийхэд бэлэн болохоо бүх хүмүүст хэлэв. Гэвч бөөр бол будаа гурил биш ажээ. Тэгээд хэсэг хугацаа өнгөрөхөд хэцүү санаа төрөв. Уг нь тэр санаа төрөхгүй байж ч болох байсан гэж өөрөө өөртөө хэлж өрөөлийг буруутгана. Яагаад гэвэл зүв зүгээр буйдан дээрээ хэвтээд зурагт үзэж байхад зурагтаар тэр тухай ярьсан юм. “Хүүхдүүдийг хулгайлаад эрхтнийг нь наймаалдаг байх” гэж. Санаанаас нь салахгүй байсан бодолтойгоо цуг автобусанд явж байтал хүмүүс өнөөх сэдвийн тухай ярьж байна. Тэд нар бол бүр “байхаа” ч гэсэнгүй.
- Траншейны хүүхдүүд даан ч цөөрөөд байсан юм. Бүүр харагдахгүй болчихсон байгаа биз дээ. Яг тэгсэн… Тэгснээс л зайлахгүй.
- Өө, энэ муусайн юмнууд хийхгүй юм байхгүй.
- Яана аа ямар аймаар өрөвдмөөр юм бэ?
Тэр энэ яриаг чих тавин сонсож байхдаа яагаад ч юм “аймаар” гэж ярьдаг хүмүүст унтууцдагаараа унтууцаж байлаа. Аймаар өрөвдмөөр, аймаар сайн, аймаар гоё, Аймаар… гээд л ярьж гарцгаана. Хаашаа юм, ер нь! -Сайхан хооллов уу? гэхээр –Аймаар гоё… гэх юмуу хаашаа юм. Тэгэхээр чинь яасан гэсэн үг болох.. гэх мэтээр бодож суулаа. Гэвч юу бодсоноо ухаарсан ч үгүй. Ухамсар нь ухаанаа тоомсорлохын оронд хиртэй хумсаа химлэхийг илүү таашааж зүрх нь цусаар хахаад пүл пүл гэж байв. Нүд нь лугшина. Аманд нь яагаад ч юм гашуу оргиж, уруул нь өөрийн эрхгүй дарвиганаад байв. Цонхоор харж траншейны хүүхдүүдийг хайж гарлаа. Тэгсэн тийм ч удалгүй хэдэн хүүхдүүд салхи татуулан гүйлдэж харагдав. Салхи татсан нь ч юу юм. Зүгээр харсан чинь мань эрд сайхан санагдсан хэрэг. Тэр даруй өөрийгөө жигшлээ. “Ямар муухай юм бэ? түй түй” гэж бодов. Гэвч түй түйгээр хориулдаг нэг байхад хориулдаггүй нь бас бий. Өнөөх үл хориулагч харин тасралтгүй ажлаа хийсээр нэг л мэдэхэд мань эр нэлээд хэдэн хэцүү санаатай болчихсон. Тэр хооронд болсон сэтгэл зүйн нугачааг орхиод шууд ажилдаа ороход мань эр өглөө эрт гэрээсээ гарлаа. Амиа, амьдралаа, хүслээ, хүмүүсийн дунд хутгалдан сажлах цаг хугацаагаа аврахын тулд өглөө эртлэн гэрээсээ гарлаа. Түүний зорилго бол хүүхэд хулгайлах. Хүүхдийг хэрхэн хулгайлдаг тухай “супер боевик, уянгын эмгэнэлт, синтементаль, хорор дарам үзээрэй” гэдэг шиг супер кинонууд дээрээс харж байснаас хэтрэхгүй. Хэтэрхий их бодож нэгэнт шийдэн улангассан түүнийг борооны усанд нурсан нүхнүүдтэй, хүйтэн салхинд үнсээ хийсгэсэн гэр хорооллын шар саарал зам хөтөлнө. Хажуугаас нь хашааны нохдууд жон жон, хөв хөв, гув гав гэцгээнэ. Түүнд л эмзэг тусаад байгаа болохоос нохойнууд бол дулаацах гэж л өглөөний дасгал маягтайгаар хуцалдан боргоцгоож байж болох. Гэвч мань эр өчүүхэн төдий зүйлийг ч соргогоор сэрж мэдэрч явлаа. Аргагүй. Аймаар шийдвэр гаргасан шүү дээ. Хулгайлаад мөнгө нэхэхээс ч долоон дор. Жигшүүртэй бузар шийдвэр. Огиудас хүрнэ. Тэгэхэд автобусанд бас ингэж гашуу оргиж байсан. Огиудас юм байна.
Өдрийн гуравны хоёрт юу ч болсонгүй. Орой болсон хойно гуанзанд хоол идэж суулаа. Нэг муу халтар хүү нусаа татан орж ирээд хөөгдөж гарав. Тэгж байснаа дахин орж ирж хүний идээд орхисон хуушуурын зах шүүрээд туугдлаа. Гарахын даваан дээр нь мань эр зогсоов. Гуанзны хүн, хүү хоёрыг хоёуланг нь зогсоогоод чухал царай гаргаж байгаад үнэмлэхээ үзүүллээ. Сайн газрын үнэмлэхийг мянга хувааж иддэг юм байна. Нөгөө хоёр ч түмэн янзын гэгээн бодолд умбасан биз. Мань эр хүүд хоол авч өгөөд, хажуугаар нь гуанзны авгайтай хүмүүнлэг яриа өрнүүлэхээ мартсангүй. Хулгай гэдэг ийм амархан байжээ. Залуу додигор гэгч гэртээ харилаа. Гурав хоногоос өнөөх гуанзны авгай дээр ирлээ.
- За сайн байна уу эгч ээ?
- Өө сайн сайн.
- За, сонин сайхан юутай.
- Өө нөгөө хүүхдийг хооллож байгаа. Ёстой тусч сайн хүү байна лээ. Иүүийн нг нг, ямар хүний үр юм бол доо чааваас.
- Тэр хүү тэгээд ганцаараа л ирэх юмуу?
- Аа ганцаараа ганцаараа. За байз, ганцаараа гэж өчигдөр нээрээ нэг хүүхэдтэй цуг ирээд явсан.
- Та хэдэн удаа хоол өгсөн бэ?
- За байз, яг хэд билээ? Гэхдээ миний дүүгийн өгсөн мөнгө хангалттай хүрнээ. Өчигдөр, уржигдар…
- Зүгээр, зүгээр нарийн тооцоод яахав. Би танд дахиад хэдэн төгрөг нэмж өгье.
- Өө, Яах юм бэ?
- Зүгээр ээ! Та авчих, авчих. Би тэр хүүхэдтэй уулзаж ярилцах хэрэгтэй байна. Хэдийгээр ирдэг вэ?
Мань эр хүлээв, уулзав. Уулзаад тухтайхан шиг олон долоон юм асуужээ. Миний дүү сургууль соёлд ор энэ тэр гэж жаахан гэгээрүүлэв. Ах нь тусална гэж ярилцлага өндөрлөв. Гуанз, хүү хоёр хангалуун үлдлээ. Дараагийн удаад тав хоноод ирэв. Тэрнээс удвал холбоо тасрах аюултай. Тэгээд:
- Би энэ хүүд нэг орох орон бодноо. Одоохондоо халамжийн байр сулрахгүй байна л даа. Тэгэхдээ нэг юм бодно. Миний дүү хаана амьдардаг вэ?
- Энүүхэн хойно.
- Хойно гэж хаана?
- Хойно нэг байшингийн подвалд байдгийн.
- За ах нь тэгж байгаад дүүгээ нэг орох оронтой болгоноо. Ахын дүү хэдүүлээ амьдардаг вэ?
- Бид нар хэдүүлээ байдаг.
- Аан за. Энэ эгчдээ туслаад байж байгаарай за?
- За.
- За, та энэ хүүхдээр ойр зуурын юм хийлгээд унд хоол өгөөд байж байгаарай. Өөр хүүхдүүдтэй ирвэл ялгаагүй хоол өгөөрэй. Би танд хоолных нь мөнгийг төлчихнө. Танд миний утасны дугаар бий билүү?
- Байгаа байгаа.
- Хэрэг гарвал утастаарай.
Энэ хугацаанд түүний бие муудсаар л байлаа. Муудаад байгаа болохоор яараад байлаа. Тэгээд тэнд байсан хүүхдүүдийг халамжинд оруулахаар хөөцөлдөж нэлээн удаан гүйлээ. Бүгдийг нь дагуулаад шинжилгээ өгүүлэв. Тэгдэг бололтой юм ойлгуулав. Тэгээд захаас нь энэ халамж, тэр халамж руу оруулсаар эцсийн бүлэгт өнөөх нусгай бортойгоо үлджээ…
- Цирк гоё уу?
- Чи өөрөө үзсэн гээ биз дээ?
- Мэдэхгүй ээ.
- Чи намайг хар за. Би тэр цирк чинь байна.
Аа, тосоор гоожсон хар мал. Өнөөдөр юундаа ингэж уурлаад байнаа? Өвдөөд, үхэх гэж байгаа нь энэ алгын чинээ хүүхдэд ямар хамаатай юм бэ?
- За би тэгж байгаад үзүүлнээ. За?
- Хэзээ?
- Удахгүй ээ.
Удахгүй ээ. Тэр удахгүй. Тэгсэн мөртлөө Нусгайд яг эцэг шиг нь амлав. Баларсан тал руугаа шааригдаад эхэлснийг тэр нэлээд эртнээс анзаарсан. Нэлээд гэдэг нь хагас жилийн өмнөөс. Нусгайг хулгайлаад бөөрийг нь авах гэсээр байтал тэд жил илүү амьдарсан байлаа. Тэгээд сүүлийн үед заримдаа аав нь ч юм шиг байдалд ороод эхлэв. Тиймэрхүү дүр нь яс юман дээр худлаа ч гэсэн мань эрийг айлгаад байв. Яана аа ингэж байгаад… гэх мэтийн үхлээ мартагнасан хариуцлагагүй айдас. Сүртэй юм биш. Угаасаа тэр Нусгайгийн аав мэт өөрийгөө сэрдэггүй. Түүнийг одоо амьдрал хаях гээд байгаа шиг нэгэн цагт гэр бүл нь хаясан. Мань эр хэчнээн хичээсэн ч гэсэн эхнэр нь амьдралаа авч явж чадахгүй хүн хэмээн дүгнэсэн. Түүнд ичгэвтэр байгаагүй. Эхнэрээсээ багш нарын бантагнадгаар бол “Сий” үнэлгээ аваад хаягдсан. Кирилл үсгээр монгол хэлний цээж бичгийн шалгалт өгөөд гучин үгнээс “би” гэдгээс бусад хорин есөн үгийг нь алдаж латин “Сий” үсгэн үнэлгээ авч байгаатай агаар нэгэн. Тэр өөрөө кирилл үсэг мөртлөө монгол хэлийг төгс тэмдэглэх гэж улайрсан байж. Тэгж бодохоор хичээх хэрэггүй байсан ч байж болох юм. Чадахгүй юмыг яах юм. “Сий”, бүүр “Дий” авсан ч гомдолгүй. Тэр өөрөө эхнэртээ үнэлгээ өгсөн боловч философийн үүднээс авч үзээд бүх дүнг цайрууллаа. “Сий”-гээс хойш хийж үзнэ гэсэн ихэнх ажлаа хийсэн. Ж: Барилгачин, цагдаа, кондуктор, ногоочин, агнуулж үхсэн амьтны арьс өвчигч, хулгайн анчин, малын яргачин, гол усны эх цэвэрлэгч, настай хүмүүсийн асрах газарт асрагч, туслах малчин, ойн цагдаа, модны хулгайч, цахилгааны шон руу авирч янзалдаг хүн (хэн ч гэдэг билээ), нэг киноноос болоод таракторчин болчихоод шавар байшинг тарактораар түрэх гээд баригдаж.., замыг дамнуургаар хааж байгаад мөнгө хураадаг хүн, алтны нинжа, муу ус сордог машины жолооч, гм. Муу ус соруулдаг машины жолоочийн ажил хамгийн их орлоготой нь байсан. Харин нэг өдөр зурагтаар зарласан хүмүүнлэгийн аянд оролцож хүмүүст туслаад тэр чигээрээ сайн дурын ажилтан болсон. Тэгээд нэг мэдсэн чинь үндсэн ажилтан, дахиад нэг мэдсэн мэргэжилтэн ч болчихсон байх шиг. Сэтгэлээсээ сайн ажилладаг гэнээ. Уг нь мань хүнд шалихгүй мөртлөө шийдвэр гаргадаг нь таалагдаж байлаа. За чамд тусалъя, харин чи бол жаахан хүлээж бай! гэнэ. Тэнгэрлэг царайлсан гаж донтон өдөржингөө таашаал авна. Тэгсэн мөртлөө хариуцлага хүлээхийн оронд магтуулна. Угаасаа тэр өөрийгөө гажаар донтож байгааг мэдээгүй. Мэдэхийг ухамсар нууцлаад харин хиртэй хумсаа мэрэхийг түүнд санал болгодог байлаа. Донтох гэдэг ч бас хаашаа юм бэ дуршсан гэвэл онох байх. Хумсаа мэрсэн дуршигч цалин авна, сайн ажиллаа гэж магтуулна. Магтуулсандаа баярлаж байна гэж өөрийгөө хуурахыг ухамсар нь санал болгоно. Нөгөө талаар ер дуршаад байсан юм алга. Маажуургүй байх тухай биш маажсан тухай асуудал. Угаасаа тэр ганцаараа тийм юмуу. Тэгж хуарагнана. Түүнийг бүтээх гэж өвөг маань модноос буусан. Эсвэл буулгачихсан? За хадуурахаа болъё. Хэлэхээ мартсан нэг юм бол мань эр гуанзанд хүмүүнлэгийн ажилтны үнэмлэх үзүүлсэн.
Жил хагас болох хугацаанд баахан үнэтэй эм, баахан үнэтэй эмчилгээ хүртэв. Тэгснийхээ хүчинд амьдарна. Амьдралаа хайрласандаа Нусгайг хулгайлсан. Хулгайлсан гэснээс мань эр хулгайгаа хийчихээд цагдаад баригдана гэж үхтлээ айдаг байлаа. Гэвч Нусгайгийн хойноос хэн ч ирсэнгүй. Хэн ч Нусгайг нэхсэнгүй. Нусгай ч хэнийг ч нэхсэнгүй. Нэхээсгүй хүн. Төлөөс ирээгүй. Тэр хоёр ингээд хэнээс ч хамааралгүй. Бараг тайвширсан. Амь байгаа. Шүүх байхгүй. Хувь тавилан бий. Гэвч хувь тавиланг шүүдэггүй юм байна. Тэгээд эмчилгээ. Мөнгө урсаад дуусах гэж байв. Муу хар алуурчин хулгайчийг араатан гэж мэдэлгүйгээр ажлынхан нь туслахад тэр эмзэглэв. Түүний сэтгэлийн эмзэглэлийн урт түүх хэцүү. Нуршихад амаргүй. Нөгөө амийг нь тэтгэдэг, цусыг нь шүүдэг апаратанд орж байхдаа бодно. Апаратнаас гараад бодно. Апаратанд орох гэдэг цаг хугацааны нэгж. Адгах тусам нь арга эв холдоод байх шиг. Эсвэл зөвхөн бөөр биш тархи толгой хүртэл үхэж өмхийрөөд эхэлсэн аятай санагдахад бүр агдаганан салганаж, шалчиганан үсчинэ. Тэгээд юу ч олж долоохгүй. Тийм болохоор нь бүр адгана. Хачин утгаа алдсан холион бантан болно. Нам гүйдэлд цохиулан салж чадахгүй чичигнэх мэт тамын өдрүүд түүнийг хөтөлнө. Тэгээд ирэнгүүт л зүрх нь пил пил хийнэ. Пил пил хийснээ час гэнгүүт нь айсандаа палхийнэ.
Нэг өдөр Нусгайг хөтөлж яваад эрүүл байхдаа дотор нь амьдарч байсан байрныхаа цонхыг зааж үзүүлсэн. Нусгай ойлгоо ч үгүй тоогоо ч үгүй бололтой. Тэр өдөр хачин санаа, сэтгэлийн жижиг мөстөлт анх мэдрэгдсэн. Угаасаа байсан юмыг ч мэдэрсэн юм билүү хэн мэдэхэв.
Нэг өдөр Нусгай шууд гүйгээд дэлгүүрийн хаалганы араар орчихов. Яасан ийсэн гэсэн чинь юм хэлсэнгүй. Гэхдээ айсан нүдээр өөдөөс нь царайчилж, хормойноос нь зуурч ардуур нь шургав. Тэр хоёрын өмнүүр нэг спиртэнд түлэгдсэн царайтай, хавдаж харласан уруулаа сул унжуулсан, хавантай нүүрэнд нь зураас шиг болтлоо шигдсэн нүдтэй, заваан хар найрканы лүү явж өнгөрөв. Түүнийг бүр далд орсон хойно тэр хоёр арай гэж нэг хөдөллөө. Нусгай түүний гараас тас зуурчихаад байн байн эргэж харна. “Балай юм оргилдоо хүрч байгаа нь энэ дээ” хэмээн бодлоо. Нусгай одоо өөрөөс нь өмөг түшиг эрж, тэр өөрөө жинхэнэ халамжийн ажилтан, магадгүй аав шахуу болчихсон байна. Нусгайгийн хувьд шүү дээ. Тэр өөрөө бол үгүй. Дараа долоо хоногт апаратанд орж байх үедээ тэр өөрийхөө л хувьд гэгээрэх шиг боллоо. Гэгээрэл нь энгийн. Би бол новш гэж л бодсон. Илүү юм бодоогүй. Тэгээд өөртөө:
- Хурдпах хэрэгтэй. гэжээ.
Нар, нар, нар. Нар заримдаа яршигтай. Шаналгаатай. Хурц туяа. Нүд өвдөнө. Тэр яг даарсан хүн шиг хамаг биеэ хурааж гараа зөрүүлэн тэвэрчихээд зогсож байв. Гэсэн ч сайхан мэдрэмж үл төрнө. Нүүрээ нарны зүг өлийлгөчихөөд цацраг туяанаас нь сайн сайхан, энэрэл дулааныг горилно. Гэвч шаналгаа. Арьс түүнийг нарнаас зааглан хамаг л зовлон зүдгүүрийг үүсгэн шазайж байх шиг санагдана. Живаа нүхтэй, живаа үстэй муу арьс, хэдэн сая бээрийн алсад шатаж байгаа нар, дэлхий ертөнцийн бүх л амьд бодгалуудаас илүү ихээр өмхрөн муудсан мэт санагдах бие гурав нийлээд түүнийг зовоож байгаа тухай эцэс төгсгөлгүй бодол шүд өвдөх мэт. Дэлхий нарыг тойрон элэгдэж, харин тэр өөрөө дэлхий дээр зоогдчихжээ. Энэ дэлхий дээр төрөөд эндээ үхэж, эндээ ялзарна. Дараа нь өмхийрч муудсан махнаасаа хэдэн сая өт болон амилж, дахин үхэж, дахин ялзрах хүртлээ амь тэмцэн мурчиганана. Тэгээд дараа нь дахиад. Хүмүүс хэзээ ч алга болдоггүйдээ итгэнэ. Итгэл нь хүмүүсийг амьдруулдаг. Гэхдээ алга болохгүйгээр дахин дахин алга болох гэгч юу билээ гэж бодсоор дэлхий дээр гацсан жижигхэн бодгал доторх сүнс санааширна. Ийм өмхий ханхлуулсан жижигхэн бодолтойгоо нарнаас сайн сайхныг мөрөөсөн зогсоно. Түүний хувьд шинэ өдөр ирснийг нар мандах өглөө болгон ялын тогтоол мэт сануулж байлаа. Гэвч тэр өөрөө өдрүүд дамжиж амьдардаг биет болохоор сэрж босоод, салхи амьсгалж, наранд ээж байгаа нь энэ. Өдрүүд гэдэг нь зоогдсон гаригийх нь эргэлтээс болж байгаа. Харин тэр өөрөө гаригийнхаа боол болохоор шөнө нь унтаж өглөө нь сэрдэг. Ингэх ёстой гэж түүний кодонд бий. Кодолсон болохоор эсрэгээр байвал гаж юм болно. Зоогдмолын зоогдсон золгүй амьдрал. Ингэж бодохоор инээд нь хүрнэ. Тэр өөртөө:
- Тийм хялбар юм бол юундаа шаналаад байгаа юм бэ? гэв.
Хэлсэн үг нь дахиад л инээдийг үгүй хийж, дахиад л шазайлтын хэв маягт нь оруулав. Ер нь бол мань хүн тийм романтик биш. Өглөө эртэлж босоод энд тэндээс нар тусах аятайхан газар олж, нарны гэрлийг халбага эм аятай балгаж байдаг хүн биш. Сүүлийн хоёр сар бол өөрийн эрхгүй ингэж байгаа. Эхэндээ бол яахав дээ, нарны гэрлийн сайн сайхан, агаар дэлхийн ариун тунгалгийг ханатал амсаж байсан. Харин одоо бол шазайж байна. Гадаа хаясан нойтон арьс шиг өмхийрч байна. Ялгаатай нь тэр амьд болохоор ялаа батгана өтөө цацаж, өтгөнөө гаргаж, өөрсдөө хооллоогүй байна л даа.
- За хөөрхий, ийм юм бодогддог болж дээ…
гэж гөвтнөөд духаа үрчийлгэн газар ширтэж байснаа:
- Шийдсэн үү?
гэчихээд мань эр гэрийнхээ зүг сажлав. Сажлах зуураа тувт л:
- Шийдсэн үү? Шийдсэн байсан уу?
гэх мэтээр галзуу солиотой хүн шиг үглэж явлаа. Алуурчин новш солиорчихов уу? Хажуугаар нь зөрсөн золбин нохой хүртэл хэсэг саатаад түүнийг гайхан харжээ.
Хориод хоногийн дараа нэг хүн гудамжны архичинг гудамжинд нь дарж унагаад онц хэрцгийгээр зодож тэр бүү хэл хутгалсан тухай шуугив. Өдрөөс авахуулаад л бүх телевиз тэр тухай улиглан ярихыг Нусгай асрамжийн газрын зурагтаар бүлтийтэл харж байлаа. Гурван цагийн мэдээнээс эхлэн мэдээлэл арай тодорхой болов. Зодогч этгээд зодуулагч этгээдийг алахыг санаархан хутгалсан боловч, золгүй архичныг олон давхар хувцас нь аварчээ. Тэгээд зогссонгүй хэн нь ч яасан юм, зодогч этгээд гуяндаа хөнгөхөн шарх авсан байна. Төвийн нэгэн дэлгүүрийн үүдэнд цастай цардмал дээр хүрэнтэн тунарсан цусыг харуулж, дараа нь зурагтын ах эгч нар сүрхий царайлчихсан олдсон мэдээндээ урамшин ам булаалдаж, хажуугаар нь улс нийгмээ энд тэндээс нь эргэцүүлэн шүүмжилж зогсохыг салж чадахгүй харж суугаа, яагаад салахгүй хараад байгаагаа ч тийм сайн ойлгохгүй байгаа Нусгай энд найз нартайгаа байгаа ч муухай ааштай нэг хүнийг санана. Асрамжийн газрын захирлын өрөөнд нотариатч өвгөн цаас дэлгээд Нусгайд гэрээслэсэн цөөхөн хэдэн төгрөг бүхий хадгаламжийг захирал болоод бас бус хүмүүст танилцуулж байлаа. Захирал бодолд дарагдана. Хохирсон архичинг Нусгайгийн аав гэж цагдаа хэлсэн. Харин таван хананы цаадах цонхны тавцан дээр Нусгай ямар ч гэрээслэл, ямар ч архичингүйгээр өөрийнхөө амьдралыг эргэцүүлж суув. Анх удаа биш. Түүний насны хүү амьдралын тухай эргэцүүлнэ гэдэг өөрөө дэндүү гунигтай. Гэвч Нусгайгийн сэтгэлд юу ч эс төрж, хаашаа ч үл хөдөлнө. Зүүрмэглэхээр нүдээ аниад удалгүй гансартал эвшээжээ.
Жич: Энэ удаа бидний хамгийн даруу "хүрээ хөвгүүн" болох Г.Батнасангийн өгүүллэгийг тавьлаа. Монгол хэлний зүйн мэргэжилтэй, билэг зүйн асуудлаар диплом хамгаалсан энэ залуу телевизийн уран бүтээл хийж нөгөөх юу ч билээ шагналыг аваад амжсан. Өдгөө ч бас камер кадр энэ гээд л явдаг ... Харин би бол дотроо түүнийг жинхэнэ writer гэж санадаг. Яагаад ч юм бэ тэр мань хэддээ хааяа бичсэнээ үзүүлдэг болохоос энд тэнд аваачиж хэвлүүлэх, уралдуулах гэх мэт огт байхгүй. Биччихээд дараа нь хаана хийснээ олдоггүй юм гэж тайлбарлаад байдаг юм. Шахаж шаардсан надад энэ өгүүллэгийг е-майлаар явуулсан байх юм. Ядаж нэгийг олсон юм байлгүй...
5 comments:
Goyo uguulleg baina... sengenetel togsoj baina shuu. Volteriin *yavj gazraa hagalya daa* gedeg ch biluu, teren shig l ...
Ta HUYAGAA ahad heleech
BAAJII guain heden uguullegiig hevluulne gd odoo hurtel gargahgui yum.
goyo uguulleg baina shuu, Bayrlalaa
sain uguulleg boljee, uneheer writer yum baina.
Onisogo shig sanagdlaa. Goe ugyylleg bna. Amjilt husie.
Post a Comment