Oct 3, 2010

П.Батхуяг Долоо хоногийн бороо

2010 оны "Утгын чимэг" богино өгүүллэгийн наадмын дэд байрын шагналт туурь

Манай хотод долоо хоног өдөр шөнө амсхийлгүй бороо оров. Эцэст нь орсон хур арилдаг ёсоор тэнгэр нэг юм тэлрэв. Эргэн тойрон хаашаа л харна нуур далай мэт их усан цэлэлзэж байлаа. Би тэр өдөр ус туучин явсаар найзындаа хүрч очтол тэдний гэр байсан жалга үерийн усаар дүүрчээ. Айх гайхах зэрэгцэн хий дэмий л ийш тийшээ гүйж дэргэдүүр яваа хүмүүсээс сурагласан боловч хэн ч олигтой хариу өгсөнгүй. Бүгд л мэдэхгүй хэмээн мөрөө хавчин одно. Булингартай тэр ус найзыг минь залгиж орхисон бололтой. Бодохоос ч аймаар юм. Гэхдээ бодохгүй гээд ч яах билээ.

* * *
Анх түүнтэй танилцах үед юунд тэгтлээ баярлаж хөөрдөг байсан нь мэдэгдэхгүй дандаа л инээж явдаг хүү байв. Зарим нэг хүн надад “хөөрхий минь тэнэгдүү юм” гэж хэлж байв.
Харин би нэг л мэдэхэд өнөөх “тэнэгдүү” хүүтэй ойр дотно үерхэх болов. Намар орой голын харгиа чагнаж суухтай нь анх тааралдсан юм. Байгалийн тийм уянгалаг хөгжмийг шимтэн сонсох түүнийг би ямар нэгэн нууцлаг увдистай гэдгийг нь мэдрээд байсан боловч чухам ямар гайхамшигтайг нь мэдээгүй билээ. Түүнд дөхөж очоод, дэргэд нь суусан боловч тэр намайг анзаарсангүй.

- Голын харгиа чагнах сайхан шүү? гэсэн тэр огт хариу хэлсэнгүй. Тэр байтугай надруу эргэж ч харсангүй. Дотроо жаахан эгдүү хүрч “энэ муу тэнэг чинь яасан их зантай амьтан бэ? хэмээн бодоод нилээд хөндий дуугаар:

- Хүмүүс чамайг тэнэг гэх юм билээ. Чи яагаад дандаа ганцаараа ярьж, инээж явдаг юм бэ?

Харин энэ удаа тэр над руу харж, удаан гэгч марсайтал инээгээд, ус руу заав. Голын ус тунгалагшсан намар цаг тул ёроолын чулуу бүхэн өнгө ялгаран харагдана. Үнэхээр үзэсгэлэнтэй ажээ. Хэдий жирвэлзэн одох урсгал ус ч хүүхэд багын минь гэнэн цагаахан дүрсүүд тодхон үзэгдэнэ. Тэр над руу дахин марсайтал инээснээ, угаалгүй удаад ширэлдсэн халимагтай толгойгоо маажиж:

- Чи хөгжим тоглож чаддаг уу? гэж асуув. Хариуд нь би зөвхөн толгой сэгсрээд, мөнгөлөг хайрс нь наранд гялалзаад урсгал өгсөж яваа жараахайн сүргийг ажин суув.

Хаашаа юунд ч юм бэ, яаран сүрэглэж явах тэр л загаснууд надад амь нэгтэй ахан дүүс мэт санагдах бөлгөө. Тийм олон загас сүрэглэн явахыг хараад ихэр тугал шиг ижилдэн дассан хэдэн муу нөхдөө санадаг юм. Тэд нарын минь нэг гэтэл усанд гэртэйгээ живчихсэн байдаг.

* * *
Яаран сандран гүйсээр цагдаагийн газар ирлээ. Тэнд нэг гэр байсан юм. Гэтэл одоо үерийн усанд живсэн байна гэсэнд жижүүрийн бололтой цагдаа намайг их л сэжиглэнгүй харснаа, газрын зураг гаргаж удаан гэгч нь гөлөрснөө:

- Иргэн та тэнд гэр байсан гэдгийг баталж байна уу? Бидэнд байгаа зураг дээр таны хэлээд байгаа газар юу ч тэмдэглэгдээгүй байна даа? Андуурч эндүүрээгүй биз гэлээ. Хариуд нь би:

- Муу найз минь тэнд хүн бүхэнтэй зөрсөөр яваад гэр барьж билээ. Гол нь жалганд нэг жижигхэн горхи урсдаг байсан юм. Тэр горхины хоржигнох чимээг сонсож байх гэж тэр шүү дээ?

- Тэгвэл зөвшөөрөлгүй газар буусан айл байна шүү дээ? Алив очиж үзье гээд ширээнийнхээ араас дургүй нь аргагүй өндийв.

Үерийн ус нилээд багасчээ. Найзын минь гэрийн төмөр яндан лаг жавраар дүүрсэн жалганд ёрдойж харагдана. Урсалгүй үлдсэн нь хачирхмаар.

* * *
Тэр над хоёр уулын орой дээр гарч суух дуртай байсансан. Уул өөд өгсөж явах замдаа надтай юу ч үл ярина. Зөвхөн өндөр оргилыг гүн хүндэтгэлтэй ширтэж, тэнд хүрвэл ч сайхан хөгжим олж сонсоно доо? хэмээн надад сонсогдохоор чанга хэлдэг байлаа. Өндөр уулын оргил дээр салхи ямархан сайхан хөгжим эгшиглүүлдгийг бид хоёр хачин сайн мэддэг байлаа. Уулзах тоолондоо тэр саяхан Чайковскийг сонслоо. Хэдэн зуу дахин сонссон ч сонсох бүхэнд шинэ шинэ ухаан нэмэх юм. Бетховен, Моцарт хоёрт нэг гайхамшигтай ижил гүн ухаан бий. Түүнийг чи мэдрэх хэрэгтэй. Ялагдашгүй байх, үргэлж тэмцэгч байхын хүслэн. Ямар их хүсэл байдаг гэж санана.

- Чи төгөлдөр хуур тоглож сурмаар юм. Чам шиг хүнд хөгжим тоглож сурах амархан байлгүй. Надад ч бол барахгүй даваа.

- Хүн бүхэнд л хөгжмийн авьяас байдаг гэнэлээ. Надад хөгжим тоглохоос илүү ер бусын хүмүүсийн зохиосон хөгжмийг тэр тусмаа байгаль гэдэг энэ агуу зохиолчийн хөгжмийг сонсох, мэдрэх хувь оноосон бололтой гээд удаан гэгч нь марсайтал инээж билээ.

Их сургуульд хөгжим судлаачийн ангид орж суралц гэж түүнд олон удаа зөвлөсөн боловч тэр надаас зөрсөөр байгаад байгаль шинжлэлийн ангид орсон юмсан. Байгалийн хөгжим судлаач болно гэж хатуу шийдсэн ажээ. Тэгээд ямар сайндаа горхи дагаж жалган дотор гэрээ барихав дээ? Үнэхээр түүний амьдралд хөгжим үгүй бол ямар ч алтан сэнтий, мөнгөн ширээ байлаа ч тоож үзэхээргүй” тэнэг” хүн байсан даа?

Усанд шумбагч багийнхан олон удаа шумбан байж найзыг минь олж гаргав. Хөөрхий минь, үхэлтэй усан дотор л уулзах учиртай байж дээ? Хөдөөлүүлснээс нь хойш яг долоо хоногийн дараа зүүдэнд ирэв. Марсайтал инээснээ ” бороо шаагиж эхлэхэд надад гэрээсээ зугатаж гарах боломж байсан. Даанч хүсэл байгаагүй. Чи бид хоёр дандаа л усны инээх сайхан дууг сонсож байснаас уурлан архирах дууг нь сонсож байгаагүй биз дээ? Би тэгээд үерийн усны дууг л сонсож мэдрэх гэсэн юм. Үнэхээр гайхамшигтай юм билээ. Бүр гайхамшигтай, айдас төрүүлэхүйц юм билээ гэснээ усанд угаагдаж зөөлөрсөн халимагаа арагш нь илээд:

- Надад чамаас өөр найз байхгүйг чи мэднэ. Би хэнтэй ч чамтай адил ойлголцож байгаагүй. Урт удаан насалсангүй. Тэгээд ч бусадтай адил яриад байх түүх намтар байхгүй. Гэхдээ нэг “нууц” бий. Түүнийгээ би хэзээ нэгэн цагт ярина гэж боддог байсан юм. Гэвч амьдадаа амжсангүй.

- Нууц, аа.

- Тийм, ээ. Яах аргагүй нууц. Аав ээж хоёр минь хэлгүй дүлий хүмүүс байсныг чи мэднэ. Тэд минь намайг хүүхэд байхад өөрсөд шигээ хувь дутуу болж төрөөгүйд яаж баярладаг байсныг тод санадаг юм. Хоёр талд минь суугаад хөгжим сонсгодог байлаа. Хоюулаа уйлдаад л суудагсан. Тэгээд ээлжлэн духан дээр минь үнсэж, аав минь босоод хөл гараа савчин бүжиглэдэг байв. Түүнийг харсан би тэсэлгүй инээд алдана. Намайг дагаад ээж минь ч гэсэн учиргүй чангаар инээнэ. Ямар сайхан байсан гэж санана. Тэр хоёроосоо би хөгжмийг сонсох бус харин мэдрэх нь чухал гэдгийг ойлгосон юм шүү дээ?

- Тэгээд чи надаас юуг нууцлаж явсан юм бэ?

- Арван найм, естэй байх үеэс миний сонсгол муудаж эхэлсэн. Харин таван жилийн өмнөөс бүр юу ч сонсохоо больсон юм, аа.

- Чи надтай зүгээр л ярьдаг байсан шүү дээ?

- Тийм, ээ би чамайг сонсдоггүй байсан. Харин чамайг мэдэрдэг байсан юм. Ертөнцийг сонсох бус харин мэдрэх нь чухал шүү дээ? Би олон жил сонсох бус мэдрэхэд л өөрийгөө зориулсныг чи гадарлаагүй. Бүгд л намайг…

Найз минь нэг их уртаар санаа алдснаа “ За муу найз нь ээж аав хоёрыгоо зорих цаг болжээ. Үзэх, харах, үнэрлэх, амтлах сонсох чухал биш бүгдийг мэдрэх л” гээд утаа мэт замхран алга болов.

Өглөө сэрээд би цонхоор харж зогсохдоо ”сонсголтой мөртлөө дүлий, нүдтэй мөртлөө сохор” хүмүүсийн тухай бодлоо.
2009 он
 
 

Жич: Утга зохиолын "Хүрээ хөвгүүд" бол ганцхан миний өмч биш. Энэ блог минийх ч www.ubboys.com бол "хүрээ хөвгүүдийнх". Иймд "миний..." анд нарын уран бүтээл тавигдах нь зүйн хэрэг. Бидний дундаас хамгийн хөдөлмөрч нь болох П.Батхуягийн бүтээлийг тавьж байна. Энэ бүтээлийг андынхаа зөвшөөрлөөр нийтэлж байна. Анд маань бас ч үгүй эдүгээ цагийн монголын хамгийн олон уншигчтай зохиолчдын нэг, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт энэ тэр элдэв цол гуншинтай... Харин надад бол хорин жилийн өмнө танилцсан шүлэг унших сонсох хачин донтой, тэр үед моод болж байсан пинтүү халимагаа сэгсэрч байгаад л нүдээ гялалзуулан уран зохиол ярьдаг бор хүү хэвээрээ л байгаа юм. Тиймээс түүнийгээ элдвээр хэлж уурыг нь бардаг гэжуугаа... Гэхдээ түүний бүтээлүүдийг унших бүртээ өөртөө гэмшиж түүгээр үнэн бахархдаг билээ. Ядаж уран бүтээл хийж байгаа түүн шиг хүмүүсийн дэргэд байх нь маньд сайхан санагдах юм даа...хөдөлмөрч зан нь ч халдах шиг... орчин тойрон арай өөр ч болчих шиг...

No comments: