"Аравдугаар сарын наадаан" бол "шинэ" ном биш, гэхдээ "хуучин" ном бас биш.
Энэ номонд Роберт Блох, Ричард Матесон, Рэй Брэдбэри, Брэм Стөүкэр, Стивэн Кинг гэхчилэн өрнөд төдийгүй дэлхий даяар нэр нь дуурссан зохиолчдын 13 бүтээл орчуулагдан багтсан бөгөөд тэдгээр нь бас ч гэж нэр цуутай зохиолууд болохыг дурьдсу. Эдгээр зохиолуудын хамгийн залуухан нь өнгөрсөн зууны ерээд оноос өмнөхөн бичигдсэн байгаа болно. Ер нь бүгд л өнгөрсөн зууны бүтээлүүд л дээ. Хорин таван жилийн өмнө гээд бодохоор эдгээрийг шинэ гэж хэлж яавч боломгүй.
Гэхдээ... гэхдээ монголд бол хуучин номонд бас тооцогдохгүй би дотроо бодож байгаа билээ. Энэ түүвэрт орсон зохиолууд нь манайд магадгүй соёолохын төдий эхэлж буй утга зохиолын урсгал болох "готын роман"-ы ай савд хамаарагдах триллерийн мундаг сайн төлөөлөл болж чадна. Триллер нь үйл явдлын өрнөлөөсөө шалтгаалан ихэвчлэн тууж хэлбэрээр бичигдсэн байх боловч энэхүү номыг уншвал ур чадвар сайтай, авьяаслаг зохиолч хэрхэн богинохон хэрнээ амттай бичиж болдогийг, тэр нь хэзээ бичигдсэнээсээ үл хамаараад он цагийг элээн хүний зүрх сэтгэлийг хөндсөөр байхыг та үзэж болно. Триллер гэдэг бол эгзэгтэй, жигтэй, адал сонин шийдэлтэй, аймшигтай бас сүнс хий үзэгдэл буг чөтгөртэй зохиолыг хэлдэг. Детективээс ялгаатай нь гэмт хэрэгтнийг илрүүлэх зорилго тавьдаггүй. Ерөнхийдөө бол насанд хүрэгчдэд зориулсан тодорхой хүрээний үлгэр юм даа.
Хүний сэтгэхүйг загварчилж болохгүй учир хэн нэгэн зөвхөн Нобелийн шагналтнуудыг уншдаг гоц амьтан байхад өөр нэгэн "аймшгийн" зохиол уншаад л сууж байх хүсэлтэй байдаг болох болов уу гэж найдаж байна. Чухам тийнхүү бодсоны үүднээс тантай өөрийн орчуулсан "Аравдугаар сарын наадаан" хэмээх багавтар номыг хуваалцахыг хүснэ. Энэ төрлийн бүтээлд дурлагсад болон иймэрхүү зохиол бүтээл бичихийг хүсэгчдэд ширээний ном болохуйц бүтээл болсон гэж би баттайяа хэлж чадна. Тухайлбал энэ номонд орсон Ричард Матесоны "Button, button" /Товчлуур/ хэмээх үгүүллэг 1970 онд анх хэвлэгдсэн бөгөөд энэ зохиолоос сэдэвлэн нэг радио жүжиг, хоёр кино бүтээсэн аж. Хамгийн сүүлд 2009 онд "Хайрцаг" /The box/ гэдэг кино бүтээж гол дүрд нь Камерон Диаз тогложээ. Энэ номонд багтсан бүтээлүүдийг би өөрийн үзэмжээр сонгон авсан нь өрөөсгөл байж болох ч шилдэг сайныг нь хичээнгүйлэн түүвэрлэсэн билээ. Уулын модноос олон бүтээлүүдээс дуртайгаа сонгож унших нь уншигч таныг эрх ч миний сонголт муудаагүй гэдэгт итгэж болно.
No comments:
Post a Comment