Sep 25, 2013
Франц шүлгүүд
Блез Сандрар
Наран жаргах
Бүхий л хүн наран жаргах тухай ярьдаг
Бүхий л аялагч тэр нутгийн наран жаргах тухай нэгэн дуугаар ярьдаг аа.
Хорвоод, зөвхөн наран жаргах тухай өгүүлсэн олон ном бий.
Халуун орны наран жаргах нь
Хамгийн яруухан өнгө тансаг байдаг ч
Харин би наран ургахад илүү дуртай.
Үүрийн туяа
Үүнийг би нэг удаа ч алдаж байгаагүй
Нүцгэн
Гүүрэн дээр зогсоод
Гав ганцаараа би, наран мандахыг шимтэн хардаг.
Гэлээ ч би үүрийн туяаг уулгалан магтахгүй ээ.
Ганцхан өр зүрхэндээ өөрөө өөртөө л хайрлана аа.
Баия
Булан тохой, сүм хийд, далдуу модод, шоон байшингууд
Салхи хүүдийлэн тэгширсэн өмдний том шуумаг мэт хос далбаат аварга завиуд
Давалгаа долгисын хооронд тонгочих аварга загасны сэрвээ мэт бяцхан завиуд
Шар цэнхэр
Шавар ваар шиг өнгөтэй босоогоороо нүүгэлтэх бөөн үүлс
Баия бол Бразилийн зүүн эргийн нутаг
Шарль Бодлер
Мөнхийн Венера
Үлэмжийн гоо царай төрхөнд:
Хангалуун төрх
Гунигтай төрх
Хуумгай төрх
Жудаггүй төрх
Хүйтэн төрх
Хянамгай төрх
Харгис төрх
Хонзонт төрх
Шаналгаат төрх
Өширсөн болчимгүй гэнэхэн төрх
Үнэндээ эд бүгдээрээ багтжээ.
Поль Варлен
Намрын дуулал
Намрын хийлийн цурхирах урт аялгуу
Нэг л янзын уйтгарт живсэн зүрхийг минь шархлуулна.
Бүх юм бүгчим
Царай зэвхий цагаан
Үхэх цаг болоход
Өнгөрсөн амьдралаа
Эргэн дурсана.
Эрхгүй нулимс урсана.
Би алхана.
Үлээх салхи
Үхэл үрүү түлхэнэ.
Энд тэнд
Унасан навчис
Ив ижилхэн үзэгдэнэ.
Жак Прэвер
Яармаг
Хүрхрэн буух голын урсгал сөрөн
Хөвж одох чөрх загас аз жаргалтай.
Оргилон байх халуун цусан дотроо
Онцгой цохилох хүмүүний зүрх аз жаргалтай.
Эгэл жирийн ардын дууны дахилтыг
Энгийн нэг хэмнэл ч үгүй саарал аяаар
Бужигнах тоосон дунд орилуулан суугаа
Баян хуурч ч бас аз жаргалтай.
Яармаг нээгдсэний баяраар учирсан
Янаг амрагууд аз жаргалтай.
Цагаан морь унасан хүрэн бор царайтай
Цахилуулан давхиж яваа жаахан бүсгүй аз жаргалтай.
Хацартаа баясал тодруулж түүнийг хүлээх
Хар нүдэн залуу аз жаргалтай.
Хүндэтгэлийн тавцанд хэдийнэ заларч
Хорвоог орхигсод ч бас аз жаргалтай.
Толгойдоо цагаан алчуур зангидсан
Тарган авгай аз жаргалтай.
Таваг халбагаа харжигнуулах
Зөнөг хөгшин ч аз жаргалтай.
Өлгий дотроо үнэгчлэн байгаа
Өөдөсхөн жаалууд бүгд аз жаргалтай.
Харин …
Хүмүүний цээж үрүү онилон шагайж
Хүрэн зүрхэнд харааг нь тааруулж
Цэц шалгахаар буу барьсан
Цэрэг эрс л уйтгар гунигтай.
Франц хэлнээс орчуулсан А.Баасандорж
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment