Apr 8, 2013

Яах вэ?

Би ч ном хэвлүүлж хашрахгүй хүн бололтой. Өөрийнхөө мөнгөөр хэвлүүлээд л "шатаад" байх нь тэр. Түрүүчийн хэвлүүлсэн номуудын борлуулалт тааруухан. Элдэв сурталчилгаа хийж чадахгүй байгаа учир зарагдах нь тааруухан. Гурван зуун хувь хэвлэгдсэн "Харь гаригийн өгүүлэгүүд" гэдэг уран сэтгэмжит өгүүлэгийн түүвэр хоёр жилийн дотор 175 ширхэг зарагдсан нь дэндүү... Үнэндээ энэ ном өөрийн өртгөө ч нөхөөгүй байна. Ядаж өөрийн өртгөө нөхөөсэй гэж залбирах юм. Тэгсэн хирнээ хашрахгүй дахиад ном гаргах гээд бэлдээд сууж байдаг над шиг тэнэг байвал сэтгэгдлээ үлдээгээрэй. Мань урам ороод энэ номыг хэвлүүлчихэж юун магад.  Триллер өгүүллэгийн орчуулгын түүвэр ирэх 9-р сард хэвлэгдэж магадгүй. "Танд чин үнэнч алуурчин" гэсэн урьдчилсан нэртэй энэ түүврийг хэвлүүлэх эсэхийг олон түмнээс асуухгүй бол болохгүй байна. Энэ түүвэрт орох зохиолууд

Эдогава Рампо
- Зурагтай аянчин
- Нурам
Роберт Блох
- Танд чин үнэнч алуурчин
- Нуурын эрэгт
- Тавилан
Жером Барри
- Цуглуулагч
Дональд Уэст
- Зөвхөн надтай хамт
Артур Уильяамс
-Алуурчин
Ричард Матесон
- Товчлуур
Стивен Кинг
- Буг
Роальд Даль
-Мөрий

Ийн асууж байгаа шалтгаан нь борлуулалт юм. Хэрэв дэмжиж байвал сэтгэгдлээ үлдээж бодсоноо хэлнэ үү. Бас өөр ямар өгүүллэгүүд нэмж болох эсэх талаархи санал, мөн энд орсон зохиолуудаас таалагдахгүйгээ хасуулах санал ч байж болох юм. Гол нь уншигчдын саналаар ном хэвлээд үзвэл яах бол? Ном уншихад ямар сайхан байдгыг ном уншдаг хүн л сайн мэднэ. Харин хэвлүүлэхэд ямар яршигтай, гайтай байдгыг хэвлүүлдэг хүн л мэдэх ажгуу, Монголд.

Apr 1, 2013

Хошигнолууд


Хэмингуэй гэртээ ирсэн найз нөхдөө харан
- Манайд зочин ирэх бүрт би их баярлах юм гэв.
- Яагаад?
-Манай  эхнэр зочин ирэх болгонд хамгийн үнэтэй цайны хэрэгсэл, аяга шаазангаа гаргадаг юм. Тэгээд сүүлд нь өөр угаадаг юм л даа…

***
Египетийн хаан Полету грекийн нэрт эрдэмтэн, эмгэнэлт жүжгийн зохиолч Эврипидийг дуудан уулзаад
-Геометрийг сурах хялбар арга байна уу? гэж лавлажээ.
- Геометрийг сурах хааны арга зам гэж байдаггүй юм аа…

***
Францын нэгэн хэвлэлийн газрын үүдэнд өлгөөтэй байдаг зарлал.
“Эрхэм ноёнтоон! Таны зохиолыг хэвлэхээр хүлээж аваагүй ч гэсэн хаалгаа аяархан хааж байна уу?”

***
Нэг орой Марк Твэн алдарт төгөлдөр хуурчтай танилцжээ. Төгөлдөр хуурч зохиолчоос хөгжимд дуртай эсэхийг нь лавлав.
- Хачин дуртай. Төгөлдөр хуурт бүр дуртай. Миний амийг аварсан юм гэж Твэн хариулав.
- Яаж таны амийг аварсан юм бэ?
- Намайг хүүхэд ахуйд миний төрсөн хотод үер болсон юм. Усны түвшин нэгдүгээр давхрыг авахад аав маань зөөлөн сандалд суугаад аврагдах хүртлээ хөвсөн юм.
- Та яасан бэ?
- Би төгөлдөр хууран дээр суугаад л аавыг дагаад хөвсөн…