Apr 30, 2012

Б.Баясгаланг дуурайн бичив
Яруу найраг гэдэг 
Үүрийн шөнөөр босож хөхүүлсэн эхийн сүүний амтыг санахын нэр
Яруу найраг гэдэг 
Үдшийн бүрийгээр ярьсан эмээгийн үлгэрийг дахиулахын нэр
Яруу найраг гэдэг
Доод горхины усанд цаасан онгоц хөвөхийн нэр
Яруу найраг гэдэг
Доголон нулимсаа арчсаар тэшүүрээр гулгаж сурахын нэр


Шүлэг тэрлэнэ гэдэг
Нар зүүд хоёрыг уулзуулахын нэр
Шүлэг тэрлэнэ гэдэг
Навчаар Бетховений аялгуу тоглохын нэр
Шүлэг тэрлэнэ гэдэг
Дурсамж хундагалж, инээд бялхуулахын нэр
Шүлэг тэрлэнэ гэдэг...




Ийм шүлэг бичиж байна гэж зүүдэлсэн юм. Бүр өмнөх үгийг нь бичиж байгаад л бичиж байна гэж зүүдэлсэн юм. Даанч тасарчихсан. Дахиад нэг мөр, нэг бадаг байх шиг байсан...санаанд орохгүй байна даа. 

4 comments:

А.Дайрийжав said...

Гоё шүлэг байна,Зүүдээ ийм сайн санаж байна гэдэг,мундаг юмаа...

Б.Баясгалан said...

Яруу найраг... Энэ бол

Урсаж л явсан гол горхи гэнэтхэн буруулж
Улаан гол руу минь цутган орж ирэхийн
Улаан цусыг минь түрж судас бүрээр минь
Дулаан илчийг минь хөөж, салаалж эргэхийн
Тунгалаг шил шиг болох яг тэр мөчид минь
Тунчиг нууцийг минь бүхэнд гэрэлтүүлж харуулахын
Нэр.

Яруу найраг... Энэ бол

Сувд үзүүлнэ гээд далайн гүн рүү
Шумбуулж дөнгөсөн илбэчний гараас
Атгаж амжсандаа живсээр буй ч
Аз жаргалаар халгин байхын, гүнээс дуулахын
Уран дуулах минь дээш түгээд
Усны мандал дээр долгилон байхын
Нэр.

Яруу найраг... Энэ бол

Цагийг захирагчийн хүйтэн мутраас
Цай уугаад үүрд унтахын
Бутарч үйрээд бүтэн үлдэхийн
Бусдаас өөр гунигаар үхэхийн
Нэр.


Миний жинкккн өөрөө бичсэн шүлэг чинь энэ байхгүй юу. Таны зүүдний шүлэг үнэхээр сайхан шүлэг байна.

Я.Баяраа said...

Ялангуяа нэгэн мөр дутаж татвасхийн төгсөх нэгэн тэр бадаг

Ялангуяа нэгэн мөр дутаж татвасхийн төгсөх тэр бадгийн энэ мөр:

"Шүлэг тэрлэнэ гэдэг
Навчаар Бетховений аялгуу тоглохын нэр"

Я.Баяраа said...

“Шүлэг гэдэг,
Цэнгэг горхи болоод түүнээс дэгдсэн манан,
цэцгийн үндэс болоод шүүдэр нь наранд солонгорох агшин.
Яагаад амьдрал заримдаа сайхан, бас гунигтай санагддагийн учир,
яруу найрагчийн гараас ургасан үл ялиг гашуун жимстэй мод!”

ЦАГААНЧУЛУУГИЙН ДЭЛГЭРМАА