Mar 23, 2012

Ж.Лхагва "Атга чулуу"-наас

Сургууль орох зам
Горькийн нэрэмжит Москвагийн Утга зохиолын дээд сургуулийг зохиолчдын сургууль гэж нэрлэх нь бий. Оюутны дотуур байр Добролюбовын гудамжинд, хичээлд явахын тулд Руставелийн гудамжнаас унаанд сууж Чеховын гудамжаар өгсөөд, Пушкины талбайд бууна. Тэндээсээ Горькийн гудамж огтолж Некрасовын номын сангийн үүдээр өнгөрөөд Герцений байшинд байрладаг сургуульдаа ирнэ. Ийм замаар таван жил явсан хүн зохиолч болохгүй бол хохь нь.

Авах өгөхийн ялгаа
Да багш төрийн гурван удаагийн шагналтай атлаа маршалын толгойтой нэг л тэмдэг зүүж явдагсан. Нэг өдөр яриа өдөж
- Та яагаад ганцхан энэ тэмдгийг зүүдэг юм бэ? гэвэл нүд нь зальтайхан гялалзаж
- Үүнийг би авсан юм, бусдыг нь надад өгсөн юм гэлээ.

Цухал орчлон
Цэдэндорж минь архи дарс уусан үедээ ямагт түрүүлгээ харж унтдаг хүн байсан. Тэгээд ч найз нөхөддөө түүнийгээ бас зөвлөж "Юм уусан хүн дээшээ харж унтах аюултай, бөөлжсөндөө хахаж үхдэг юм. Дорж Банзаров тэгж үхсэн. Юм уусан үедээ заавал түрүүлгээ харж унтаж бай" гэдэгсэн.
Авьяаслаг яруу найрагч соён гэгээрүүлэгч энэ хүн үхэх дургүй байсан. Үзсэн харсан хүмүүсийн үгийг сонсоход Цэдэндорж хорвоог орхисон тэр гайт өдрөө түрүүлгээ харж унтаад өдөн дэрэндээ бүтэж үхсэн гэлцэнэ.
Үхлээс зугатаах зам хүртэл үхэлд хөтөлдөг яасан ч цухал орчлон бэ дээ.

Дөрөө 
Хадам ээжийн авдранд хадганд боодолтой ган дөрөө бий. Хэзээний шашин шүтлэггүй, эгэл гүдэсхэн тэрбээр "шалдан банди" дагаж хүрээ бараадахдаа баян эцгийн хөрөнгөөс авч гарсан юм ердөө л энэ ажээ.
Хол явах хүний дөрөөг мялаадаг монгол заншил хэзээ гарсныг мэдэхгүй, ганзганд гар хүрэх болонгуут л эмээлийн дөрөө намайг өргөж морины нуруун дээр тавьсныг мэднэ. Тэгээд ч гуяндаа жадны шархтай Спартак зайдан морьтой давхиж буй зургийг багаасаа харж, Македоны Александр төв Азийг дөрөөгүй туулсныг уншаад гайхаад бардаггүйсэн.
Хожим мэдэхнээ өнө эртний талын малчинд морин дэл дээр төрсөн ухаан өрнийн хүмүүст их л хожуу ирсэн юм билээ.  

Хатуу үг
Манай хотонд Данигай гэж хатуу хар өвгөн байх. Багад нэг өдөр хонь хариулж яваад ил тавьсан хүүр анх удаа үзэж, айгаад уйлан давхиж ирэхэд Данигай хонь эзгүй орхилоо хэмээн хилэгнэж
- Үхсэн хүнээс юунаас нь айдаг юм бэ? Амьд хүнээс л айж бай гэж насанд минь ахадсан хатуу үг, хөлдүүс хоёроор шидэн буцааж билээ. Нээрээ л би Данигайг үхсэнээс нь хойш айхаа больсон шүү.

Бидэн хоёрын болзоо
Би өвөл шиг цагтаа ирнэ. Өвөл шиг заримдаа түрүүлж ирнэ. Адгаж ирнэ.
Харин чи зун шиг голдуу хожимдож ирнэ. Туньж ирнэ. Гэхдээ л ирнэ.

Дарга галч
Ховдын хязгаарт хориод оны дундуур аймгийн яам байгуулагдахад ардын засгийн газрын төлөөлөгч үг хэлж
- Аймгийн яам болбоос тус аймгийн дэвсгэр нутгийн бүх алба байгууллагуудыг захиран шийтгэнэ. Ажил хариуцсан түшмэл бүхэн өөрийн чиглэлээр хязгаар нутгийн хэргийг удирдан даргална гэхэд яамны галч
- Тэгэхээр би чинь энэ аймгийн бүх галч нарын дарга болох нь ээ гэжээ.

Совин
Эмнэлэгт олон сар хүнд өвчтэй хүүхэд сахисан эх өгүүлрүүн
- Хоёр сар нойргүй хонохдоо хүн ямар муухай амьтан болохыг өөр дээрээ мэдлээ. Хааяа нэг дугхийхдээ өөрийн хүүхдийг янцаглахад сэрдэг атлаа хүний хүүхэд үхчихээд бөөн юм болж байхад огт мэддэггүй байна шүү...

Шар тохойн төгөлд болсон жимс унана
Оройтсон үнээний сүүлч ирээд тосгон даяарын ноход унтахад хэссэн бодол сая цуглаж шинэ гэрийн унь өлгөнө. Хорвоогийн цэнгэлээс дайжин суухуй ухааны мөчир хугачин байж бодлын жимс зулгаана. Шар тохойн цүнхээлд ус цалгихыг сонсонгуут сэтгэлийн загас түгшин бужигнаж, олон сүүлээрээ хэнхдэг балбана.
Насны залууг найрлаж өнгөрөөсөн минь олон ямаатай айлын хаяа бараадаж явсан мэт дээвэр туурганд халтай байжээ. Цагаан сарын боов хийх байгаа юм шиг өчүүхэн тархийг хичнээн талхивч ховоо дундуур ирэхийг үзээд худгийн ундарга холдож байгааг мэднэ. Тэгэвч шар тохойн төгөлд болсон жимс өөрөө унаж хагарахыг үл үзнэ. Болсныг нь өдөр ажаагүй юм чинь унахыг нь шөнө яаж ч мэдэхэв дээ.


Зүүлт Жагдалын Лхагва гэдэг хүний "Толгодын цаана ингэ буйлна" гэдэг номыг би хожуу олж уншсан юм. Харин түрүүлээд тухайн үеийн өдөр тутмын сонин дээр нийтлэгдсэн "Атга чулуу" гэдэг бичвэрүүдийг нь хожим мөн нэртэй номыг нь уншсан билээ. Саявтархан мөнөөх номыг сөхөж харснаа хэдийг нь залуу андуудад минь сонирхогдох болуужин гэж энд тавилаа. Хэлбэл чинь үргэлжлүүлж болно. Далимд бурахад Ж.Лхагва гуайн богино тууриудыг монголын утга зохиолын бас нэгэн хурц өнгө гэж санаж явдаг билээ хувьдаа...

4 comments:

Б.Баясгалан said...

Ter sovin gedeg yasan aihtar ed ve. Urgeljluulj taviarai

Сүрэн said...

Urgeljluulehiig husye

Б.Батзаяа said...

Баярлалаа.

Anonymous said...

Atga chuluugaar hormoigoo duurgej
Balga arhiar hiimoroo duudna gej l neg eleglel ni sanaand orood baihiin
Unshihad saihan bainaa