Толстойн дэргэд нэрэлхсэн нь
Воровскийн гудамжинд байдаг зөвлөлтийн зохиолчдын хорооны хашаанд Лев Толстойн суугаа баримал бий. Яруу найрагч Мустай Карим гуай бид хоёр баримлын дэргэд зогсоод ярилцаж байлаа. Карим гуай ярианыхаа сэдвийг гэнэт өөрчилж
- Та нар ер нь яагаад Чингис хааныхаа тухай бичдэггүй юм бэ? гэхэд нь би баахан тулгамдаж бас ч жаахан нэрэлхээд тоглоом болгох санаатай
- Бичсэн хүн үхчихээд байх юм. Калашников, Есэнбэрлен, Чивилихин, Ян, Абашизе гээд цөмөөрөө байхгүй шүү дээ гэвэл Карим гуай над уруу сүрхий харснаа санаа алдаад
- Бичилгүй үхсэнээс бичээд үхчихсэн нь дээр дээ гэж билээ. Би ч бас санаа алдав.
Намдаг гуайн онол
Далан хэдэн онд Д.Намдагийн санаачилсан жүжгийн зохиолч бэлдэх гэрийн сургуульд суудаг байлаа. Намдаг гуай онол гэж тусгайлан юм заахгүй, өөрийн хэдэн жүжиг дээр л "өнхчүүлэн" тайлбарлана. Залуу насны өвчин байж, жаал зугаа юм уншсандаа эрдээд "олигтой шинэ юм хэлэхгүй хүн шив дээ" гэсэн шүү юм бодож байж билээ.
Даваадорж бил үү дээ нэг нь Станиславский, Мейрхольд хоёрын системийн ялгааг хэлж өгөөч гэхэд гэхэд Намдаг гуай
- За хө, чамд яаж тайлбарладаг хэрэг вэ? гээд цагаан зандангаар зороод хйичихсэн юм шиг тэргүүнээ өргөж өвгөн бүргэдийн харцаар тасалгаанд байхгүй алсыг нэвт шувт ширтсэнээ эргэж
- Сохор охиныг цэрэг хүчинджээ. Хүчиндсэн цэргийг олох болж гэж саная. Станиславский үүнийг яаж үзүүлэх вэ гэвэл бүх цэргийг жагсаагаад сохор охиныг тавина. Охин эхнээс нь тэмтэрч явсаар нөгө цэрэг дээр очмогцоо шууд таниад "энэ байна" гэж хашгирна. Гэтэл Мейрхольдынхоор бол охин тэмтэрч явсаар хүчиндсэн цэргийг танихгүй өнгөрнө. Үзэгчид таньсангүй гээд амь нь тэмцэж байхад, бүгдийг тэмтэрч дуусаад буцаад тэмтрээд явахдаа л бариад авна даа. Мэдэгдэж байна уу? хэмээн зальтайхан инээхэд гүрээний нь судас хуурын хоёр утас шиг тодрон хэлэн дээр нь улаан тамхины үртэс харагдаж байж билээ.
Бугуйн цаг
Хүн дуурайсан болох ч юм уу, электрон цаг аваад зүүчихсэн чинь харахад л өөдөөс "төдөн минут" гэж цэргийн хүн шиг илтгээд бодох тооцоолох юмгүй амар байлаа. Тэгснээ сүүлдээ нэг л юм дутаад байх шиг "илжиг модон хударгандаа" гэгчээр бэлэн мэдээллээр хооллож сураагүй тархи голоод байх шиг санагдаж, яагаад байгаа учрыг нь олохгүй мөртлөө нүд сэтгэл хоёр цухалдаад байв. Хуучин муу баадуутай цагаа зүүгээд харсан чинь ухаан тэлж, хараа сунаад явчих шиг санагдлаа. Арван хоёр тоотой дугариг цагны нүүр гэдэг хорвоо юм гээч. Энд одоог заах зүүнээс гадна өнгөрсөн ирээдүй хоёулаа харагдаж байна. Хүн гэгч дурсамж, мөрөөдөл хоёргүйгээр амьдарч чаддаггүй ажээ.
Оршуулга
Хүн үхнээ гэдэг далайд гарахтай адил юм. Зарим нь хөлөг цагаан онгоц шиг зон олноор үдүүлээд дуутай дохиотой гарч байхад зарим нь загасчны далбин завь шиг ус шол шол хийлгэн сэлүүрдэж, харанхуй бүрэнхийн завсраар алга болоод өгөхөд хэн ч анзаарч мэдэхгүй л байх юм.
Цагаан шүд
Саяхан би Улаанбаатар-Москвагийн галт тэргэнд яриа бор залуутай цуг явлаа. Дөрөв хоног ганцаараа л ярьсан юмсан. юу яриад байсан нь санаанд алга. Их л цагаан шүдтэй байсан санагдана.
Бурханы авьяас
Миний үеийн нэг зураач, өөрийг нь дүрсэндээ гарамгай гэж магтахад их л даруухнаар
- Өө тэр яахав, миний сайных биш. Дүрс чинь цаасан дээр харагдаж байдаг юм. Би тойруулаад л зурчихдаг гэлээ. Үнэн бол "бурханы" авьяастай зураач, худал бол муугүй "зохиолч".
Харамын сэтгэл унтдаггүй
Тэр жил намайг Москвад сурч байхад аспирант найз минь нэг өдөр инээсээр орж ирээд
ингэж ярьсан юм.
- Надтай хамт ажиллаж байсан нэг нөхөр Польш уруу ажлаар явж байгаа юм байна. Ирж хоноод өнөөдөр явлаа. Өчигдөр онгоцноос буугаад шууд ирэхээр нь би хоол унд хийж тэгээд хоёулаа багагүй уусан тул ядарч агсагдсан нөхөр маань унаад өглөө. Би толгой түрүү нь өвдөх бий гэхдээ аль болох сэрүүн унтуулах санаатай оймсыг нь тайлах гэсэн элэг дүүрээ дэлбэ тийрэх гээд болдог юм биш. Өглөө өөрт нь хэлсэн чинь "арга байж уу, тэнд чинь би хэдэн рублиэ нуучихсан юм" гэж байхгүй юу.
Хармын сэтгэл унтдаггүй ажээ.
Өшөө хонзон
Нэгэн шумуул ирж зүүн гарын нүцгэн бугуйн дээр ирж суув. Цусанд дуртай тэр шунаг амьтныг үзэн ядах ухаан тархинд гялсхийхэд баруун гар бас агаар зүсэн гялсхийж шумуулан дээр буулаа. Тэр өвс шиг амьтны утсан амь зөвхөн салхинд сүйрэх бөгөөтөл тийнхүү өөрийгөө өвдтөл чанга алгадах нь өшөө хонзон буюу.
Утасны дэвтэр
Өнөө би харилцах утасны дугаар тэмдэглэдэг дэвтрээ нэг шинэчлэв. Алба амины алив хэрэгцээ гарах бүхэнд энэ муу дэвтрээ л сөхөн тусламж эрдэг болохоор нэг ёсондоо хэмжээ хязгааргүй баян агуулахын хаалга гэлтэй. Энэ агуулахын хаалгыг өдөр шөнөгүй татсаар байгаад самбар хавтас нь салмайж, шил нугас нь тасарчээ.
Цагаан толгойн үсгийн дарааллаар хуудсуудыг нь тэмдэглэсэн энэ дэвтэр дүүрэн байсан хүний нэрс, утасны дугаар хоёр шинэ дэвтэрт хуулж бичих болохоор их хасагддаг юм билээ. Энэ хугацаанд нас барсан хүн ч байх юм, хаанахын хэн болохыг нь бодоод олохгүй нэр ч тааралдах юм. Хэн болохыг нь мэдсээр байж "энүүнтэй ч дахиж ярих хэрэг гарахгүй биз дээ" гэж бодогдох хүн ч байх юм. Агуулахад тооллого хийж, авахыгаа авч хаяхыгаа хаяж байгаатай л адилхан юм биз дээ.
Хүний нэрийг хасаад биччих амархан л юм. Харин " би бас хэн нэгний дэвтрээс ийнхүү хасагдаж яваа ч болов уу?" гэж бодохоос дотор агзасхийж, богинохон насныхаа нүгэл буян хоёрыг ухаарлын дэнсэн дээр өөрийн эрхгүй тавьдаг юм билээ.
4 comments:
Баярлалаа.
Маш их баярлаж байна Дашмөнх өө, оруулаад байгаарай. Номыг нь олж авах юмсан. 1000
Харамсалтай нь цааш нь оруулах бололцоогүй санагдаж байна. Ж.Лхагва гуайн "Атга чулуу" хэмээх номноос өөрийн хэмжүүрээр шүүн тунгаасан бичлэгүүдийг оруулсан билээ. Уншигч авгай та хүсвэл өөрөө уг номыг олж уншина уу...
Маш их таалагдлаа. Намдаггуайн онол -г copy-доод иш татаж болно биз дээ?
Post a Comment