Nov 2, 2014

Аравдугаар сарын наадаан

"Аравдугаар сарын наадаан" бол "шинэ" ном биш, гэхдээ "хуучин" ном бас биш. 
Энэ номонд Роберт Блох, Ричард Матесон, Рэй Брэдбэри, Брэм Стөүкэр, Стивэн Кинг гэхчилэн өрнөд төдийгүй дэлхий даяар нэр нь дуурссан зохиолчдын 13 бүтээл орчуулагдан багтсан бөгөөд тэдгээр нь бас ч гэж нэр цуутай зохиолууд болохыг дурьдсу. Эдгээр зохиолуудын хамгийн залуухан нь өнгөрсөн зууны ерээд оноос өмнөхөн бичигдсэн байгаа болно. Ер нь бүгд л өнгөрсөн зууны бүтээлүүд л дээ. Хорин таван жилийн өмнө гээд бодохоор эдгээрийг шинэ гэж хэлж яавч боломгүй. 
Гэхдээ... гэхдээ монголд бол хуучин номонд бас тооцогдохгүй би дотроо бодож байгаа билээ. Энэ түүвэрт орсон зохиолууд нь манайд магадгүй соёолохын төдий эхэлж буй утга зохиолын урсгал болох "готын роман"-ы ай савд хамаарагдах триллерийн мундаг сайн төлөөлөл болж чадна. Триллер нь үйл явдлын өрнөлөөсөө шалтгаалан ихэвчлэн тууж хэлбэрээр бичигдсэн байх боловч энэхүү номыг уншвал ур чадвар сайтай, авьяаслаг зохиолч хэрхэн богинохон хэрнээ амттай бичиж болдогийг, тэр нь хэзээ бичигдсэнээсээ үл хамаараад он цагийг элээн хүний зүрх сэтгэлийг хөндсөөр байхыг та үзэж болно. Триллер гэдэг бол эгзэгтэй, жигтэй, адал сонин шийдэлтэй, аймшигтай бас сүнс хий үзэгдэл буг чөтгөртэй зохиолыг хэлдэг. Детективээс ялгаатай нь гэмт хэрэгтнийг илрүүлэх зорилго тавьдаггүй. Ерөнхийдөө бол насанд хүрэгчдэд зориулсан тодорхой хүрээний үлгэр юм даа. 
Хүний сэтгэхүйг загварчилж болохгүй учир хэн нэгэн зөвхөн Нобелийн шагналтнуудыг уншдаг гоц амьтан байхад өөр нэгэн "аймшгийн" зохиол уншаад л сууж байх хүсэлтэй байдаг болох болов уу гэж найдаж байна. Чухам тийнхүү бодсоны үүднээс тантай өөрийн орчуулсан "Аравдугаар сарын наадаан" хэмээх багавтар номыг хуваалцахыг хүснэ. Энэ төрлийн бүтээлд дурлагсад болон иймэрхүү зохиол бүтээл бичихийг хүсэгчдэд ширээний ном болохуйц бүтээл болсон гэж би баттайяа хэлж чадна. Тухайлбал энэ номонд орсон Ричард Матесоны "Button, button" /Товчлуур/ хэмээх үгүүллэг 1970 онд анх хэвлэгдсэн бөгөөд энэ зохиолоос сэдэвлэн нэг радио жүжиг, хоёр кино бүтээсэн аж. Хамгийн сүүлд 2009 онд "Хайрцаг" /The box/ гэдэг кино бүтээж гол дүрд нь Камерон Диаз тогложээ. Энэ номонд багтсан бүтээлүүдийг би өөрийн үзэмжээр сонгон авсан нь өрөөсгөл байж болох ч шилдэг сайныг нь хичээнгүйлэн түүвэрлэсэн билээ. Уулын модноос олон бүтээлүүдээс дуртайгаа  сонгож унших нь уншигч таныг эрх ч миний сонголт муудаагүй гэдэгт итгэж болно. 

Sep 15, 2014

Ном сурагласан хүмүүсийн анхааралд



Та бүхний хүсэлтэд нэг мөсөн хариу өгөхөөр бичиж байна. 
Японы шилдэг зохиолуудын "Үхлийн тууриуд" ном номын дэлгүүрүүдээр зарагдаад дууссан. МИР гэдэг номын дэлгүүрийн сүлжээний салбарт л хоёр ширхэг байгаа гэж мэдэгдсэн. Харин аль салбарт нь байгааг би мэдэхгүй байна. Өөр хаана ч байхгүй. Дахиж хэвлэхгүй гэсэн бодолтой байгаа. 
"Харь гаригийн өгүүллэгүүд" бол номын дэлгүүрүүдэд 15 орчим ширхэг байгаа. Бас зарагдаад дуусаж байна. Интерном, Мажестик хоёрт байгаа. Гэхдээ хаана нь тавьчихсан учраас та бүхэн олж харахгүй байгааг би мэдэхгүй юм. Худалдагчаас нь сайн асуувал хэлж өгөх болов уу гэж найдаж байна. Мөн Р.Стивенсоны "Доктор Жэкил болон ноён Хайдын хачин цадиг" ном ч гэсэн энэ дэлгүүрүүдэд байгаа. Шинэ ном учраас хаа сайгүй байгаа гэж бодох юм. Мөн Алтан түлхүүр МИР номын дэлгүүрүүдийн салбарууд, Аз хур гэсэн номын дэлгүүрүүдэд байгаа. Товчхондоо сайн номын дэлгүүрт ороод сайн хайгаач гэж хэлмээр байна. 
Миний "Хуучин хүүхэлдэйнүүд" ном ч ялгаагүй номын дэлгүүрүүдэд хангалттай байгаа. 
Гадаадаас ном сураглаж байгаа хүмүүст хандаж уучлал хүсье. Одоогоор би үнэхээр та бүхэнд номуудаа яаж хүргэх аргаа олохгүй байна. Монголд, тэр тусмаа Улаанбааатарт байгаа ах дүү хамаатан садангууддаа захиж худалдан авхуулаад дамжуулан авч болох болов уу гэж найдаж байна.
Эцэст нь миний даруухан бүтээлүүдийг ихэд сонирхон уншиж байгаа уншигчид та бүхэнд баярлалаа гэж л хэлье дээ.

Aug 4, 2014

Номны сураг дуулгахуй

Саявтархан хэвлэгдсэн Р.Стивенсоны "Доктор Жэкил болон ноён Хайдын хачин цадиг" хэмээх  ном маань борлуулалт гайгүй байгаа нь урам өгөөд гэх юм уу, шинэ номынхоо талаар урьдчилан зарлая гэж бодлоо. Минийн санаа бол одоо зарагдаж байгаа номноос маань дараагийн номны маань хэвлэх зардал ороод ирвэл бэлэн байгаа номыг хэвлүүлэхэд төдийлөн удахгүй шүү дээ. 
Шинээр хэвлүүлэхээр төлөвлөсөн ном маань "Танд чин үнэнч зандалчин" гэсэн урьдчилсан нэртэй триллер орчуулгын өгүүлэггүүдийн түүвэр юм. Триллер бол монголчуудын ярьдгаар "аймшгийн" буюу уран зохиолын нэр томьёогоор "готын" урсгалд хамаардаг боловч хүний сэтгэлзүйн хурц хурц илрэлүүдийг өгүүлдэг онцлогтой. Ийм төрлийн зохиолууд ихэвчлэн туужийн хэмжээтэй байх боловч зохиолуудын цар хүрээнээс хамаарч өгүүллэгүүд нь мөн онцгой сэтгэл татам, эгзэгтэй, жигтэй, сонин сайхан байдаг билээ. Триллер нь детективтэй нэг талаас төстэй ч адал сэтгэлгээ ихтэй, алуурчныг олох гэсэн зорилго огт тавьдаггүй, мөн хий үзэгдэл, сүнс, муу ёр буг чөтгөрийн тухай ч хүртэл өгүүлдэгээрээ ялгаатай юм. Энэхүү түүврийг аль жилийн өмнө бэлэн болгосон байсан ч хөрөнгө мөнгөний гачаал, төдийлөн олон нийтийн сонирхолыг татахгүй болов уу гэсэн айдасаас үүдэн хэвлүүлж чадахгүй байсаар өдий хүрлээ. Мөн бага зэрэг засварлаж янзлах, сонгон шалгаруулах хэрэгтэй байлаа. Гэвч удаан тоосонд даруулах нь надад мөн л таагүй санагдах. Ингээд энэ номонд орсон зохиолуудын нэрсийг танилцуулъя. 

Гарчиг 
Роальд Даль
-Гэрчлэх баримт
Карл Петри
-Перс муур
Жэром Барри
-Цуглуулагч
Роберт Блох
-Нуурын эрэгт
-Танд чин үнэнч зандалчин
-Тавилан
Хэнри Слэзер
-Мэргэжлийнхэн ба сонирхогч
Ричард Матесон
-Товчлуур
Артур Уильяамс
-Алуурчин
Стивен Кинг
-Буг
Брем Стөүкэр
-Шүүгчийн байшин
Жон Уэст
        -Надтай ярилцаач


Эцэст нь мөнгө нь бүтдэг юм бол хэзээ ч хамаагүй аль болох хурдхан энэ номыг хэвлүүлнэ гэж л амлая даа. Бас боломж гарвал нэмээд ганц өгүүлэг орчуулаад оруулах санаатай байна. Тэгвэл нийт 13 өгүүлэг болно. Ингэхэд 13 гэдэг өрнийнхөнд их л учиртай тоо доо...

Jun 17, 2014

Шинэ номын заллага

Өөрт таатай санагдсан зохиол бүтээлийг орчуулах бүртээ би тун их баясан цэнгэх билээ. Хэдийгээр миний уран бүтээл гэж нэрлэгдэх учиргүй ч монгол хэлээр хөрвүүлээд гаргасан хойно бол тэрхүү сонин сайхан уран бүтээлд гарцаагүй миний сэтгэхүй оюун бодлын маань нэгээхэн хэсэг шингэн сүлэлдэн орсон мэт санагдах. 

Учир гэвэл би зөвхөн ойлгосноо найруулан бичээгүй агаад тухайн зохиолчийн тархиа ширгээн байж бичсэн уран санаа, гайхамшигт өгүүлбэр, төгөлдөр үгсийн утгыг тайлах гэж, эх хэлнээ орчуулаад, хөрвүүлээд, дүйцүүлээд, зүйрлээд, гоёод, харьцуулаад, эсрэгцүүлээд буулгах гэж, тухайн гайхамшигт бүтээлийн мөн чанарыг алдагдуулахгүй монгол уншигчдад хүргэх гэж бас л тархиа ширгээн суусан. Ялангуяа том хэмжээний уран бүтээл тухайлбал роман тууж зэргийг орчуулах нь энэ мэтчилэн учир шалтгааны улмаас нүсэр хүнд хөдөлмөр байдаг. Аливаа зузаан романыг онгодоор бичсэн, хурдан бичсэн, үндсэн хувилбараа бичээд дараа нь нэмж зассан тохиолдол цөөнгүй. Гэтэл уг романыг орчуулахад тулаад ирэхээр ингэх ямар ч боломжгүй, онгод хөөр бараг тус болохгүй. Зөвхөн шаргуу хөдөлмөр л байдаг. Гэхдээ өөрт ихээхэн таашаагдсан зохиолыг орчуулж байгаа учир миний хувьд бол уран зохиолын орчуулга хийж суух минь тун таашаалтай ажил байдгийг зориуд дурдсу. Аливаа нүсэр ажлын ард гарсан хүн баярлах нь зүй. Энэ удаа би мөнхүү учир шалтгаанаас баярлан байна.
Англи хэлтний уран зохиолын сонгодог өвүүдийн нэгд тооцогддог, Роберт Лоис Стивенсоны "Доктор Жэкил болон ноён Хайдын хачин цадиг" нэртэй зохиолыг бүрэн эхээр нь англи хэлнээс орчуулан хэвлүүлээд уншигч танаа барьж байна. Нэмж хэлэхэд энэхүү номонд маань зөвхөн дээрх тууж бус, бас ч үгүй нэр цуутай хоёр багавтар өгүүллэг хамтатган хэвлэгдсэн байгаа.
Аливаа номыг бүтээх нь зөвхөн зохиолч эсвэл орчуулагчийн үйлс бус. Энэ далимыг ашиглан энэхүү орчуулгын бүтээлийг ариутган шүүсэн редактор яруу найрагч, зохиолч Ц.Буянзаяа, гар бичмэлийг маань хичээнгүйлэн цахим хэлбэр оруулж өгсөн гэргий Б.Алтанзул, үг үсгийн алдааг сайтар нягталж өгсөн яруу найрагч Ц.Дэлгэрмаа нартаа ихэд талархаж байгаагаа илэрхийлье.
Роберт Лоис Стивенсон /1850-1894 он/ бол неоромантизмын урсгалын хамгийн сонгодог төлөөлөгчдийн нэг бөгөөд эдүгээ хүртэл Шотландын хамгийн алдартай зохиолч нарын нэгд  зүй ёсоор тооцогддог юм. Түүний нэр дэлхийн хамгийн олон орчуулагдсан зохиолчдын жагсаалтад 26 дугаарт бичигддэг. Түүний бүтээлүүдийг Хорхэ Луис Борхэс, Бертольд Брехт, Эрнэст Хэмингуэй, Владимир Набаков гэхчилэн олон арван зохиолч өндрөөр үнэлж шагшин бахдаж, шүүмж бичсэн байдаг. Богинохон амьдралынхаа туршид тэрбээр олон арван адал явдалт өгүүллэг, тууж роман, аян замын тэмдэглэл, дөрвөн шүлгийн түүвэр, урлагийн сэдэвтэй хорь орчим эссэ гэхчилэн арав гаруй боть уран бүтээл туурвиснаас "Эрдэнэсийн арал", "Хулгайлагдсан минь", "Доктор Жэкил болон ноён Хайдын хачин цадиг", "Хар сум", Баллантрэ шилтгээний эзэн" тууж зохиолууд нь үнэхээр алдартай. Эдгээр зохиолууд эдүгээ хүртэл дахин дахин хэвлэгдэж байдаг бөгөөд англи хэлтний утга зохиолын сонгодог өвд багтдаг билээ.

Apr 1, 2014

Хошигнолууд

Вольтероос
-Танд вангийн тухай зохиол бичх бодол алга уу? гэж лавласанд гүн ухаантан сандран
-Үгүй шүү. Яалаа гэж тэгж вангаас авдаг тэтгэвэрээсээ хагацах билээ? хэмээн сандран хариулжээ. 
***
Нэрт зохиолч Гюнтэр Грасс зоогийн газарт ороод нүдний шилээ мартсан байсан тул хоол зөөгчөөс хоолны цэсийг уншиж өгөхийг хүсчээ. Гэтэл хоол зөөгч өвгөн зохиолч уруу өрөвдөнгүй харснаа тонгойж
-Би ч бас бичиг үсэг мэдэхгүй, ноёнтоон. Та зүгээр л ямархуу хоолонд дуртайгаа хэлчих гэжээ.
***
-Энэ жил Утга дохиолын дээд сургуульд орж суралцсан арван таван оюутнаас хамгийн адгийнх нь чи байна. Ямар ч авьяас чадваргүй.
-Үүнээс хоёр дахин муу юм болж болох байсан. Харин ч би азтай нэг жилийн хойно төрчихөж...
-Юу?
-Манай өмнөх элсэлт 32 оюутантай л даа...
***
Абсурд жүжгийн зохиолч өөрийн шинэ жүжгийн тухай театрын найруулагчид тайлбарлан ярьж байна.
-Миний энэ жүжиг жинхэнэ абсурд орчин үеийн жүжиг тул тайз засал, чимэглэл хэрэггүй. Нэгдүгээр үзэгдэлд жүжигчин тайзны баруун талд зогсож байх бөгөөд үзэгчид түүнийг гуанзанд байна гэж бодно. Хоёрдугаар үзэгдэлд жүжигчин маань тайзны зүүн талд зогсож байх бөгөөд үзэгчид түүнийг гэртээ байна гэж ойлгох ёстой... 
- Харин гуравдугаар үзэгдэлд бид гурав танхимд үзэгчид байгаа гэж төсөөлөх ёстой юм байна...

Mar 10, 2014

www.ubboys.blogspot.com-оос copy/past хийж болохыг болиулав. Бодоод байсан дургүй хүрлээ. Хичнээн ч этгээд хулгай хийж, би ч бас өршөөж суухав. Нэг залууд нэг удаа нэг жижиг зохиол авч нийтлэх зөвшөөрөл олгочихсон чинь одоо бүр дуртай үедээ дуртайгаа хулгайлж байдаг боллоо. Эхлээд өөрийгөө залуу яваагүй биш гэж тайвшруулдаг байснаа сүүлдээ хулгай хийлгэхээс дургүй хүрдэг юм байна. Цааш нь үнэгүй тарааж, сурлага боловсролдоо ашиглаж, бусдын мэдлэгт нэмэр болж байвал хэлэх юм алга. Харин миний тархины бүтээлийг хэвлэж зарж ашиг олчихоод өөр нэг этгээд бүр шагналын мөнгө өгөх нь бүү хэл сонин хэвлэлд нийтэлж өгч байгаа нь чамд их юм биш үү ухааны юм өөдөөс донгосдог байна шүү. Чухамдаа иймэрхүү үйлдэл блог маань идэвхтэй ажиллахгүй байгаагийн нэг шалтгаан юм. Олон этгээд миний блогийг их Сургуулийн уран зохиолын хичээл дээр урдаа барьсан гэнэлээ... Дашрамд хэлэхэд блогоос чинь хулгай хийлгэхийг болиулмаар байгаа бол надад хэлээрэй л дээ. Зааж өгөмз