Feb 24, 2013

З.Эрдэнэбат Боол


Тэр цагаас хойш хичнээн жил өнгөрөв дөө. Би хотын нэгэн буудлын газар байсан шиг санагдана. Аажим удаан тунарах хөх манан цонхоор харагдаж байсан. Би түрүүлж сэрсэн, дараа нь чи сэрсэн. Аяны замд алжаасан томчууд буудлын урт өндөр сандал дээр хурхирцгааж байсан. Сандлаас сэмхэн буугаад чи над уруу торомгор хар нүдээрээ хөлөөс толгойг минь хүртэл ажин зогсоход танихгүй жаахан охин чамайг би бас л удаан харсан байх…
Чи над уруу дөхөж ирээд
-Чи хэдэн настай вэ? гэхэд би «зургаа» гэж хариулав. Тэгэхд чи нэг гарын таван хуруу, нөгөө гарын нэг хуруугаа гозойлгон
- Би ийм настай гэж байсан санагдана. 
- Чамайг хэн гэдэг вэ?
- Алтанзул…
Энэ бүхэн яагаад өдий олон жилийн дараа миний ой тойнд орж ирдэг билээ?
Бид томчуудаас оргож гудамжинд гарав. Цардмал зам дээр олон машинууд эгнэн зогссон нь бас л дуг нойрондоо байгаа шиг ажээ. Цардмал зам хөлөрч гялалзсан гялалзсан цэнхэр туяатай бөнжгөр дуслуудтай болжээ. Чи тэгэхэд тоодон цэнхэр тэрлэгтэй байсан байх аа…
Чи талбайд тарьсан гоёмсог цэцгүүдэд дөхөж очоод 
- Энэ ямар хөөрхөн цэцгүүд вэ? Эд нар бас л унтаж байгаа даа гэж билээ. Намайг тэр цэцгүүд үрүү очтход үнэхээр унтаж байгаа юм шиг дэлбээ нь хумиастай үл мэдэг ганхаж байв…
Одоо би алсын алсад далай тэнгисийг гатлан явах гэж байна. Намайг ийнхүү явах гэж байхад ой ухааны минь хаана нь ч юм байсан дуртгал надаас салж өгөх шинж алга. 
Булбарайхан цагаан гар, тормолзсон бор нүд, дэрэвгэр цэнхэр тэрлэгтэй хэвлүүхэн охин… Энэ бүхэн ямар учиртай юм бол? Яагаад миний нүдэнд ингэж тод харагдаж, сэтгэлийн гүнд эмзэглүүлэнэ вэ? Чамд муу юм тохиолдоо юу?