Oct 31, 2011

Г.Ням-Очир
Rest in Peace-III буюу Самбалхүндэвийн оронд талийгаачийн төрсөн өдрөөр хундаганд Gin дарс харшихад няцсан бадаг

Тийш ганганан одогч аяны шувууд 
Тэнд ганцаар үлдсэн миний амрагт 
Тэмүүлэл хүсэл мэт хавар цагийг бэлэглэхгүй.
Тачаангуй үнсэлт, тас тэврэлтийг санагдуулахгүй.
Газрын диваажин архины мухлаг ертөнцийн хязгаараас 
Гиюүрэн зогсоход минь гэрэлтэж байдаг цонхыг би үзэхгүй.
Гараан савлаж тэргүүнээ гудайлган өнгөрөн одоход минь
Ганцхан мөчийн дараа ч чи намайг дурсах эрхгүй.
Тачаангуй үнсэлт, тас тэврэлтийг санагдуулахгүй.
Тэмүүлэл хүсэл мэт хавар цагийг бэлэглэхгүй.
Тэнд ганцаар үлдсэн миний амрагт 
Тийш ганганан одогч аяны шувууд 
1993 он

Д.Дашмөнх 
Банзан хашаан дахь "Guns'n roses"


Гүн харанхуй шөнө хотын гудамжнаа янаглангуй нэвсийж,
Гуйрамчин ноход хаа нэгтээ ярхийн хуцалдахад,
Банзан хашааны сүүдэр даган одод согтуу тэнэж,
Бас тэгээд "Улаанбаатарын үдэш намуухан..." хэмээн
Цээл хоолойгоор
Цуурайтуулан бархирна.
Банзан хашаан дахь бяцхан гэрт
Бяцхан лаа гагцаар сүүмэлзэхэд
Элэгдмэл ширээн дээрх хуучин радиогоор
"Guns'n roses" шиврээ бороо адил сэм анирлана.
Өөжин танил энэ "гэрт"
Хайямын шүлэг сүнсээ олмогц
Өндөр шүүгээний нүүрэнд оогоор наагдсан поп дуучин
                                                 /хувцсаа тайчиж/
Урин цагийг эрин довтолгогч сүүн гэрэлтийн доор
Үдшийн /.../ сонсож Жаконда шиг жуумалзана.
Будангуй хашаан дахь өвснүүд шивэр авир гэлцэж
Бямба улаан дарсыг амтлахгүйдээ атаархахад
Бурхны авралаар энэ шөнө дахиж ирэлгүй
Буг чөтгөртэй тэврэлдэн "Усны гудамж"-аар одно.
1993 он

Oct 18, 2011

Г.Ням-Очир
Би Sun Thunderbolt-2


Зүйргүй их шаналнам.
Зөрж өнгөрөх охидын тухай
Зөн билэг, дурлалын тухай
Зүүдлээд сэрэх цаг хугацаанд
Зүлэг ногоод ганднам. Гэвч зөвхөн
Нам гүмхэн миний нутагт нар жаргадаггүй
Нас барагсдын /хотын/ гудамжинд үймээнт шөнө дуусдаггүй.
Зүйргүй шаналнам,
Зүлэг ногоод ганднам.
Зүйл дуусаж орчлонгоос хагац...Тэр цагт Marry Christ mass

Г.Ням-Очир
Sunthunderbolt


Би Sun thunderbolt
Би наран дахь аянгын цохилт
Байлдаанч дайчин өвгөдийн цусыг
Бүжгийн талбай, гудамжинд
Бүтэлгүй дурлал, зодоон нүдээн,
Бүр цаашилбал саранд хуцаж,
Наранд цохилт өгч,
Нармайгаа нээлгэвч
Надаас өөр хэн ч "big boss" биш гэж боддог, сэтгэдэг, ухаардаг...


Би Sunthunderbolt
Би наран дахь аянгын цохилт...

Oct 8, 2011

"Үхлийн тууриуд дахин хэвлэгдлээ


Би блогоо тоосонд нь даруулахгүй гэж хичээдэг ч энэ удаа гар хүрэлгүй арай л удчих шиг. Гэхдээ хувийн хийгээд хувьсгалын шалтгаан байна. Жишээлбэл хоёр ном хэвлүүлэх гэж баахан мачиганав. Нэр нь"Үхлийн тууриуд", "Харь гаригийн өгүүллэгүүд".
Удтал хүлээлгэсэн номууд маань хэвлэгдэв. Урьд блог дээрээ өмнөтгөлийг нь нийтлээд орхисон уран сэтгэмжит өгүүлэгийн "Харь гаригийн өгүүллэгүүд" хэмээх түүвэр хэвлэгдлээ. АНУ-ын шилдэг уран сэтгэмжийн зохиолчдын найман өгүүлэг агуулсан энэ ном маань өсвөр насныханд, зөгнөл хүсэл мөрөөдөлдөө шатаж байгаа тэр насныханд илүү таалагдах болов уу гэж найдна. Гэхдээ сайтар бодоод ахул эсрэгээр ч юм шиг... Юу ч атугай уншигч та өөрийнхөөрөө шүүтүгэй. 
Есөн жилийн өмнө хэвлүүлсэн Японы шилдэг зохиолчдын өгүүллэгийн түүвэр "Үхлийн тууриуд" хэмээх номоо нэмж засварлан дахин хэвлүүлэв.Энэ номонд арван нэгэн сгүүлэг бий. Сураг дуулбал ихээхэн ховордсон бас эрэлттэй гэлцэнэ. Харамсалтай нь элдэв бөөн шалтгаанаас болоод жаахан үнэтэй зарагдах нь байна. Гэвчиг уншихыг хүсэгчид бол тун шалихгүй үнэ гэж найдна. 
Сайн, сайхан зохиол унших нь юутай ч зүйрлэмгүй сэтгэлийн таашаал эдлүүлдэг билээ. Тэр таашаалыг уншигч та хүртэж чадвал миний сэтгэл ханах буюу.