Dec 30, 2010

Сонгодог монгол шүлгүүд

Эхлэл. Эдгээр шүлгүүдийг би хааяа хааяа уншиж бахдан суух дуртай. Цээжинд үлдсэнээр нь сийрүүлэн бичив. Үг үсэг алдсан байж мэднэ. Гэхдээ хол зөрөөгүй болов уу? Яруу найраг унших дуртай хэн бүхэнд өргөв. Нэг гэр бүлд ийм аугаа авьяастнууд заяасан нь бас л ертөнцийн үнэн ховор учрал биш үү?

Ванчинбалын Гүлранс /1820-1851/

Өглөөний үед хасын хэмхдэг сиймгэр цонхноо ташруун
Үзэмжит өвлийн гүн уулыг цагаан мөнгөөр гадарлав.
Үзүүр үгүй хоосон агаарт мөсний хэсэг бүжиглэхүй
Өнгөт ертөнцийн тоост замд хүмүүний мөр балархай.

Зохиол бичих

Гурван ямхын хулсыг барьж эндүү ташаа бичих минь
Гутал оймсыг бартал явж нэр ашгийг хөөхөөс дээр
Гунилтай болой, таны олон энэхүү амтыг эс мэдсэн дор
Гутруу үгийг дэмийлэн миний зоригийг харин бууруулмуй.


Dec 22, 2010

Утга зохиолын "сезон"

Сул тэмдэглэл
Өдийд Монголын утга зохиолын «сезон» эхэлдэг юм шиг надад санагддаг билээ. Халамцуу найрагч зохиолчид хотоор нэг хөлхөлдөөд… сонин хэвлэлийн редакци, тэлэвийз араажавын байраар ороход бол ганц шил архи хувааж ууж утга зохиолын тухай чалчих хань бол олдож л таарна. Сэтгэл нь гэгэлзсэн, найраг шүлэг ярьсан хүн бол захаас аваад олдох. Нэрээ өөрчлөөд ч хувираагүй байгаа, зөвхөн чихэнд сайхан сонсогддог шүлэг шалгаруулдаг «Болор цом», заримдаа боож үхмээр хуудуутай тэнэг балай зохиолд шилдэг өргөмжлөл олгодог «Алтан өд», цагтаа цагаан сарын өмнө голдуу болдог байсан тэгээд түрүүлсэн зохиолуудыг нь уншихад гутармаар богино өгүүлэгийн «Утгын чимэг», өч төчнөөн жижиг шүлгийн тэмцээн гээд… Социализмын үед бол шүлгээ уянгалтал сайхан уншдаг шүлэгчид албан байгууллагын "ёолк" гэгчид уригдаж шүлгээ уншиж party-даг бас цөөн төгрөгийн шагнал авч архидсан хэргээр эхнэртээ тархидуулдаг байсан гэж түүхэнд тэмдэглэгдсэн буй.