Mar 20, 2013

Фридрих Глаузер Ноён ба ёотон


Цагдаагийн комиссар Крэйберг хэргийн газарт ирэнгүүтээ илрэх найдваргүйг нь  ойлгов. Цээжиндээ хутгалуулж бөөн цус нөж болон амиа алдсан этгээд бол Якоб Кусмауль гэгч нэрээр алдаршсан цуутай дамын панзчин байлаа. Паспортад нь түүнийг Ригагаас гаралтай гэж тэмдэглэсэн ч иймэрхүү төрлийн хүмүүст итгэх аргагүй бөгөөд энэ этгээд шал өөр нэртэй, Ригад биш Бухарестийн хаа нэгтээ ч төрсөн байж болзошгүй нь мэдээж билээ. 
Үхдэлийг үзэнгээ Крэйберг «Надад дандаа л «аз» дайрах юм даа» хэмээн бодоод гүнзгий шүүрс алдав. Дэлхийн нэгдүгээр дайн дуусаад дөрвөн жил болсон ч Венад хүнс эд бараа хомс хэвээр дамчид хотоор дүүрэн байлаа. Хэрвээ дайн болоогүй бол ч Крэйберг өдийд ордны зөвлөх түшмэл мэтийн дээгүүр алба хашиж байх байлаа… даанч мөрөөдөл юм даа. Гэтэл одоо энэ Якоб Куссмауль гэгч этгээд амар заяаг нь үзүүлэхгүй шинжтэй болоод явчихлаа…
Шатар өрж тавьсан ширээний хажууд үхдэл хэвтэнэ. Цээжний зүүн хэсгээс нь гоожсон цус ягаан торгон цамцыг нилд нь буджээ. Шатрыг харвал өрөг дөнгөж эхэлж байжээ. Хөлгийн хажууд ууж байсан бололтой дундуур хар кофетой хоёр аяга, ёотон хийдэг хоёр жижиг мөнгөн дийз байна. Нэг дийзэн дээр гурван ширхэг ёотон байх аж. Якоб Куссмауль баруун гартаа шатрын хар ноён, зүүн гартаа цаасан боодолтой ёотон атгасаар шалан дээр амь тавьжээ.