Миний анхны өгүүлэгийн түүвэр хэвлэгдэн гарлаа. Бичигдсэн цаг хугацааны хувьд хуучин авч төлөв нь шинэ болов уу гэж санаж байна. Товчхондоо "... шинэ юм биш гэхдээ хуучин байхыг үл хүснэ".
Хэзээ нэгэн цагт
өөрийн бүтээлүүдээр түүвэр ном хэвлүүлнэ гэж сэтгэлийнхээ гүнд удаан бодсон ч
ийн хэвлүүлнэ гэж бодож байгаагүйгээ хэлэх учиртай юм болов уу. Уран зохиолыг
хувийн хэрэг гэдэгт би гүнээ итгэдэг. Бичиж туурвиж буй уран бүтээлч ч, уншиж
таашааж буй та ч аливаа өгүүлэг, туурь, тууж, романуудаас зөвхөн өөрийгөө л
эрэн бэдрэх мэт надад санагдах амуй. Эсвэл миний өгүүлэг тууриуд таны урьд
зүүдэлж байгаагүйг сануулж, сэрж байгаагүйг мэдрүүлсэн байж магад. Цаашилбал
дахин унших хүслийг тань өдөөж тархийг чинь талхиж, хатгаж, түлхсэн ч байж
магад. Гэхдээ энэ бол эдгээр зохиолуудын зөвхөн танд л хүрч буй байдал юм. Танд
ингэж хүрээгүй бол одоо яая гэхэв. Ер нь ингэж хүрэх албатай биш, бүгдэд ингэж
үйлчилнэ гэж байхгүй. Тэр бүү хэл уншигч бүрт ингэж хүрэхгүй байваас би ихэд
хөхин баясах болно. Учир нь чухам тэр л “хүн бүхэн адилгүй хүлэг бүхэн
жороогүй” гэдэг миний ардын цэцэн үгийн / магадгүй хүн төрөлхтний үнэ цэнэ-ийн/
баталгаа болох буюу. Өөрөөр хэлбэл миний
зохиолууд юуны түрүүнд танд зориулагдаагүй юм, гэхдээ таныг уншиж таашаахад
надад дургүйцэх юм алга аа...
Д.Дашмөнх