Jan 26, 2012

Г.Ням-Очир

Цаг Төгрөг тавин мөнгө p.m-ээс 
Цаг Доллар  тавин цент a.m хүртэлх 
Миний нэг өдөр


Цаг төгрөг тавь p.m  ирэхэд 
Цагаан цамцны цаадах
Цагаан даруулганы зүгээс
Танил содон үнэр үнэртэж
Өдрийн зоогны appetite хүрнэ.
Цаг төгрөг тавь p.m эхлэхэд
Салганан чичрэгч гар дур тавьж
Янаглагч үзэг залхсандаа
Хөгжөөн цэнгээнгүй хөнжил
Цүнхний зүг одож
Хагацлын дуу дуулна.
Цаг төгрөг тавь p.m болоход
Эрх чөлөөний хөшөөнд цэцэг өргөгсдийн урт цуваанд
Их сургуулийн хаалга чийхран цэлийн онгойж
Ирэх өдрийн найман төгрөг дөчин мөнгө хүртэл
Үнээ өсгөхөөр "Нарны титэм"-д одно.
Цаг төгрөг тавь p.m өнгөрөхөд
Цас орохоо больж хавар цаг ирнэ.
Гудамж зам дээр тосох зоогийн газрын зүгээс
Cola, Tiger, хуушуур, бууз, цуйван 
Хээнцэр охидын уруулын тамгатай Marlboro үнэртэж
Толгой эргэн ухаан самуурсаар
Гэнэт цагаа харвал 
Цаг доллар тавин цент a.m 
Харих цаг болсон байлаа.

Jan 23, 2012

Г.Батнасан ...-ЛТ 2

Өмнө минь тавганд хоригдсон хөөрхий хоол хэмээгч хоригдол. Будаа нуль будаа. Чааваас. Будаан доороос будаанд дарагдсан арчаагүй махны гар, хөл, хуйх, өөр юу нь ч юм цухуйна. Би махыг аваръя. Махыг аврахын тулд будааг идэх хэрэгтэй. Будаа олноороо бас цагаанаараа дээрэлхэн махыг даржээ...
... Будаа ч бас амттай шүү. Хүүе мах цухуйлаа. Цав цагааны дундаас зовлонт бор арьс тос даасан... Үгүй тос биш нулимс байна. Бүр самсаагаа шархиртал уйлж гээч. За за уйлахаа боль. Одоохон...
... Чиний хүрэн бор гадар дээр орших хэдэн будаа юутай өчүүхэн, та өөрөө юутай сүрлэг сайхан харагдана вэ? Зүгээр зүгээр тайван бай. Бүү өндөлз... Бяарлалаа гэх хэрэггүй. Яагаад гэвэл би аварсныхаа хариуд чамайг идэх гэж байна. Ийм л юм яая гэхэв. Чи ч бас идүүлснийхээ хариуд намайг иднэ.
... Нээрээ идүүлснийхэээ хариуд хариуд намайг яаж идэх юм бол? Дотроос уу? Гаднаас уу? Тэгээд чухам юунаас эхэлж яаж..? Өө яахав. Тэр юу л идэж шалиа аж. Тэр жижигхэн. Чааваас амаар багтаж, ходоодонд орохоор тийм өчүүхэн шүү дээ. ӨЧҮҮХЭЭЭЭН .... Хэ хээ хээээ...
1993 он

Jan 5, 2012

Ном борлуулах аа гэж

Сул тэмдэглэл
Хэдэн жилийн өмнө японы шилдэг зохиолчдын сөнөл мөхлийн сэдвээр бичсэн өгүүлэгүүдийг нэгтгэж түүвэрлээд "Үхлийн тууриуд" гэдэг ном 300 хувь хэвлүүлээд зарах гэж бөөн юм болж, жил хагас зарж байж дуусгасан санагдана. Нэлээдийг нь танилууддаа тараагаад дууссан. Уг нь анд Г.Батнасан маань хэвлэлийн зардлыг нь даасан болохоор би ч нэг их "шатсангүй" тэгсгээд өнгөрсөн юм. Сураг дуулаад байсан тэр ном заавал унших номын жагсаалтад орсон ч гэх шиг бас бус хүмүүс нэлээдгүй сурагладаг, анх хэвлэгдсэнээс хойш бараг арван жил өнгөрсөн ч гэх шиг болохоор нь өнгөрсөн оны намар дахиж 300 хувь хэвлүүлээд үзэв. Одоогийн байдлаар энэ номноос ердөө 71 ширхэг зарагдаад байна. Сонгодог зохиол гүйлгээтэй байдаггүй л дээ. Гэхдээ гунигтай юм. Дээр нь номын дэлгүүр гэж... за тэр хүмүүс гайгүй холхидог хэдэн төв номын дэлгүүр гэж ёстой дээрэмчид байдгийг мэдэж авав. Юу ч хийгээгүй байж үнийн дүнгийн 38 хүртэл хувийг дээрэмддэг юм байна. Бас ном зарах мэнэжмэнт гэгч айхтар юм газар авч байгааг мэдлээ. Номыг гоё нэрлээд энд тэндгүй сурталчлаад өндөр үнээр зардаг юм байна ш дээ. Мэдсэн бол арван жилийн өмнө энэ номыг "Японоос ирсэн интоорын ягаахан дэлбээ" гээд нэрлээд нүүрэн дээр тэнгэрийн хаяаны гэрэл зураг тавиад үзсэн бол сайн зарагдах байжээ. Уг нь одоо зарагдаж байгаа "Үхлийн тууриуд"-ын нүүрэн дээр японы сонгодог үкиёо, алдарт Утаморо-гийн "Эргэн харж буй гоо бүсгүй" гэдэг бүтээл байгаа юм л даа.  
Өнгөрсөн намар би америкийн шилдэг уран сэтгэмжийн зохиолчдын богино өгүүлэгүүдийн түүвэр бас хэвлүүлсэн юм. Энэ номыг хэвлэлд бэлдэн эхийг нь уншиж байтал миний танил, утга зохиолд тун элэгтэй өөрөө ч бас чамгүй оролдож байдаг нэгэн ах юу хийж байгааг минь сонирхов. "Алах эрхийн бичиг" гэдэг нэртэй америкийн уран сэтгэмжит өгүүллэгүүдийн түүвэр гэсэн чинь "пүү пай" болов. Тэгээд хэлжийна. "Энэ улс чинь аллага хүчирхийлэлээр  дүүрлээ, ийм муухай нэртэй ном хэвлүүлж бас нэг нэмэр болоод яахав, хүмүүст гэгээлэг гоё сайхан сэтгэлийг нь сэргээх юм хэрэгтэй байна. Тэгээд ч уран зөгнөл энэ тэр бол хүмүүст хүрэх үү, бодит амьдрал дээр байх аа. Ийм юм хэвлүүлж цаас, цаг, мөнгөний гарз хийгээд дэмий... Ядаж нэрийг нь соль. Тэр тусмаа өсвөр насны хүүхдүүдэд голчлон зориулсан юм бол бүр солих хэрэгтэй. Номын чинь зохиолуудын гарчгийг харахад яасан муухай нэртэй зохиолууд сонгож авсан юм. Би "алах эрхийн бичиг" гэдэг нэртэй ном хүүхэддээ яасан ч авч өгөхгүй... Сайхан нэг тийм сэтгэлд хоногшмоор юм уулс ус байгаль үгүй ядахдаа ариусаж гэгээрэх бүддийн сургаальтай холбоотой юм орчуулж болдоггүй юм уу...
Ахын үгэнд оров. Номын нэрийг "Харь гаригийн өгүүллэгүүд" болгон өөрчлөв. Гурван зуун хувь хэвлэгдсэн номноос 97 ширхэг зарагдаад байна. 
Номын чэнжүүд, дэлгүүрийн худалдагч нараас ямар ном сайн зарагддагийг асуусан чинь бизнэсийн болон сэтгэлзүйн элдэв зөвлөгөө, хэрхэн баяжих тухай эсвэл сэнтимэнталь юмнууд галзуутай гэнэ. Аан тийн "Чонон сүлд" гэдэг ном үнэн сайн зарагддаг гэнэ...
Номын сангууд бол ном худалдаж авахгүй, төсөв байхгүй, уран зохиолын ном бол бүр хэрэггүй гэнэ. Ганц нэг нь хандивын журмаар бол авч болох гэнэ. Ер нь бол номын сангууд уран зохиолын номонд дургүй болсон гэнэ.    
Одоо ганц л юм бодож байна. Дахиж ном өөрийн зардлаар хэвлүүлэхгүй, хэвлүүлбэл зарахгүй, зарвал заавал "сайхан нэр" өгнө..."Сэтгэлийн болор цомон дахь мөнгөн дарсны эхний дусал..." 

Dec 3, 2011

П.Батхуяг

Ордны Шүлэгч


Өглөөгүүр хаадын шилтгээнд
Хатдын дур тавин орилох мэт
«Твист»-ийн тэсрэлт шиг хөгжим
Тачигнана.
Таалал төгсчээ.
Би хэмээх 
Ордны шүлэгч 
Оддын тоос дарсны шуухинаа
Оройн тэнэг зугаалга
Ор үгүй болов, оргүй болжээ.
Оготор банзлын салхинд залгилсан мэт согтогч үгүй болоод
Ордонд нам гүм. Далан давхар мэт болов.
Орилон суудаг шүлэгч
Одоо энд үгүй ч
Олон олон шавар тосгонд
Орилон суугаа
Би хэмээх ордны шүлэгч
Би ерөөс үхээгүй амьд сэрүүн
Western-ий сууринд архидан суугаа
Ковбой гутлын хоншоор 
Загасчдын тосгонд хоншоорон сар
Загалмайтны аян дайн, Тевтоны рыцарийн 
Илд мэт сар, сар мэт бөхийвч
Намайг хэн ч үл үзнэ. Би амрагтаа очно. 


Ардын нөхөрлөлийн эргүүл


Орцны сүлд дуугаа орилолдож
Охидын бэлхүүсээр тэвэрцгээ
Гашуудал адил малгайгаа авцгааж
Гангачуулын торгон оймс
Гархи болоод хөхний даруулга…
Үхэр сүрэг мэт «Gunsn roses» хашхиралдаж
Үнэг өвөр үрүү орох мэт
Шөнийн гудамжинд охидын зүрх
Ганган гутлын гялгар тоногонд 
Бэмбэгнэхийг үзээд
Цахилгаан бороохойдох мэт
Цахилгаанд цохиулах мэт
Цой…/Закрой за мной дверь. Я ухожу/
Цагийн эрхээр 
Цагны шилэнд сэв сууж
Гялгар ууттай сүү мэт шимэн
«Gunsn roses»-ийг үхэр сүрэг мэт хашхиралдаж
Пийжүү болоод Cola-ний лааз өшиглөцгөөж
Paradox-ийн үүдэнд шөнийн эргүүл хийцгээе

Nov 19, 2011

Д.Энхболдбаатар Awful-6 гудамжны зураг

Яагаад ч юм, энэ орчлонгийн хамгийн том хотын төв гудамж явсаар байгаад Awful-6 гудамжинд хүрдэг. Гудамжны төгсгөлд буюу энэ орчлонгийн хамгийн том хотын захад нэгэн саарал байшин байдаг. Энэ байшин одоо эзгүй. Харин урьд нь энэ орчлонгийн хамгийн том зураач энд бурхан болсон юм гэнэлээ. Тэр зураач үхсэнээсээ хойш яг арав хоног саарал байшингийнхаа гол өрөөнд хамгийн сүүлчийнхээ уран бүтээлийг ширтэж суусан юм байх аа. Тэр зургаа зурж зурж дууссанаас хойш уг суудлаасаа огт босоогүй бөгөөд энэ үед тэр орчлонгийн хамгийн эрүүл хүн байлаа. Түүнийг Странгер гэдэг байсныг хожим хотын хэвлэлд бичсэн байсан. Хамгийн сүүлийнх нь зургийг ч бас хавсаргасан байсан санагдана. Метр, метр хагасын хэртэй зотонг нэлд нь бүдэг бараан өнгөөр сааралтуулж орхисон тэр гайхамшигт зургийг нэгэн урлаг судлаач хожим «Awful death» гэж нэрлэсэн байсан.

Nov 7, 2011

Г.Батнасан НАМАГ

Цаг хэмээгч өгөр гуйлгачинд насаа хишиглэсээр би нэгэнт хориод жилийн амьдралаа орхижээ. Одоо бодоход миний гэрэл гэгээ нь бадран галзуурсан эрх танхи тэр л очир эрдэнийн гэхээс аргагүй үе. Тийн бодоход гуйлгачин Цагт юу ч өгмөөргүй. Гэвч өөрийн өглөгч сэтгэл, түүний башир аргыг яах ч  аргагүй. Ийнхүү цаашилсаар төдийлөн үл хүсмээр тэр он жилүүд үрүү очно. Чухамдаа хүсмээргүй учраас л наснуудынхаа цаад уруу шидчихсэн тэр үе рүү. За энэ бодлоо түр орхин цааш явъя. Аав ээж маань ч
-Хурдал аа шигдчихнэ шүү гэнэ. Нээрээ ч хөлийг минь сорон хөхөж жаахан л удвал хөдлөх ч аргагүй болох нь ээ. Бид хийгээд бидний адил хүмүүс мөн амьтад энэ намганд амьдардаг. Энэ хөл тушсан өмхий ногоон намганд зөвхөн хөлөө зөөхийн төлөө л бүх хүчээ шавхан, өчүүхэн төдий л амсхийж ялимгүй удвал … Хаа нэгтээ шигдэн хөдөлж чадахгүй болсныг хэн нэгэн татавч эс дийлэн шигдчихээсээ айн цааш одоход дараах нь өнөөх дээр гарч зогсон амсхийгээд цааш явна. Харин шигдмэл улам шигдэнэ. Бүү хар Битгий эрэгцүүл гуйя Энэ бол аймшиг. Би, бид атаархдаг. Намаг дотуур чөлөөтэй сэлэгч намгийн гэгдэх амьтдад. Тэд чив чимээгүй дөхөн ирж, нэг л мэдэхэд хошуугаа шигтгэн, цусыг минь, цусыг нь сорно. Хамгийн их атаархуулдаг нь мэлхий. Тэр хүссэн цагтаа ил гарч хөвөн дэвхэрч, хүссэн цагтаа шумбан орно. Гэвч түүнийг урт хөлтэй шувуу ирж иднэ. Тэд нэгэн цагт бас л хүн байгаад өдгөө ийн сэлэгч, шумбагч, нисэгчид болсон бизээ гэж бодном. 
Одод дүүрэн ярайгаад, сар мэлтийн гарчээ. Хүн болгон сарны зүг баясгалантайгаар  харж
- Гэрэлт бурхан минь чи л энэ өмхий тамыг ширгээж хайрла хэмээн мөргөцгөөнө. 
- Нээрээ хатаагаасай гэж би ч бас залбирна. 
Аав минь хэзээ ч юм бэ нар гээчийг үзсэн гэж ярьдаг юм. Харин аавын дээр нь авиран байж нар харсан мод одоо хаана буйг би үл мэднэ. Хачин гэгээтэй болох үеэр өтгөн цагаан манан хөшиглөж дээрээ байтугай өмнөө байгааг ч харах аргагүй болно. Тэгээд намгаас улам бүр ханхлах өмхий үнэрт толгой эргэн шал согтож, дэндүү мангуу болж орхино. Бие маань дагжин чичрэхэд л сая сийрэн харагдах од дүүрэн ярайж сар мэлтийтэл мандсан байна. Энд тэнд солиорон байхдаа шигдэгсэд овойн, сарвайн харагдаж, зарим нь таг дуугүй, огт чимээгүй, зарим нь орилон гаслан… Харин бид мөргөлөө эхэлнэ. 
Гэрэлт бурхан минь  чи л…
1994 он

Nov 1, 2011

П.Батхуяг


Чи минь данх мөн
Бие чинь данхны хэлбэртэй адил
Гоо сайхан
Парисын өргөн чөлөө
Баянхошууны гудамж
Шарилын газар
Хуримын ордон гэхчилэн
Чамайг дурсагчдын цуваа
Улаан талбайд Майн нэгнийг тэмдэглэх мэт хөвөрч
Их дэлгүүрийн лангуун дээр данх сураглагчид овооролдон
Чамайг магтан дуулна.
Чамд цай буцалж
Уур босно.
Уур нь би юм.
Би уур юм.
Хэд хувирах минь
Хэнд ч нууц.
Бие чинь данхны хэлбэр мэт
Гоо сайхан.
Ийм саруулхан шөнө
Эхнэртэйгээ
Их дэлгүүр ухмаар...
1994 он

Oct 31, 2011

Г.Ням-Очир
Rest in Peace-III буюу Самбалхүндэвийн оронд талийгаачийн төрсөн өдрөөр хундаганд Gin дарс харшихад няцсан бадаг

Тийш ганганан одогч аяны шувууд 
Тэнд ганцаар үлдсэн миний амрагт 
Тэмүүлэл хүсэл мэт хавар цагийг бэлэглэхгүй.
Тачаангуй үнсэлт, тас тэврэлтийг санагдуулахгүй.
Газрын диваажин архины мухлаг ертөнцийн хязгаараас 
Гиюүрэн зогсоход минь гэрэлтэж байдаг цонхыг би үзэхгүй.
Гараан савлаж тэргүүнээ гудайлган өнгөрөн одоход минь
Ганцхан мөчийн дараа ч чи намайг дурсах эрхгүй.
Тачаангуй үнсэлт, тас тэврэлтийг санагдуулахгүй.
Тэмүүлэл хүсэл мэт хавар цагийг бэлэглэхгүй.
Тэнд ганцаар үлдсэн миний амрагт 
Тийш ганганан одогч аяны шувууд 
1993 он

Д.Дашмөнх 
Банзан хашаан дахь "Guns'n roses"


Гүн харанхуй шөнө хотын гудамжнаа янаглангуй нэвсийж,
Гуйрамчин ноход хаа нэгтээ ярхийн хуцалдахад,
Банзан хашааны сүүдэр даган одод согтуу тэнэж,
Бас тэгээд "Улаанбаатарын үдэш намуухан..." хэмээн
Цээл хоолойгоор
Цуурайтуулан бархирна.
Банзан хашаан дахь бяцхан гэрт
Бяцхан лаа гагцаар сүүмэлзэхэд
Элэгдмэл ширээн дээрх хуучин радиогоор
"Guns'n roses" шиврээ бороо адил сэм анирлана.
Өөжин танил энэ "гэрт"
Хайямын шүлэг сүнсээ олмогц
Өндөр шүүгээний нүүрэнд оогоор наагдсан поп дуучин
                                                 /хувцсаа тайчиж/
Урин цагийг эрин довтолгогч сүүн гэрэлтийн доор
Үдшийн /.../ сонсож Жаконда шиг жуумалзана.
Будангуй хашаан дахь өвснүүд шивэр авир гэлцэж
Бямба улаан дарсыг амтлахгүйдээ атаархахад
Бурхны авралаар энэ шөнө дахиж ирэлгүй
Буг чөтгөртэй тэврэлдэн "Усны гудамж"-аар одно.
1993 он

Oct 18, 2011

Г.Ням-Очир
Би Sun Thunderbolt-2


Зүйргүй их шаналнам.
Зөрж өнгөрөх охидын тухай
Зөн билэг, дурлалын тухай
Зүүдлээд сэрэх цаг хугацаанд
Зүлэг ногоод ганднам. Гэвч зөвхөн
Нам гүмхэн миний нутагт нар жаргадаггүй
Нас барагсдын /хотын/ гудамжинд үймээнт шөнө дуусдаггүй.
Зүйргүй шаналнам,
Зүлэг ногоод ганднам.
Зүйл дуусаж орчлонгоос хагац...Тэр цагт Marry Christ mass