Сул тэмдэглэл
Хэдэн жилийн өмнө японы шилдэг зохиолчдын сөнөл мөхлийн сэдвээр бичсэн өгүүлэгүүдийг нэгтгэж түүвэрлээд "Үхлийн тууриуд" гэдэг ном 300 хувь хэвлүүлээд зарах гэж бөөн юм болж, жил хагас зарж байж дуусгасан санагдана. Нэлээдийг нь танилууддаа тараагаад дууссан. Уг нь анд Г.Батнасан маань хэвлэлийн зардлыг нь даасан болохоор би ч нэг их "шатсангүй" тэгсгээд өнгөрсөн юм. Сураг дуулаад байсан тэр ном заавал унших номын жагсаалтад орсон ч гэх шиг бас бус хүмүүс нэлээдгүй сурагладаг, анх хэвлэгдсэнээс хойш бараг арван жил өнгөрсөн ч гэх шиг болохоор нь өнгөрсөн оны намар дахиж 300 хувь хэвлүүлээд үзэв. Одоогийн байдлаар энэ номноос ердөө 71 ширхэг зарагдаад байна. Сонгодог зохиол гүйлгээтэй байдаггүй л дээ. Гэхдээ гунигтай юм. Дээр нь номын дэлгүүр гэж... за тэр хүмүүс гайгүй холхидог хэдэн төв номын дэлгүүр гэж ёстой дээрэмчид байдгийг мэдэж авав. Юу ч хийгээгүй байж үнийн дүнгийн 38 хүртэл хувийг дээрэмддэг юм байна. Бас ном зарах мэнэжмэнт гэгч айхтар юм газар авч байгааг мэдлээ. Номыг гоё нэрлээд энд тэндгүй сурталчлаад өндөр үнээр зардаг юм байна ш дээ. Мэдсэн бол арван жилийн өмнө энэ номыг "Японоос ирсэн интоорын ягаахан дэлбээ" гээд нэрлээд нүүрэн дээр тэнгэрийн хаяаны гэрэл зураг тавиад үзсэн бол сайн зарагдах байжээ. Уг нь одоо зарагдаж байгаа "Үхлийн тууриуд"-ын нүүрэн дээр японы сонгодог үкиёо, алдарт Утаморо-гийн "Эргэн харж буй гоо бүсгүй" гэдэг бүтээл байгаа юм л даа.
Өнгөрсөн намар би америкийн шилдэг уран сэтгэмжийн зохиолчдын богино өгүүлэгүүдийн түүвэр бас хэвлүүлсэн юм. Энэ номыг хэвлэлд бэлдэн эхийг нь уншиж байтал миний танил, утга зохиолд тун элэгтэй өөрөө ч бас чамгүй оролдож байдаг нэгэн ах юу хийж байгааг минь сонирхов. "Алах эрхийн бичиг" гэдэг нэртэй америкийн уран сэтгэмжит өгүүллэгүүдийн түүвэр гэсэн чинь "пүү пай" болов. Тэгээд хэлжийна. "Энэ улс чинь аллага хүчирхийлэлээр дүүрлээ, ийм муухай нэртэй ном хэвлүүлж бас нэг нэмэр болоод яахав, хүмүүст гэгээлэг гоё сайхан сэтгэлийг нь сэргээх юм хэрэгтэй байна. Тэгээд ч уран зөгнөл энэ тэр бол хүмүүст хүрэх үү, бодит амьдрал дээр байх аа. Ийм юм хэвлүүлж цаас, цаг, мөнгөний гарз хийгээд дэмий... Ядаж нэрийг нь соль. Тэр тусмаа өсвөр насны хүүхдүүдэд голчлон зориулсан юм бол бүр солих хэрэгтэй. Номын чинь зохиолуудын гарчгийг харахад яасан муухай нэртэй зохиолууд сонгож авсан юм. Би "алах эрхийн бичиг" гэдэг нэртэй ном хүүхэддээ яасан ч авч өгөхгүй... Сайхан нэг тийм сэтгэлд хоногшмоор юм уулс ус байгаль үгүй ядахдаа ариусаж гэгээрэх бүддийн сургаальтай холбоотой юм орчуулж болдоггүй юм уу...
Ахын үгэнд оров. Номын нэрийг "Харь гаригийн өгүүллэгүүд" болгон өөрчлөв. Гурван зуун хувь хэвлэгдсэн номноос 97 ширхэг зарагдаад байна.
Номын чэнжүүд, дэлгүүрийн худалдагч нараас ямар ном сайн зарагддагийг асуусан чинь бизнэсийн болон сэтгэлзүйн элдэв зөвлөгөө, хэрхэн баяжих тухай эсвэл сэнтимэнталь юмнууд галзуутай гэнэ. Аан тийн "Чонон сүлд" гэдэг ном үнэн сайн зарагддаг гэнэ...
Номын сангууд бол ном худалдаж авахгүй, төсөв байхгүй, уран зохиолын ном бол бүр хэрэггүй гэнэ. Ганц нэг нь хандивын журмаар бол авч болох гэнэ. Ер нь бол номын сангууд уран зохиолын номонд дургүй болсон гэнэ.
Номын чэнжүүд, дэлгүүрийн худалдагч нараас ямар ном сайн зарагддагийг асуусан чинь бизнэсийн болон сэтгэлзүйн элдэв зөвлөгөө, хэрхэн баяжих тухай эсвэл сэнтимэнталь юмнууд галзуутай гэнэ. Аан тийн "Чонон сүлд" гэдэг ном үнэн сайн зарагддаг гэнэ...
Номын сангууд бол ном худалдаж авахгүй, төсөв байхгүй, уран зохиолын ном бол бүр хэрэггүй гэнэ. Ганц нэг нь хандивын журмаар бол авч болох гэнэ. Ер нь бол номын сангууд уран зохиолын номонд дургүй болсон гэнэ.
Одоо ганц л юм бодож байна. Дахиж ном өөрийн зардлаар хэвлүүлэхгүй, хэвлүүлбэл зарахгүй, зарвал заавал "сайхан нэр" өгнө..."Сэтгэлийн болор цомон дахь мөнгөн дарсны эхний дусал..."



