Oct 8, 2011

"Үхлийн тууриуд дахин хэвлэгдлээ


Би блогоо тоосонд нь даруулахгүй гэж хичээдэг ч энэ удаа гар хүрэлгүй арай л удчих шиг. Гэхдээ хувийн хийгээд хувьсгалын шалтгаан байна. Жишээлбэл хоёр ном хэвлүүлэх гэж баахан мачиганав. Нэр нь"Үхлийн тууриуд", "Харь гаригийн өгүүллэгүүд".
Удтал хүлээлгэсэн номууд маань хэвлэгдэв. Урьд блог дээрээ өмнөтгөлийг нь нийтлээд орхисон уран сэтгэмжит өгүүлэгийн "Харь гаригийн өгүүллэгүүд" хэмээх түүвэр хэвлэгдлээ. АНУ-ын шилдэг уран сэтгэмжийн зохиолчдын найман өгүүлэг агуулсан энэ ном маань өсвөр насныханд, зөгнөл хүсэл мөрөөдөлдөө шатаж байгаа тэр насныханд илүү таалагдах болов уу гэж найдна. Гэхдээ сайтар бодоод ахул эсрэгээр ч юм шиг... Юу ч атугай уншигч та өөрийнхөөрөө шүүтүгэй. 
Есөн жилийн өмнө хэвлүүлсэн Японы шилдэг зохиолчдын өгүүллэгийн түүвэр "Үхлийн тууриуд" хэмээх номоо нэмж засварлан дахин хэвлүүлэв.Энэ номонд арван нэгэн сгүүлэг бий. Сураг дуулбал ихээхэн ховордсон бас эрэлттэй гэлцэнэ. Харамсалтай нь элдэв бөөн шалтгаанаас болоод жаахан үнэтэй зарагдах нь байна. Гэвчиг уншихыг хүсэгчид бол тун шалихгүй үнэ гэж найдна. 
Сайн, сайхан зохиол унших нь юутай ч зүйрлэмгүй сэтгэлийн таашаал эдлүүлдэг билээ. Тэр таашаалыг уншигч та хүртэж чадвал миний сэтгэл ханах буюу.

Aug 11, 2011

Хотын гудамжинд цас ороход хов хоосон
Хоосноос хоосон уруу
Харанхуйгаас харанхуй руу
Ха нэгтээгээс хаа нэгтэй рүү

/.../ гэрэл нэвтлэн
Гунигаас гуниг уруу
Гайхшралаас гайхширал уруу
Байхгүйгээс байхгүй рүү

Хотын гудамжинд цас ороход хов хоосон
Хотын гудамжинд бороо ороход бүр ч хоосон...

2011.8.10

Jul 7, 2011

Б.Ринчин Монгол хэл

Сод их билигт түмэн юүгээ бишрэн магтмуу би,
Сонсох бүр яруу баялгийг гайхан баяса/х/
Чин зоригт өвөг дээдсийн минь өв их эрдэнэ
Чихнү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл

Энхрийлэн бадруулахын бат зориг төгс /.../ сайхан
Эгшиг сайхан монгол хэл юүгээн нэн хайрлан дээдэлмү,
Хурц авьяаст хөвгүүд дүү нар, халуун элгэн хотол
Хутаг өлзий бүрдсэн хувь их заяат түмэн минь

Сэтгэл урмас бадран бахадму, үсэн буурал өтгөс би,
Сэлбэлгүй сэцэн оюутан, хэл юүгээн энхрийлэн хөгжүүлье /.../
Түвшнээ соёл эрдэнэ юүгээн мандуулахын гэгээн улирал нээгдлээ,
Түгшүүрт бэрхийг даван туулсан баатар түмэн минь

Түлхэх бүр сэтгэл сэргэн магнайн үрчлээ тэнийнэм
Түмэн түмэн үеийн оюун билгийн үлэмж сангийн үүдийг чинь,
Өдөр бүр үгсийн эрдэний чинь баярлан түүнэм
Өсөх наснаас өтлөх насан хүртэл чам юугаан судлан,

Хөгжим мэт яруу баясгалант монгол хэл минь
Хөндийн цээжинд орогч бүгдийг нэвтрүүлэгч чадалт/ай/,
Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч
Мөрөн гол цутгалант ширгэшгүй их далай мэт /байг/

Өрнөн мандахын шинж бүрдсэн өвгөдийн минь хэл
Өөдлөн дэвжихийн төгс хувьтайд /минь/ итгүүлсэн
Уйтгарлан бодоход урам зоригийг мину сэргээсэн
Урьдын бэрх цагт улс монголын хэт заяаг /өргөсөн/

Чихнү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт өвөг дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясаж
Сод их билигт түмэн юүгээ бишрэн магтмуу би.

Jun 23, 2011

Эртний солонгос шүлэг

Пак Ин Ро 

Эцгийн тухай бодлоороо би уртын урт дээс томоё
Энгүй тэр бугуйлаараа холын холоос нарыг барья
Эргэх мөчийг аргамжиж буурлын буурал таньдаа туслая

Мишигийн Цэдэндорж монголчлов

Jun 21, 2011

Гацав

Сайхан тунгалаг шөнөөр
Сигар зуусан шиг...
Scotch тамшаалсан шиг ...
Сар уруу нулимсан шиг ...

Орцны дуутай шөнөөр
Уруул амаа шилэмдсэн шиг ...
Улиас мод уруу авирсан шиг ...
Унаж тэндээсээ гэмтсэн шиг ...

Мөстэй кола шиг шөнөөр
Мөөгтэй пирожки хазсан шиг ...
Шилэн диско мөрөөдсөн шиг ...
Шалдан Венера төсөөлсөн шиг ...

Орцны лифтэнд
Охин Joy-той гацчихав аа хөөрхий

Apr 1, 2011

Шог явдлууд

Гёте нарийхан зөргөөр явж байгаад хэн нэгэнтэй таарчээ. Тэр эрхэм ихэд эгдүүцэн
-Би тэнэгүүдэд ердөө зам тавьж өгдөггүй гэв. Гёте хариулсан нь
-Би бол үргэлж зам тавьж өгдөг. Та ийшээ яв яв...
***
Нобелийн шагнал, Оскарын шагнал хоёрыг хоёуланг нь хүртсэн цорын ганц зохиолч болох Жорж Бэрнард Шоуд тухайн үедээ нэрд гарч байсан бүжгэн жүжигчин бүсгүй захидал илгээжээ. Миний шүтэн бишрэгчдийнхээр бол надад дэлхийн хосгүй үвтэгш бие махбодь заяасан байна. Харин миний дуулснаар та дэлхийн хамгийн ухаантай хүмүүн аж. Иймээс хоёулаа гэрлэе. Бидний хүүхэд энэ хосгүй чанаруудыг эзэмшиж төгс хүн болох нь гарцаагүйШоу хариу илгээсэн нь. «Ээ тэнгэр минь, тэр хүүхэд таны оюун ухаан, миний бие махбодийг эзэмшвэл юу болох вэ?"

***
Марк Твэйн зохиолч төдийгүй гайхамшигтай сэтгүүлч байсан. Тэрбээр дайныг ихэд эсэргүүцдэг, цэргийн хэнээтнүүдийг байнга шүүмжилж бичдэг байж. Нэгэн генералыг Марк Твайн шүүмжилж «…генерал цол хүртэх байтугай нулимуулах ч гавьяагүй нэгэн…» гэж сэтгүүлд бичжээ. Өнөөх эрхэм хэт доромжилж байна хэмээн шүүхдэж, Марк Твэйнийг уучлал гуйж бичсэнээ залруулан бичихийг шаарджээ. Шүүх дээр ялагдсан Твэйн сонинд бичсэн нь « генералыг өмнө нь би ийм цол хүртэх байтугай нулимуулах ч гавьяагүй хүн хэмээн сэтгүүлд бичсэн нь ташаа дүгнэлт байсан ажээ. Тэр бол нулимуулах гавьяатай хүн юм байна. Уучлал гуйж залруулж байгааг минь хүлээн авна уу »

***
Мигуэль де Сэрвантэс 1595 онд Сарагост болсон библийн сэдвээрх яруу найргийн уралдаанд тэргүүлсэн талаархи баримт түүхэнд хадгалагдан үлджээ. Баярлаж хөөрсөн Мигуэль гэртээ их л бардам харьж эхнэртээ уралдааны дээд шагнал болох гурван мөнгөн халбагыг гардуулж өгсөн байна. Каталина де Сэрвантэс эхлээд уйлж, сүүлдээ уурсаж, нөхрийгөө тэнэг мангуу бүтэлгүйгээр дуудаж, эцэст нь Мигуэлийг ухаан сууж, хөнгөн хийсвэр дэмий зүйлээр оролдохоо болихгүй бол төрхөмдөө буцна гэж анхааруулжээ.

Mar 13, 2011

Р.Уэллек, О.Уоррэн «Уран зохиолын онол» номноос

… “аугаа их зохиолууд» буюу «уран найруулага уран дүрслэлээрэ товойн ялгарсан» бүтээлүүдээр уран зохиолын мөн чанарыг тодорхойлохыг оролдож болох юм. Энд агуулага ямар байх нь хамаагүй. Яагаад гэвэл гол шалгуурын үүргийг гоо зүйн үнэт зүйлс дангаараа буюу оюуны үйлийн бусад айтай шүтэлцэн гүйцэтгэх болно. Хүүрнэл зохиол, жүжиг, яруу найргийн зохиолуудын гоо сайхны тал нэлээд ялгарч харагдах бөгөөд харин бусад төрлийн зохиолууд нэрд гарч алдаршсанаараа юм уу эсвэл маш явцуу хүрээн дэхь гоо зүйн үзүүлэлтээрээ үүнд хамаарч болох юм. Явцуу хүрээн дэхь гоо зүйн ойлголт гэдэгт: найруулага, уран чадвар, зохиомж, өгүүлэмжийн үнэмшилтэй чанар гэх мэт шинж тэмдгүүдийг багтааж болно. Энэ бол уран зохиолыг бусад юмс үзэгдлээс ялгах хамгийн өргөн тархсан арга билээ. Уран зохиолын ямар нэгэн бүтээлийг « уран зохиол биш» гэж хэлснээр бид тухайн зохиолд үнэт зүйлсийн тодорхойлолт өгч байгаа юм. Гэтэл үүнтэй төстэй тодорхой шинжлэх ухааныхан: түүхчид, гүн ухаантнуудын зохиолыг «жинхэнэ уран зохиол» гээд нэрлэчих тохиолдол бий шүү дээ…

… Урлагийн бүтээлүүд нь «үл замхрах үнэт зүйл учир баримт мэт гарч ирдэг». Суут хүн ба цаг үе хоёр нь зөвшилцөлд оршдог. «Төлөөлөгч болох», «нийгмийн үнэн» гэдэг ойлголтууд нь иймэрхүү байдлаар уран сайхны үнэт зүйлсийн зорилго болон эх булаг нэгэн зэрэг болдог. Дунд зэрэг хэр тааруу урлагийн бүтээлүүд нь утга төгөлдөр бүрэн дүүрэн баримт бус. Ийм учраас цаг үе нийгмийн төлөөлөх чадвар үгүй. Утга зохиол нь нийгмийн үйл явцын тусгал бус харин тэр нь өөрөө мөн чанар, түүхийн оюун санаа мөн …

Dec 30, 2010

Сонгодог монгол шүлгүүд

Эхлэл. Эдгээр шүлгүүдийг би хааяа хааяа уншиж бахдан суух дуртай. Цээжинд үлдсэнээр нь сийрүүлэн бичив. Үг үсэг алдсан байж мэднэ. Гэхдээ хол зөрөөгүй болов уу? Яруу найраг унших дуртай хэн бүхэнд өргөв. Нэг гэр бүлд ийм аугаа авьяастнууд заяасан нь бас л ертөнцийн үнэн ховор учрал биш үү?

Ванчинбалын Гүлранс /1820-1851/

Өглөөний үед хасын хэмхдэг сиймгэр цонхноо ташруун
Үзэмжит өвлийн гүн уулыг цагаан мөнгөөр гадарлав.
Үзүүр үгүй хоосон агаарт мөсний хэсэг бүжиглэхүй
Өнгөт ертөнцийн тоост замд хүмүүний мөр балархай.

Зохиол бичих

Гурван ямхын хулсыг барьж эндүү ташаа бичих минь
Гутал оймсыг бартал явж нэр ашгийг хөөхөөс дээр
Гунилтай болой, таны олон энэхүү амтыг эс мэдсэн дор
Гутруу үгийг дэмийлэн миний зоригийг харин бууруулмуй.


Dec 22, 2010

Утга зохиолын "сезон"

Сул тэмдэглэл
Өдийд Монголын утга зохиолын «сезон» эхэлдэг юм шиг надад санагддаг билээ. Халамцуу найрагч зохиолчид хотоор нэг хөлхөлдөөд… сонин хэвлэлийн редакци, тэлэвийз араажавын байраар ороход бол ганц шил архи хувааж ууж утга зохиолын тухай чалчих хань бол олдож л таарна. Сэтгэл нь гэгэлзсэн, найраг шүлэг ярьсан хүн бол захаас аваад олдох. Нэрээ өөрчлөөд ч хувираагүй байгаа, зөвхөн чихэнд сайхан сонсогддог шүлэг шалгаруулдаг «Болор цом», заримдаа боож үхмээр хуудуутай тэнэг балай зохиолд шилдэг өргөмжлөл олгодог «Алтан өд», цагтаа цагаан сарын өмнө голдуу болдог байсан тэгээд түрүүлсэн зохиолуудыг нь уншихад гутармаар богино өгүүлэгийн «Утгын чимэг», өч төчнөөн жижиг шүлгийн тэмцээн гээд… Социализмын үед бол шүлгээ уянгалтал сайхан уншдаг шүлэгчид албан байгууллагын "ёолк" гэгчид уригдаж шүлгээ уншиж party-даг бас цөөн төгрөгийн шагнал авч архидсан хэргээр эхнэртээ тархидуулдаг байсан гэж түүхэнд тэмдэглэгдсэн буй. 

Nov 4, 2010

Д.Энхболдбаатар Шүлгүүд

Хөглөрөл дотроосоо сэтгэлээ эрж
Онгичил дотроо би түүртэнэ
Хөмсгөн дороосоо сарыг олоод
Онгорхой гэгээвчээр тэнгэр рүү шиднэ
Хөшиг ярж шөнийн омог сэвэлзэхэд
Ичгүүргүй харанхуй миний амрагийг таална
Хөнжлөө татах яруу тунгалаг эгшин
Өрөөгөөр нэл ялдам үнэр ханхлуулна