Dec 15, 2014

Хэнри Слэзер Сонирхогч ба мэргэжлийнхэн

Карл Келлер бол дунд зэргийн нуруутай , гулжгар туранхай биетэй, цайвар цэнхэр нүд, том төвхтэй эр бөгөөд цамцныхаа далбагар захаар төвөнхөө далдлахыг ямагт оролдоно. Тэрбээр хуйлсан сонин сугавчлан Лампигийн зоогийн газарт орж зөөгч Фил рүү нүд ирмээд өдөр бүр хооллодог ширээндээ суулаа. Карл зоогийн газрын эсрэг талд орших зангиа зардаг дэлгүүрт ажилладаг тул энд хооллодог ажээ. Тэр тугалын мах захиалаад зөөгчийг холдмогц сонингоо дэлгэж авав. 
" Гейрийг алсан хэрэгт Жо Лампи сэжиглэгдэж байна" гэж гарчигласан сурвалжлагыг дахин уншаад "маш сайн" хэмээн дуу алдлаа. Энэхүү тэмдэглэлийг энд, Жо Лампигийн хувийн ресторанд унших нь түүнд таатай байв. 
Ингэх нь түүний хувьд өдөр бүхэн зурагтаар шимтэн үздэг автомат утасны бүхээг, эсвэл зоогийн газрын үүдний танхим дахь аллага, хагарсан шил, шалаар урссан цус, цагдаагийн шүгэлдэх зэрэгтэй нь нэн адил хэрэг билээ. Гейр лав өрсөлдөгч дээрэмчдийн бүлгийн толгойлогч байснаас  Лампи түүнтэй тооцоо бодож орхисон байх. Келлерийн омог хөөрөөд ирэв. Тэр Лампиг таньдаг билээ. Тэр жижигхэн эцэнгэр хүн хааяа Келлерийг орж ирэхэд нь толгой дохин мэндэлдэг юм. Учир нь Келлер байнгын үйлчлүүлэгч байснаас гадна Лампигийн зөөгч нараар дамжуулан хааяа нэг морин уралдаанд бооцоо тавдаг байлаа. Тавин центийн үнэтэй зангиа худалддаг Карл Келлер шиг хүн ийм танилтайгаараа бардамнахгүй байж  болохгүй л дээ. 
Зөөгч Фил бөхийж,
- Эрхэм Келлер , ажил төрөл чинь ямар байна? Морины уралдаанд бооцоо тавихгүй юм уу гэлээ. 
- Дараа тавимз Фил. Харин танай эзнийг шоронд суулгачихсан гэж сонслоо?
Фил гайхсан маягтай, 
- Хэнийг вэ? Лампийг уу? Тэдний бичиж байгаа зүйлд бүү итгэж үз , эрхэм Келлер! Лампигийн эсрэг ямар ч нотолгоо байхгүй. Тэр тун саяхан утасдаж , маргааш ирнэ гэж хэлсэн. 
- Тэгэхээр тэд түүнийг баривчилж чадахгүй юм байна. Харинд энд бичихдээ...
- Шал дэмий зүйл гэж Фил яриаг нь таслахад, Келлер,
- Ойлгомжтой, гээд тугалын махыг нямбай гэгч хэрчих зуураа ,
- Гэхдээ Гейрийн амь насны тооцоо яах бол? Сонинд бичсэнээр бол Гейрийн нөхөд бас Лампийг алуурчин гэж үзэж байна шүү дээ гэж хэлэв. 
- Эрхэм Келлер, надад таавар таасны төлөө бус ширээний ард үйлчилсэний минь төлөө мөнгө төлдөг юм шүү. 
- Энэ Гейрийн найз Фрэнк Руфер...Түүнийг энд хэрэг тарихгүй гэж чи бодож байна уу? Би л чиний оронд байсан бол тосгуур бариад хэзээ алалцаж эхлэхийг хүлээж байхгүй дээ.
- Уучлаарай, эрхэм Келлер! Та өөр зүйл захиалахгүй юу?

Келлер хоолныхоо үнийг төлчихөөд гарч явахдаа үүдний харуулд анх удаа цайны мөнгө атгуулав. Өнөөдөр тэр яагаад ч юм бэ тун өглөгч байлаа. Тэр гудамж огтлон гарч өөрийн захирдаг зангианы бяцхан дэлгүүртээ орж туслах Фреддидээ хандан ,
- Чи өнөөдөр ганцаараа ажиллана. Надад өөр газар гүйцэтгэх яаралтай ажил байна. Мэдэв үү ? гэв. 
- Ойлголоо ноёнтоон.
- Хэрвээ хэн нэгэн хүн намайг сурж ирвэл маргааш ирнэ гэж хэлээрэй. 
Келлерийг хэн ч хэзээ ч асууж байгаагүй боловч Фредди,
- За, эрхэм Келлер гэлээ. 
Келлер 69-р гудамжны өнцөгт такси багагүй хүлээв. Хориод минут өнгөрсөн хойно такси арайхийн ирлээ. Келлер арын суудалд тухлангаа жолоочид  хаяг хэлээд янжуур асаав. Сэтгэл нь хачин тэнэгэр байлаа. Биеийн тамирын том бус танхимын дэргэд такси зогсох үед Келлерийн урам ялигүй хугарав. Тэрбээр шавааралдсан олон сурвалжлагч , цагдаа нарыг харна байх гэж санасан бөгөөтөл гудамж хов хоосон байх ажээ. Келлер жолоочид мөнгө сарвайж "хариулт хэрэггүй " хэмээн бувтнаад машинаас буулаа. Биеийн тамирын танхимд бэлтгэлийн хувцастай хэдэн залуу бие биенээ нүдэж байв. Углаа цамц өмссөн загзгар эр Келлерийг толгойноос нь авхуулаад хөл хүртэл нь ажигласанаа дөхөж ирээд 
-Яах гэж явна ? гэв. 
- Би эрхэм Руфертэй уулзмаар байна. Утсаар ярьж уулзахаар тохиролцсон юм. 
- Өнөөдөр тэр хэнийг ч хүлээж авахгүй. 
- Тийм байх . Гэхдээ тэр надтай уулзахаар болзсон. Намайг Келлер гэдэг. Эрхэм Руферт намайг ирчихээд байна гээд хэлчихгүй юү.
Углаа цамцат мөрөө хавчаад танхимын цаад булан руу одож "Албан тасалгаа" гэсэн хаягтай хаалгаар оров. Хоёр минутын дараа тэрбээр эргэн гарч ирээд хуруугаа гозогнуулан Келлерийг дуудлаа. Тасалгаанд бичгийн ширээний ард халзарч яваа тарган эр сууж байв. Тэр тун энгийн цайлган харагдсанд Келлер тэр даруй өөртөө эрэмшээд явчихав. 
- За ингэхэд эрхэм Келлер та ямар хэргээр явна?
- Миний санахад би танд тусалж чадна гэж Келлер долоо хоног бүр үздэг зурагтын цуврал киноны гол баатар Супермений аялгууг дуурайн хариулав. Руфер:
- Яаж тэр вэ? гэж асуухад Келлер "цус сорогчийг устгагч" киноны  гол баатар шиг
- Жишээ нь Жо Лампигийн учрыг олоход тусалж болно гэж шүдээрээ сийгүүлэн өгүүлэв. 
- Би ямар ч Жо Лампиг мэдэхгүй. 
- Би сонин уншдаг. Эрхэм Руфер. Иймээс таныг Жо Лампитай тун муу харьцаатай , ялангуяа, таны найз Гейртэй учирсан явдлаас хойш бүр муу харьцаатай болсныг мэдэж байна. 
- Та надаар тоглоом хийж байна уу?
- Үгүй би үнэнээсээ ярьж байна. Жо Лампи Гейрийг алсныг би мэдэж байна. Та ч бас мэдэж байгаа. Түүнээс салъя гэсэн төлөвлөгөө танд би байх. Гэхдээ таныг миний дэвшүүлж буй сонирхолтой саналыг сонсоно болов уу гэж найдна. Руфер нүдээ алгаараа таглаад :
- За яахав, би Жо Лампийг мэддэг гэж саная л даа. Тэгээд юу гэж гэлээ. 
- Та хэрэв миний саналыг сонирхож байгаа юм бол ам өг л дөө. Тэгвэл би саналаа хэлье. 
- Санал чинь үнэтэй л биз дээ ?
- Тиймээ хоёр мянган долларын үнэтэй. 
- Би юу хожих юм бэ ? гэж Руфер асуув. 
- Жо Лампи үхнэ. Та азаа үзэх шаардлагагүй. Танай хүмүүсээс хэн нь ч үүнд холбогдохгүй. Бүгдийг нямбай цэвэрхэн хийнэ.  Яаж шүү сонсогдож байна? 
Руфер жуумалзаж :
- Ер нь би ямар ч Жо Лампиг мэдэхгүй. Гэхдээ та цааш нь ярь л даа би сонсож байна гэв. 
- Тэгэхээр эрхэм Руфер , энэ ажлыг "сонирхогч" хийвэл ямар вэ? Тантай болон таны найзуудтай ямар ч холбоогүй. Жо Лампиг хороох ямар ч шалтгаангүй тийм хүн үүнийг хийвэл танд таалагдах уу? 
- Энэ " сонирхогч " нь тэгээд хэн бэ? Та юу?
- Яг тийм гээд Келлер сандлын түшлэг налж :
- Би тайлбалахыг оролдоё. Би таны тусын тулд Жо Лампиг цааш нь харуулна хэмээн өгүүлэв. 

Таксинд суух үедээ Келлер ухаанаа төвлөрүүлж, очих хаягаа жолоочид хэлчихэж чадахгүй болтлоо хилэгнэсэн байлаа. Тэрбээр,
- Үхэр оготно , жигшмээр хог хэмээн үглэж буутай мэт аяглан сугаа тэмтчинэ. Руферийн өөртөө нь хэрхэн басамжлангуй харьцсаныг санахаас хор шар нь бүр буцлаад байв. Тэгээд Руферийг буланд шигдчихээд өөрийнх нь ширүүн харцны доор бөхөлзөн уучлал гуйж буйг санаандаа ургуулан бодлоо. Гэртээ ирээд Келлер сүү хөөрүүлэхийн сацуу хэдэн хачиртай талх бэлдэж аваад зурагтын дэлгэцийн өмнө тухлав. Бараг гурван цаг гаруй хүмүүс дэлгэцэн дээр хэрхэн бие биеэ хядаж буйг үзээд сая нэг юм тайвшрахчаан боллоо. Келлерийг орондоо ордогийн даваан дээр утас дуугарав. Тэр ч Фрэнк Руферийн дууг танилаа. Руфер :
- Ингэхэд таны санал хүчинтэй хэвээрээ биз дээ ? гэж асуугаад,
- Би зарим нэг юманд итгэлээ. Бид тохиролцож чадна байх. Маргааш өглөө арван цагт хүрээд ирэхгүй юу гэлээ. Тэгээд Руфер хариу ч хүлээлгүйгээр утсаа тавьчихав. 
Маргааш өглөө нь яг арван цагт Келлер Руферийн өрөөнд сууж байлаа. Руфер:
- Ингэхээр би таныг шүүхийн хариуцлагад нэг ч удаа татагдаж байгаагүй гэдэгт итгэсэн. Цагдаагийн газарт ч таны тухай хэрэг бүртгэл алга. Та бол үнэхээр "сонирхогч" л юм байна гэж өгүүлээд жуумалзав. 
- Тийм шүү гэхдээ би Лампиг мэднэ...Миний хувьд гол нь түүний өрөөнд нэвтрэх . Орчихвол хэрэг бүтсэн гэж тооцож болно. 
- Тэгээд та тийшээ яаж орох юм бэ? 
- Их амархан. Лампи морин уралдаанд тавьж буй бооцоог ихэвчлэн зөөгчдөөрөө дамжуулж авдаг. Гэхдээ бооцоо их үед тэр үйлчлүүлэгчдийг өрөөндөө урьдаг. Тиймээс би таван мянган долларын бооцоо тавина гээд хэлчихвэл тэр намайг өрөөндөө урьж бүх юм номын ёсоор болно. 
- Та ч бүр тооцоолчихсон байх шив дээ?
- Мэдээж. Би их бооцоо тавина гэдгээ Лампид хэлээд хажуугийн нууц хаалгаа онгойлгохыг хүснэ. Ямар нэгэн гэрч үлдээж Хэн нэгэн хүн түүний өрөөнд орж явааг минь харахыг огтхон ч хүсэхгүй гэдгээ Лампид тайлбарлана. Тэгээд дуу намсгагчтай гар буугаа гарган түүнд ногдох ёстой юмыг нь өгч орхино доо. Гар бууг та надад зээлүүлэх юм байгаа биз. Надад бол байхгүй. 
- За яахав бид гар буу өгье. Гэхдээ та тэр гар бууг өөрөө алга хийнэ шүү.  
- Энэ талаар санаа зоволтгүй. Бүгд аятайхан бүтнэ. Ингэхэд би хоёр мянгыг хүссэн хэдий ч одоо бодвол гурван мянга байх нь шударга мэт. Учир нь би ганцаархнаа азаа туршиж байна шүү дээ.  
- За яахав, тохиролцлоо.
Руфер ширээний доод шургуулгыг татаж хар туузаар бариулыг нь ороосон 45 мм-ын голчтой кольт хэмээх гар буу гаргаж ирлээ. Гар буу Келлерийн төсөөлж байснаас хавьгүй хүнд ажээ. 
- Үүнийг хэрэглэж дөнгөнө биз дээ ? гэж Руферийг асуухад  Келлер 
- Хэрэв та зааж өгье гэвэл татгалзахгүй гэж даруухан хариулав. 

Келлер зангианы дэлгүүр хийхэд Лампигийн зоогийн газрын ойр орчныг гарынхаа таван хуруу шиг мэдэх боловч урьд өмнө огт анзаардаггүй байсан Лампигийн тасалгааны хажуу хаалгыг өнөөдөр удтал ширтэв. Чухам энэ хаалгаар тэр сэм гарч , гудамж огтлон таван минутын дараа гэхэд лангууныхаа ард зогсоод л зангиагаа зэрэглэж байх болно. "Алдаагүй төлөвлөгөөдөө" гэж санаад Келлер инээмсэглэв. Ердийнхөөрөө Келлер яг хоёр цагт зоогийн газарт орлоо. Лампи лангууны цаана зогсож баарны үйлчлэгчтэй ямар нэгэн юмны тухай хөгжүүн гэгч ярилцаж байв. Келлер түүнийг дуудлаа. Бяцхан биетэй нямбай хувцасласан Лампи дөхөж ирээд буурал толгойгоо бөхийлгөн :
- Өдрийн мэнд хүргэе. Танд юугаар тус хүргэхсэн бол? гэлээ. 
- Эрхэм Лампи би тантай ажил хэргийн тухай ярилцмаар байна. 
- Ажил хэргийн тухай...? гээд Лампиг гайхсан маягтай хөмсгөө өргөхөд Келлер:
- Би бооцоо тавих гэсэн юм. Тун их бооцоо. Таван мянга !
Лампи хошуугаа цорвойлгон толгой сэгсэрч,
- Эрхэм Келлер , та надаар даажигнаж байна уу?  хэмээхэд Келлер,
- Яалаа гэж дээ хэмээн сүржин татгалзаад ,
- Цагийн дараа би мөнгөө авчирна. Гэхдээ таныг татгалзахгүй бол илүү дутуу яриа гаргуулахгүйн тулд хажуугийн чинь хаалгаар таны өрөө рүү шууд орчихмоор байна гэв. 
- Тэгэлгүй яахав эрхэм Келлер. 

Келлер цагийн дараа дэлгүүрээсээ гарч гудамж огтлоод эргэн тойрноо ажсанаа Лампигийн өрөөний хаалгыг тогшив. Нэг халаасандаа боодол мөнгөтэй, нөгөөдөхөд нь гар буутай тул хоёр халаас нь түнтийгээд эвгүй. Энэ мөнгийг Келлер дэлгүүрийн данснаас авчээ. Тэрбээр сүүлчийн арван таван жил өө сэвгүй ажилласан тул данстай чөлөөтэй харьцдаг билээ. Лампи бичгийн том ширээний ард сууна. Тасалгаанд өөр хэн ч байсангүй. Гэнэт Келлерийн гар салганаад явчихсан боловч тэр биеэ барьж цахинга хоолойгоор ,
- Би маргааш болох уралдааны нэгдүгээр замаар уралдах Шариот гэдэг моринд бооцоо тавимаар байна гэхэд,
- Мөнгөө өгнө үү гэж Лампи товчхон хариулав. 
Келлер боодол мөнгө халааснаасаа гаргаж Лампигийн өмнө тавилаа. Лампи мөнгийг аваад яаралгүйхэн тоолж гарахад Келлер "Мөнгөө тоолж эхлэхийг нь хүлээгээрэй. Тэр мөнгө тоолох тун дуртай" гэсэн Руферийн үгийг саналаа. Келлер баруун гараа хүрэмнийхээ дотоод халаас руу сэм шургуулж буугаа гаргаж ирмэгцээ гараа сунган буудав. Лампи сандлаасаа алгуурхан уналаа. Келлер дахин нэг буудах гэснээ ардаа гарсан чимээнээр эргэн харвал үүдэнд гартаа зуушны таваг барьсан хоол зөөгч Фил зогсож байв. Гар буу Келлерийн гараас мултарч битүү хивстэй шалан дээр бүгтхэн дуугаран унав. Минутын хойно гэхэд Келлер зангианы дэлгүүрийн лангууны ард зогсож байлаа. 
Тэрбээр гай дайрлаа гэдгийг сая ухаарч , зугтаах хэрэгтэй гэдгээ ойлгомогц Руферийн тухай санав. Руфер ийм нөхцөлд юу хийхийг сайн мэдэх тул түүнд туслах биз. Келлер дэлгүүрийнхээ гэрлийг унтрааж цонхоор шагайн гудамж тайван байгаа эсэхийг нягтлаад гадагш сэм гарлаа. Аз болоход булангийн цаанаас хоосон такси ч ирэв. Келлер явдал дундаа таксинд үсрэн орж арван таван минутын хойно гэхэд гэртээ ирсэн байлаа. Гэртээ ороод тэрбээр эргэн тойрноо уйтгартайяа харж энд сүүлчийн удаа ирж байгаагаа ойлгов. Тэрбээр хамгийн хэрэгтэй эд юмсаа элэгдсэн хатуу цаасан хумбагандаа чихэж орхиод гал тогооны өрөөн дэх нууцаасаа хуримтлуулсан бүх хөрөнгө нь болох гурван зуун доллараа авч халаасандаа шургуулангаа ширээн дээрээс утсаа шүүрэн орон дээр суув. 
- Эрхэм Руфер уу? Би Келлер, Карл Келлер байна. 
- Яав эрхэм Келлер,
- Би хэргээ бүтээсэн. Танд амласнаа биелүүлсэн! Гэвч жаахан эвгүй юм болчихлоо. Би хотоос явах хэрэгтэй байна. Лампигийн зоогийн газрын хоол зөөгч Фил намайг харчихсан. Намайг одоо эрж байгаа биз. Эрхэм Руфер надад мөнгө хэрэгтэй байна.  
- Тэгээд та яах гэж байна?
- Намайг тантай холбоотой гэж хэн ч санахгүй. Надад гурван мянгыг л өгчих. Энэ талаар хэн ч юу ч мэдэхгүй байх болно гэдгийг би танд тангараглая!  Миний таван мянга Лампигийн ширээн дээр үлдсэн. Надад мөнгө хэрэгтэй байна. 
- Та ч мөнгөө гарзадчихсан байх даа. Лампи үхээгүй байна шүү дээ!
- Юу?...
- Та алдаж буудсан байна. Гэхдээ бүр бүтэн миль алдсан байна. Би алдааны төлөө мөнгө төлдөггүй. 
- Би алдаж буудсан байх учиргүй. 
- Надад итгэхгүй бол утасдаад үз л дээ... Хэрэв би таны оронд байсан бол хотоос аль болох хурдан алга болох байсан. Аз жаргал хүсье "сонирхогч" минь ! 
Утасны гонгинох дуу буун дуунаас ялгаагүй сонсогдож, Келлер орон дээрээ хэдэн минут гөлрөн суучихав. Лампи өшөөгөө авна гэсэн бодол түүнийг сая сэхээ орууллаа. Тэр цагдаагаас илүү үүнээс айж байв. Тэгмэгцээ хумбагаа шүүрэн авч , гадагш гараад цахилгаан шат бийг мартаад явган шатаар доош харайлгалаа. 

Фрэнк Руфер утасны дугаар эргэдэж Жо Лампигийн хариулахыг сонсоод ,
- Үхдэл минь сайн уу? Бүгд зүгээр биз дээ гэлээ. 
- Золигийн хуурамч сум миний шинэ костюмыг түлчихлээ.
- Зүгээр , тэр чинь 2500 доллараас хямд биз дээ  хэмээн Руфер инээж ,
- Филд шан болгож тавин доллар өгөхөө мартав! Өнөөдөр орой өөрийнхөө хувийг авахаар очих далимдаа ганц хундага сулламз. 
- Заавал ирээрэй . Гэхдээ би гэдэг хүн архи ууж болохгүй. Ходоод өвчтэй. Өдөр бүр эвгүй юм амтагдаж , цочмог өвдөх юм...
- Энэ ч муу шүү гээд Руфер Жо Лампигийн өвчнийхөө тухай үглэхийг сонсохоор сандалдаа тухлав. 


Орчуулсан Д. Дашмөнх 

No comments: