Aug 25, 2014

Агата Кристи Стимфалийн шувууд

/Үргэлжлэл/
V
Тасалгаа түүний нүдний өмнө хөвөөд явчихав. Нурууг нь даган хүйтэн хөлс өөрийн эрхгүй асгарлаа.
—Үхсэн гэнэ ээ? хэмээн түүнийг бөглүү дуугаар лавлахад хатагтай Райс толгой дохив.
—Шуудан хийдэг хавтасны өнцөг нь гантиг юм байна. Яг чамархайд нь оножээ. Унахдаа толгойгоороо ил зуухны хашлага мөргөсөн бололтой.  Чухам аль нь түүний аминд хүрснийг хэлэхэд хэцүү байна. Ямар ч болов би үзээгүйгээ үзлээ  гэж тэр сааралтсан амьгүй хоолойгоор ярив.
—Энэ чинь золгүй тохиолдол шүү дээ. Би өөрийн нүдээр харсан гэж  Гарольд дуу алдлаа.
—Мэдээж, энэ бол золгүй тохиолдол гэж Райс түгдрэн хэлээд
—Би мэдэж байна л даа. Гэхдээ... Бусад хүмүүс тэгж бодох болов уу?.. Би...  Үнэнийг хэлэхэд айж байна.  Бид Англид байгаа биш шүү дээ  гэв.
—Би Элсигийн мэдүүлгийг гэрчилж чадна шүү дээ.
—Тиим л дээ. Тэр ч таны үгийг батлана. Гэхдээ чухам үүнд чинь хамаг учир байна шүү дээ.
Төрөлхийн ухаалаг болгоомжтой Харольд эмгэний юу хэлээд байгааг дор нь ойлгов. Баримтуудыг дотроо харьцуулан тунгаагаад тун эвгүй байдалд орсноо ухаарлаа. Тэр Элситэй дэндүү их хамт байдаг байсан. Түүнчлэн хусан ойн учрал байна. Өнөө хоёр польш эмгэн тэднийг тун эвгүй байдалтай байхыг нь харсан. Тэд англиар ярьж чаддаггүй ч гэсэн бага зэрэг ойлгодог бол яахав? "Өшөө хорсол, нөхөр" гэдэг үгнүүдийг сонссон л байж таарна. Юутай ч болов хүүхэн түүнд уур хилэнг нь бадраах зүйл хэлсэн нь ойлгомжтой. Харин одоо Филилп Клейтон үхчихлээ. Тэр аймшигт үхэл дайрах үед Харольд Элсигийн өрөөнд байсан. Талийгаачийг Харольд цохиогүй гэж одоо батлах гээд үз л дээ. Энэ мэдээж түвэгтэй. Энэ үхэлд холбоотой бие биенээ өмөөрсөн хоёр хүний мэдүүлэг л байна шүү дээ. Тэдэнд итгэх үү?
Гэнэт айдас нь хүрээд явчихав. Тэр өөрийгөө болон Элсийг санаатай хүн алсан учир цаазлуулах ял дуулна гэдгийг төсөөлж чадахгүй байлаа. Тэгээд бас хийгээгүй хэргийнхээ төлөө шүү.  Санамсаргүй хийсэн аллагад тэднийг буруутгах болбол арай хөнгөн тусах биз. Харийн энэ оронд тийм ойлголт байдаг болов уу? Тэглээ ч гэсэн бараг дэлхийн бүх сонинуудын нүүрэнд "Англи хүний улс төрийн амжилттай байр суурийн уналт... Ууртай нөхөр юунд үхэв?... Эхнэр нөхөр, бас нууц амраг..." гэхчилэн бичих биз. Энэ бол түүний ахиц дэвшлийн сүйрэл гэсэн үг.
—Тэр хүүрийг нуучихаж болохгүй юу? Хаа нэгтээ булчихдаг ч юм уу гэж тэр догдлон асуув.
Гайхаж инээмсэглэсэн Райс авгай түүнийг улайтал ширтээд
—Хонгор минь, энэ чинь детектив зохиол биш шүү дээ. Ингэж болохгүй. Энэ бол ёстой солиотой хэрэг гэв.

—Таны ч зөв юм уу. Одоо тэгээд яах вэ? Яах вэ?
Райс дуугүй л толгой сэгсрэв. Тэгээд царайгаа барайлган бодлогоширлоо.
—Үнэхээр бид энэ аймшигтай золгүй явдлаас салахын тулд юу ч хийж чадахгүй гэж үү?
Тэд бие бие рүүгээ харлаа. Ядаж золгүй явдал гэдэг үг залуу эрд аятайхан сонсогдов. Хатагтай Райс хоолой засаад
—Миний охин Элси.. Би түүний төлөө чадах бүхнээ хийнэ. Тэр энэ бүхнийг туулаад гарч чадах биз... Бас та ч гэсэн хэмээн хэлээд хоолой нь чичрээд эхэлснээ
—Таны улс төр, албан тушаалын ахиц... гэвэл Гарольд үгийг нь таслан
—Миний тухайд ярьсны хэрэггүй гэсэн ч дотроо бол эсрэгээр бодож байлаа.
—Ямар муухай шударга бус юм бэ? Ядаж Элси та хоёр хэлхээ холбоо ч байхгүй атал...
—Энэ тухай шүүхэд мэдүүлэг өгвөл зүгээрсэн.
—Хэрэв надад итгэвэл тэгэлгүй яахав. Харин та энд ямар хүмүүсийн дунд байгаагаа сайн мэднэ шүү дээ. гэж Райс авгай их л гунигтай дуугарав.
Гарольд царай барайлган толгой дохиод "Эндхийн цагдаагийнхан хатагтай Райсын үгэнд хэрхэвч итгэхгүй. Охиноо аврахын тулд ийм юм ярьж байна гэж бодно доо" хэмээн сэтгэв. Тэгээд өөрийн эрхгүй
—Бид Англид байсан бол ч хэмээн өөрийн эрхгүй дуу алдав. 
Гэтэл Райс толгойгоо өндийлгөн
—Байз, та юу гэв? Бид Англид байгаа биш нь үнэн. Харин тэр тусмаа ямар нэгэн юм хийж болохгүй гэж үү? хэмээн үглэв.
—Юу вэ?
—Та хэдий хир мөнгөтэй вэ?
—Яг биедээ авч яваа маань ч цөөхөн л дөө. Гэхдээ би дахиад мөнгө яаралтай гуйвуулах цахилгаан явуулахад л болно.
—Мөнгө юунаас ч хүчтэй. Их мөнгө шаардагдаж болзошгүй. Гэхдээ л үзээд алдах хэрэгтэй.
Цөхрөл зовлон нь нисэн одохыг Гарольд мэдрэв.
—Та юу гэнэ ээ?
—Бид энэ үхлийг яагаад ч нууж чадахгүй. Гэхдээ энэ хэргийг албан ёсоор өөрчлөх боломж байна гэж англи хатагтай тайлбарлав.
—Та үнэхээр тэгж бодож байна уу? гэж асуухад нь Гарольдын хоолойд ямар нэгэн найдварын аяс орсон байлаа.
—Тиймээ. Нэгдүгээрт эзэд манай талд орно. Хэрэг чимээ шуугиангүй хаагдвал тэдэнд ашигтай. Мөн эндэхийн илүү халиу мөнгөнд дуртай байгааг та анзаарсан байх. Иймээс цагдаагийнханыг худалдаад авч чадаж тун ч болзошгүй юм.
—Таны зөв бололтой.
—Дээр нь нэмээд азаар зочид буудал бараг хүнгүй байсан учир энэ явдлыг хэн ч сонссоогүй.
—Таны өрөөний эсрэг талд, Элсигийн өрөөний хөрш өрөөнд хэн байдаг юм бол?
—Нөгөө хоёр польш авгай чинь. Гэхдээ тэд юм дуулаагүй. Хэрэв дуулсан бол хонгилд гарч ирэх байсан. Филипп их оройтож ирсэн учир түүнийг үүдний харуулаас өөр хүн хараагүй.Иймээс түүний үхлийг санамсаргүй золгүй явдал болгож болмоор санагдаад байна. Гагцхүү хахууль нь арвин байх хэрэгтэй. Аягүй бол цагдаагийи газрын дарга хүртэл энд оролцож болзошгүй юм шүү дээ.
Харольд сулхан инээмсэглэв.
—Яг л инээдмийн эмгэнэлт жүжиг шиг. Эцсийн эцэст шоронд сууснаас оролдоод үзэх нь илүү дээр байх л даа.


VI
Хатагтай Райс ч тэр даруй хэрэг явдалдаа шунган оров. Эхлээд буудлын эзнийг дуудаж баахан ярилаа. Харольд өрөөндөө үлджээ. Тэд анхнаасаа энэ хэргийг эхнэр нөхөр хоёрын хоорондын хэрүүлээс болсон мэтээр харуулж Харольд огт оролцохгүй байхаар тохирчээ. Элсигийн залуу, үзэсгэлэн гуа байдал түүний сэтгэлд улам бүр шингэх шиг...
Маргааш өглөө нь буудалд цөөнгүй цагдаагийн түшмэд ирсэн агаад шуудхан л Райс авгайн өрөөнд орчихов. Тэд бүр үд өнгөрч байхад явлаа. Үүнээс өмнө Харольд Англи руу 5000 фунт илгээхийг тушаасан цахилгаан явуулжээ. Бусад юманд тэр оролцсонгүй. Тэгээд ч цагдаагийнхны дунд англиар ярьдаг хүн нэг ч байсангүй.
Өдрийн 2 цаг өнгөрч байхад хатагтай Райс Уорингийн өрөөнд орж ирлээ. Тэр их ядарсан янзтай,  байдгаараа цонхийж цайсан ч нүд нь үл мэдэг цоглог байдлаар гялалзана.
—Бүтсэн шүү.
—Бурхан минь, хатагтай Райс,  та ёстой гайхамшигтай хүн юм. Та яаж үүнийг бүтээж чадав?
—Боломжтой бүгдийг л хийлээ. Мөнгө атгуулж хуурамчаар гэрчлүүлэх л хэцүү байсан ч тэд зөвшөөрсөн шүү. Бараг л өөрсдөө мөнгө нэхсэн. Тэгээд тохиролцлоо. Их янзын хүмүүс...
—Одоо тэдний тухай хэлэлцэх цаг биш. Тэд хэдий хир мөнгө шаардав?
Эмгэн хуудас Цаас гаргаж ирээд
—Багагүй шүү. Бүхэл бүтэн жагсаалт болсон. Цагдаагийн газрын дарга, Ахлах мөрдөн байцаагч,  зуучлагч, эмч, буудлын эзэн гэрчийн хувиар, үүдний жижүүр гэж уншив.
—Үүдний жижүүрт нэг их хэрэггүй. Нэг алтан зоос өгөхөд л хангалттай.
—Та цааш нь сонсооч гэж Райс авгай хэлээд ийн үргэлжлүүлэв.
—Буудлын эзэн Филиппийг түүний буудалд үхсэн биш байх ёстой гэдэг болзол тавьсан. Албан ёсоор бол иймэрхүү юм болжээ. Филиппийн зүрхний өвчин галт тэргээр явж байхад нь хөдөлжээ. Тэгээд тэр галт тэрэгнээс буугаад цэвэр агаар амьсгалахаар гадуур жаахан явсан ч зүрх нь хаагджээ. Ингээд энэ хэргийг эзэнгүй орхих юм. Эндхийн цагдаагийнхан ер нь хүссэнээ л хийх бололтой.
—Бурхны авралаар манай цагдаа нар эндхийх шиг биш юм даа гэж гэнэт британи хүн гэдгээ ухамсарласан Харольд Уоринг бардам гэгч хэлээд үдийн хоол идэхээр одов.
VII

Үдийн хоолны дараа Харольд ердийнхөөрөө хатагтай Райс болон түүний охинтой кофе уув. Энэ дадлаа ч хэвээр нь хадгалах нь зөв байлаа.
Тэр шөнөөс хойш Элсийг анх харав. Царай нь цонхийж, өдгөө хүртэл цочирдол нь гараагүй байгаа  нь мэдрэгдэнэ. Гэвч бүсгүй цаг агаар, байгалийн тухай яриа дэлгэж аль болох биеэ барихыг оролдох ажээ.
Тэд зэргэлдээ ширээнд суусан нэг эрхмийн гадаад байдлыг сонжин ямар үндэстэн болохыг нь таах гэж оролдож суув. Харольд энэ өндгөн толгойтой, содон сахалтай,  намхан эрийг франц гэж зүтгэж, Элси немц хүн гэж хэлсэн бол хатагтай Райс түүнийг испани хүн гэж үзэж байлаа.
Задгай тагтан дээр тэднээс гадна өнөө хоёр польш авгай сууна. Тэд нөгөө өнцөгт суугаад ямар нэгэн юм нэхэж хатгана. Харольд энэ удаа ч тэднийг анхааралтай ажиглав. Урт унжуу хамар, чөргөр хатингар гар, урт хумс...
Тэдэн дээр үйлчлэгч жаал дөхөж ирээд хэдэн үг хэлээд үүд үрүү заахад Райс авгай өндийж үүдрүү чиглэв. Тэнд цагдаагийн дүрэмт хувцас бүхий бадируун эрхэм зогсож үзэгдэнэ. Элси амьсгалаа түгжсэнээ
—Та юу гэж бодож байна? Ямар нэгэн юм болсон юм болов уу? гэлээ.
—Үгүй биз дээ гэж Харольд гаднаа хэнэггүй хэлсэн ч дотроо айдсаа дарах гэж оролдонгоо
—Таны эх бүгдийг гайхалтай сайхан зохион байгуулсан шүү дээ гэж хэлэв. 
—Би ээжийг зоригтой тэмцэгч гэдгийг мэднэ. Тэр хэзээ ч бууж өгдөггүй. Гэхдээ энэ бүхэн дэндүү аймаар юм.
—Энэ тухай бодоод хэрэггүй. Бүх юм ард хоцорсон шүү дээ.
—Би түүнийг алчихсан болохоор мартаж чадахгүй байна гэж Элси сөөнгөтөн дуугарав. Залуу
—Битгий тэгж ярь. Энэ бол цэвэр золгүй тохиолдол байсан юм гэдгийг бид хоёулаа мэднэ гэж элэгсэгээр тайвшруулав.
Бүсгүйн царай бага зэрэг ягаарахад Гарольд үргэлжлүүлэн
—Ингэж их шаналаад хэрэггүй. Юу ч болсон бүх юм болдгоороо  болоод өнгөрсөн. Дахиад энэ тухай дурсан санасны хэрэггүй гэв.
Хатагтай Райс эргэж ирлээ. Түүний царайг хараад бүх юм хэвийн гэж ойлгож болохоор байв. Тэр хөгжилтэйгөөр
—Би ч их айлаа шүү. Ямар нэгэн бичиг цаастай холбоотой албаны зүйл байна. Хүүхдүүд минь, бүх юм хэвийн. Одоо биднийг хэн ч сэжиглэхээ больсон. Надад бол ликёр захиалж үүнийгээ тэмдэглэх учир шалтгаан байгаа гэж бодогдож байна хэмээн өгүүлэв.
Дарс авчирсан хойно тэр хундага өргөн
—Ирээдүйн төлөө!  гэхэд Гарольд инээмсэглэж Элси "Аз жаргалын төлөө!" гэж нэмэрлэв.
Тэд яагаад ч юм бэ? нэг л хөгжилтэй, тайван болцгоожээ. Үүлэн цаанаас нар гарч хурцаар ээхэд бүх юм хэвийн санагдаж байлаа.
Тагтны нөгөө үзүүрт сууж байсан шувуу шиг польш авгайчуул өндийж нэхэж байсан юмсаа нямбай гэгч эвхээд тэдэнд дөхөж ирлээ. Тэгээд хатагтай Райсад мэхийн ёслоод тэдний хажууд сууж нэг нь юм ярьж эхлэхэд нөгөө нь Элси, Харольд хоёр руу харж инээмсэглэнэ. "Хачин инээмсэглэх юм даа" гэж залуу эр бодов.
Тэр хатагтай Райсыг харлаа. Тэр нэг ч үг ойлгоогүй хэдий ч британи эмэгтэйн царай улайхыг анзаарав. Гэнэт сэтгэлд нь айдас түгшүүр төрөв. Райс ихэвчлэн яриаг нь сонсож хааяа нэг товчхон хоёр гурван өгүүлбэр хэлнэ.
Польш эмэгтэйчүүд ярьж дуусаад ёсорхог гэгч мэхийн ёслоод буудал руу явж одлоо.
—Юу болов? гэж Гаольд хахирган дуугаар лавлавал хатагтай Райс итгэл муутай дуугаар
—Энэ хүүхнүүд биднийг айлган заналхийлэхийг оролдож байх шиг байна. Өнгөрсөн шөнө тэд юу болсныг сонссон гэнэ. Бид энэ хэргийг далдлахыг оролдож байгааг тэд мэджээ. Байдал бур муугаар эргэлээ гэж хэлэв.
VIII
Нэг цагийн алдад Харольд Уоринг эзэмдсэн айдас хүйдсээсээ салах цэвэр бие махбодийн зорилгоор нуурын эргээр алхалж явав. Явган явсаар өнөөх зэвүүн авгайчуудыг анх харсан тэр газраа хүрлээ. Тэр хачин польш авгайчууд Элси тэр хоёрын хувь тавиланг атгаж байдаг нь...
—Тэднийг хараал идээсэй гэж тэр чанга хараал тавиад
—Энэ махчин, хүний цус сордог хүн толгойтой шувуун биетэй шуламнууд тамд унаасай гэж тэсэлгүй үглэв.
Гэнэт ард нь хэн нэгэн хүн зөөлхөн ханиав. Эргэн харвал үдийн хоолон дээр тэдний сонжиж байсай өнөөх өндгөн толгойтой, жигтэй сахалтай, аль үндэстэн нь мэдэгдэхгүй намхан хүн зогсож байлаа. Тэр үгийг нь дуулсан бололтой.
—Аа... аа... Өдрийн мэнд гэж Харольд түгдрээ немцээр дуугарвал өнөөх эр цэвэр англи хэлээр өөдөөс нь
—Танд энэ өдөр төдийлөн таатай санагдахгүй байх гэж бодож байна хэмэээ хариулав. Харольд бүр гайхаж
—Би... би нэг... гэж бувтнав.
—Ноёнтон танд эвгүй юм тохиолдоо юу? Би танд тус болох юм биш биз.
—Үгүй дээ. Би зүгээр л тайвшрах гэсэн юм. Тэгээд л тэр.
—Харин миний бодлоор та гай зовлонд унажээ. Хэрэв миний ажигласан зөв бол таны задгай тагт дээр хамт сууж байсан хоёр эмэгтэйтэй ч бас холбоотой юм шиг байна.
Харольд үймэрсэн дээрээ бүр тэвдэж
—Та тэдний тухай мэдэх юм уу? Ингэхэд та хэн бэ? гэлээ.
Энэ хооронд өнөөх эр эзэн хаанд л баймаар ихэмсэг төрхийг олж
—Миний нэр Эркюль Пуаро. Та бодвол дуулсан биз. Хоёулаа ойгоор жаал зугаалъя. Та надад юу болсноо илэн далангүй ярьж өг. Би танд туслаж чадах байх гэж өгүүлэв.
Харольд энэ нэрийг цөөнгүи дуулсан байв. Өдий болтол Харольд дэндүү их уур уцаартай байгаа бөгөөд өөрт нь таатай хэдэн үг хэлсэн үл таних хүмүүст л итгээд яваад байгаагаа ойлгосонгүй. Гэвч Пуарогийн нэр түүнийг тайвшрахад бага зэрэг тусалжээ.
Пуаро түүний яриаг нэг ч таслалгүй чимээгүй сонсож дуусаад толгой дохин сууснаа мөрөөдөнгүйгээр
—Стимфалийн нуурын эрэгт амьдардаг хүний махаар хооллодог төмөр хошуутай шувууд... Яг таарна шүү гэж хэлэв.
Түүний хэлсэнийг ойлгоогүй Харольд
—Юу гэнэ ээ? Та юу гэж хэлэв? хэмээн асуув. Тэр Пуарог солиотой юм биш байгаа гэж бодлоо. Пуаро инээмсэглэж
—Миний санахад бүх юм дууссан. Би юм бүхнийг өөрийнхөөрөө дүгнэдэг юм. Таны хэргийн хувьд гэвэл... Та тун таагүй байдалд оржээ гэлээ.
—Үүнийг ч би тантай тангүйгээр мэдээд байна.
—Заналхийлэх, айлган сүрдүүлэх гэдэг ч ноцтой гэмт хэрэг шүү. Төлүүлээд л байна. Ханаж цадахыг мэдэхгүй төлүүлээд л байна. Хэрэв та татгалзвал яах вэ?
—Бүгд дуусна. Миний албан тушаалын ахиц, хөөрхий тэр бүсгүйн амьдрал... гэж Гарольд барайн өгүүлэв.
—Иймээс ямар нэгэн юм хийх хэрэгтэй.
—Чухам юу вэ?
Пуарог толгойгоо гэдийлгэн нүдээ хагас анихад Уоринг түүнийг дахиад л солиорч эхлэв үү гэж бодлоо. Пуаро их л тайван намуун  дуугаар
—Одоо л хүрэл таржигнуураа дуугаргах хэрэгтэй дээ гэв.
—Та чинь галзуурч байна уу?
Пуаро толгой сэгсрэв.
—Хонгор минь битгий тэгж бодоорой. Би зүгээр л нэр нэгт алдарт баатар Геркулэсээс жишээ авахыг оролдсон юм. Геркулэсийг францаар Эркюль гэдэг юм шүү дээ. Стимфалийн нуурт амьдардаг махчин төмөр шувуудыг таржигнуураар үргээж харваж устгасан Геркулэсиин тухай домгийг та мэднэ биз дээ. Та дахиад хэдхэн цаг тэвчиж үз. Маргааш болохоос урьд би таныг гай зовлон таригчдаас чинь ангижруулаад өгөх болно.

                                                    IX
Маргааш өглөө нь Харольд Уоринг задгай тагт руу хүрч ирэхдээ Пуарог тэнд ганцаараа сууж байхыг харав. Харольд өөрийн эрхгүй түүнд дөхөж очлоо. Тэгээд их л догдлонгуйгаар
—За яасан бэ? гэж асуухад Пуарогийн нүүрэн дээр инээмсэглэл гүйж
—Бүх юм сайн хэмээн хариулав.
—Яг юу гэсэн үг вэ?
—Бүх юмны учир олдсон.
—Яаж?
—Би зэс таржигнуур ашигласан юм. Одоогийн хэлээр бол телеграф. Ноёнтоон таны стимфалийн шувууд түүнээс үргэж нисээд өөрийн урлагаа хэсэг хугацаанд үзүүлж болохгүй тийм газар орчихсон шүү.
—Тэднийг цагдаагийнхан баривчлаа юу?
—Маш зөв.
Харольд сэтгэл нь уужирсан байдалтай санаа алдаж
—Ашгүй дээ, би ийм юм болно гэж ер бодсонгүи. Энэ бүхнийг Элси, хатагтай Райс хоёрт очиж дуулгах хэрэгтэй гээд сандлаасаа өндийв. 
—Тэд энэ талаар мэдэж байгаа. 
—За тиим бол ч яахав. Харин чухам юу болсныг та надад тодорхой ярьж... гээд тэр гацчихав. Нуураас буудлыг чиглэсэн зөргөөр шувууны далавчийг санагдуулам дэрвэгэр нөмрөгөн захтай саарал хүрэмтэй эмэгтэйчүүд салхи сөрөн нөмрөгөө дэрвүүлсээр алгуурхан явж байлаа.
—Та чинь тэднииг баривчилсан гээ биз дээ.
Пуаро тэр зүг харснаа
—Өө энэ эмэгтэйчүүд үү? Тэд ямар ч буруугүй.  Үнэхээр танд буудлын жижүүрийн хэлснээр язгууртан гэр бүлээс гаралтай польш хүмүүс байгаа юм. Гадаад төрх нь төдийлөн сэтгэл татамгүй байх. Тэгээд л тэр...
—Би юу ч ойлгохгүй байна.
—Цагдаагийнханд өөр хоёр эмэгтэй тухайлбал зохион байгуулах асар их авьяас бүхий хатагтай Райс, уйланхай хатагтай Клейтон нар хэрэгтэй байсан. Тэд ч ер нь алдартай хүүхнүүд шүү. Авилгал, айлган сүрдүүлж олсон мөнгөөрөө олон жил амьдарч яваа тэднийг Европын нилээд хэдэн орны цагдаагийнхан эрж байсан...
Харольдын нүдний өмнө орчлон хөмөрчих шиг болоод орхилоо.
—Гэвч.. Өнөө алагдсан эр...
—Хэн ч алагдаагүй. Тэр ч байтугай, ямар нэгэн эрэгтэи хүн ч байгаагүй.
—Би нүдээрээ харсан шүү дээ.
—Үгүй ээ. Өндөр,  нарийхан дуутай хатагтай Раис буурал хиймэл үсээ авч нүүрний будгаа арилгаад сахал наагаад орхивол ямар ч эрийн дүрийг бүтээж дөнгөх жүжигчин юм шүү дээ.
Пуаро өвдөг сөгдөн унасан Харольдыг түшиж сандалд нь суулгав.
—Хонгор минь та тийм гэнэн итгэмтгий байж болохгүй. Аль ч улсын цагдаа нарыг тийм амархан худалдаад авчихаж болохгүй. Аллагын тухай яриа болж байхад бол бүр ч боломжгүй хэрэг байдаг юм. Энэ хүүхнүүд англи хүн гадаад хэл огт хайхардаггүй дутагдлыг чадмаг ашигласан. Чухам хатагтай Райс л зөвхөн немц хэл мэддэг болохоор буудлын эзэнтэй ярьж энэ бүх луйвраа хийх бололцоо олж авчээ.
Цагдаагийнхан зочид буудалд ирээд түүний өрөөнд орчихно. Чухам юу болж байгааг та мэдэхгүй. Харин тэр гоёлын зүүлтээ алдчихлаа гэх мэтийн юм л ярьсан байж. Юу ч хэлсэн байлаа гэсэн хамгийн гол нь та энэ бүхнийг харах учиртай. Ингээд юу болох вэ? Та цахилгаан илгээж, мөнгө гуйвуулахыг хүснэ, авсан тэр их мөнгөө бүхнийг зохицуулж буй хатагтай Райсад өгнө. Ингээд л болох нь тэр. Гэвч энэ хүний цус сорогч шувууд зэрлэгээс гадна шунахай юмсанж. Тэд таныг яагаад ч юм бэ хөөрхий тэд польш эмгэдэд таагүй хандаж байгааг мэдэрчээ. Тэднийг дөхөн ирж ямар ч гэм хоргүй яриа үүсгэхэд хатагтай Райс ховдог сэтгэлээ барьж чадалгүй тоглоомоо давтжээ. Тэр таныг өөрсдийнхөө ярианаас нэг ч үг ойлгоогүй гэдэгт бат итгэлтэй байжээ. Тийм учраас танаас дахиад л хүний ам таглах мөнгө нэхжээ.
—Харин Элси...?
Пуаро харц буруулав.
—Тэр ч бас их сайн жүжигчин байгаа юм. Дүрээ ч их сайн бүтээсэн. Гэнэн хонгор, даруухан,  ялдам,  цэвэр ариухан дүртэй тэр бүсгүй танд дур тачаалаас урьд хөлөг баатрын оргилуун хөөрүү дурлал мэдрүүлсэн бололтой. Ер нь англи эрчүүдийг иймэрхүү аргаар хялбархан хуурч болно л доо.
Харольд Уоринг гүнзгий санаа алдаад шийдэмгийгээр
—Цаг зав гаргаж байгаад Европын бүх хэлийг суръя. Хоёр дахиа яасан ч маллуулахгүй гэж тангараглав.

Орчуулсан Д.Дашмөнх

No comments: