Aug 20, 2014

Агата Кристи СТИМФАЛИЙН ШУВУУД

                                                    I

Харольд Уоринг зочид буудлын өмнө орших моддын сүүдэрт тавьсан сандалд тухлан тамхи нэрж суухдаа тэднийг анхлан харжээ. Гэвч тэр нуураас нааш зурайх зөргөөр ирж яваа авгайчуудыг тоосонгүй.
Харольдын төрийн ажлын туршлагаар бахархаж болно. Гучин  насанд сайдын гарын нарийн бичгийн дарга болно гэдэг амаргүй зүйл билээ. Нэг удаа бүр ерөнхий сайд өөрөө "Энэ Уоринг хол явна шүү" хэмээн үглэсэн гэлцдэг. Ер нь амьдрал Харольд Уорингт зол заяагаа харамгүй зориулжээ. Тэр залуухан, хөрөнгө бэлтэй,  эхнэртэй болж амжаагүй тэр ч бүү хэл авгай хүүхнүүдтэй орооцолдсон шуугианд ч өртөж яваагүй.
Тэр Европын хаа нэгтээ аглаг газар очиж элдэв мэдээлэл,  чимээ шуугианаас хол,  нам гүмд амралтаа өнгөрүүлэхээр шийдсэн учир Словакийн Стемпка нуурын эрэгт орших бяцхан зочид буудалд иржээ. Энд хүн цөөтэйгөөс гадна ихэнх нь гадаадын хүмүүс байлаа. Түүнээс өөр англи хүн энд хоёрхон байсан нь хатагтай Райс болон түүний охин,  хатагтай Клейтон нар байв. Тэд хоёул Харольдод таалагдна. Дөлгөөн, ичимхий, бүрэг Элси Клейтон оо энгэсэг бараг үл хэрэглэх тул гоо үзэсгэлэн нь бага зэрэг дарагдана. Хатагтай Райсыг жинхэнэ "Хатуу чанга гартай бүсгүй" гэж хэлж болохоор... Өндөр нуруутай хирнээ нарийхан дуутай тэр авгай хошигнолыг сайн ойлгодогоос гадна тун сонирхолтой харилцан ярилцагч байж чаддаг юмсанж. Харольд ч тэдэнтэй цөөнгүй цагийг тааламжтай өнгерүүлж байгаа билээ.
Буудлын бусад зочид түүний анхаарлыг ер татсангүй. Ихэнх нь аялан жуулчлагчид учир сайндаа гурав хоночихоод л яваад өгдөг байлаа. Юутай ч өнөөдрийг хүртэл бусад хүмүүсийг нэг их анзаарсангүй.

Харин өнөөдөр энэ хоёр хатагтайг дөнгөж тогтон ажиглатал нар үүлний цаагуур шургаж хамаг бие нь агдалзаад явчихав. Тэдэнд ямар нэгэн ер бусын юм байх шиг... Урт унжуу хамар, ямар ч хөдөлгөөнгүй гөлгөр шувтан царай нь ямар нэгэн шувууг санагдуулж мөрөн дээрх далбагар том зах нь яг л далавч мэт дэрвэлзнэ.  "Тэд ямар нэгэн махчин зэрлэг шувуудтай адил юм гээч" хэмээн англи эр дотроо бодлоо.
Ихэр мэт ижилхэн царай зүстэй тавь эргэм насны авгайчуул түүний хажуугаар явж өнгөрөв. Эгч дүүс бололтой. Зэвүү хүргэм дүр төрхтэй тэд Харольдтой зэрэгцэн ирмэгцээ түүнрүү сониучирхаж, үнэлж цэгнэсэн харц чулуудаад авав. Англи эр ч тэдний урт хумстай шувуудын сарвууг илт санагдуулах гарыг харангуут дотор нь бүр ч эвгүйцлээ. Хэдий нар гарсан ч сэтгэл нь нэг л эвгүй дэнслээд байсан учир удтал тайвширч чадсангүй.
Гэтэл ашгүй хатагтай Райс ирж түүнийг энэ бодлоос нь салгав. Тэр Уорингийн тавьж өгсөн сандалд талархан суугаад шаргуухан юм нэхэж эхлэв.
—Та дөнгөж сая буудалд орсон хоёр эмэгтэйг ажиглав уу? гэж Харольд асуулаа.
—Том захан нөмрөгтэй юу? Би хажуугаар нь өнгөрсөн л дөө.
—Тэд танд нэг л хачин санагдсангүй юу?
—Юу л даа... Нэг тиймэрхүү санагдсан. Тэд лав өчигдөр орой ирсэн байх. Ихэр юм шиг адилхан хүмүүс байсан.
—Би дэндүү хийсвэр сэтгэж байж болох юм. Гэхдээ тэдэнд ямар нэгэн зэрлэг, муу муухай зүйл байгаа мэт санагдсан шүү.
—Ямар сонин юм бэ? Би эхлээд тэднийг сайн ажиглачихаад тантай санал нийлж буй эсэхээ хэлье. Тэдний талаар буудлын жижүүрээс лавлая л даа. Тэд англи хүмүүс биш байх нь дээ?
—Яасан ч биш. Хатагтай Райс цагаа харснаа
—Өглөөний цай уух цаг болчихжээ. Ноён Уоринг та буудалд очоод цай захиалж тус болохгуй юу гэлээ.
Уоринг цай захиалаад эргэж ирснээ
—Таны охин ер үзэгдэхгүй байх чинь. Тэр хаачаа вэ? гэж лавлав.
—Өглөөгүүр бид нуурын эргээр зугаалсан. Хусан ой дундуур явлаа. Их сайхан байсан шуү.
Үйлчлэгч ирж өглөөний цай авчрав. Райс юм нэхсэн хэвээр
—Элси өглөөний цайнд ирэхгүй байх. Тэр нөхрөөсөө захиа авсан гэж хэлэв.
—Нөхөр ий? Уучлаарай би түүнийг бэлэвсэн байх гэж бодсон юм.
Хатагтай Райс түүн рүү огцом харц шидэнгүүтээ
—Үгүй тэр бэлэвсэн биш гэж хуурай хариулаад
—Азаар хэмээн нэмж хэлэв. Харольд бур балмагдаж орхижээ. Англи хүүхэн царайгаа барайлган
—Архидалт сайн юм хэзээ ч авчирдаггүй гэлээ.
—Нөхөр нь тийм айхавтар уудаг юмуу?
—Тиймээ. Бас маш их хартай,  тун айхтар цочмог ууртай хүн байгаа юм гээд хүүхэн гүнзгий санаа алдаж
—Элси түүнтэй их л зовлонтой амьдарч байна. Тэр миний цорын ганц охин. Би түүнийг сайн сайхан байлгахын төлөө бүхнээ зориулсан. Одоо харин сэтгэл шаналах юм гэж ярилаа. Сэтгэл нь хөдөлсөн Харольд
—Их л энхрий даруу, үг дуу цөөтэй бүсгүй санагдсан гэж үглэв.
—Бүр дэндүү дуугүй гээч...
—Та...
—Аз жаргалтай хүмүүс ихэвчлэн яриа байдаг. Харин түүний амьдрал баяр хөөрөөр гийгүүлээгүй, тэгээд ч сэтгэлдээ маш ихийг тээж яваа хүн.
—-Яаж байгаад түүнтэй суучихсан юм бэ? гэж Гарольд ээрч түгдрэн лавлав.
—Филипп Клейтон гадаад төрхөөрөө дур татмаар л хүн. Бас ч шаггүй хөрөнгөтэй, эелдэг зантай. Гэхдээ ойр дотныхондоо ханддаг жинхэнэ зан авираа нууж чаддаг юм. Би олон жилийн өмнө бэлэвсэрсэн. Харин хоёр ганцаардсан эмэгтэй ийм асуудлыг зөв шийдэж чадахгүй гэдгийг та ойлгоно.
—Энэ үнэн шүү гэж Харольд бодлогошронгуй дуугарлаа.
Тэр хэрхэн сэтгэлд нь өрөвдөн хайрлах сэтгэл, уур хилэн үзэн ядалттай хослон босохыг мэдрэв. Элси Клейтон одоо 25 нас л шүргэж яваа болов уу? Тэр тунгалаг цэнхэр нүд, жимбэгэр уруул, үл мэдэг мушийдаг завьж тэргүүтнийг дурсан бодмогц энэ жижигхэн бүсгүйд хандах сэтгэлд нь нөхөрлөлөөс өөр ямар нэгэн юм байгааг мэдрэх шиг боллоо... Гэтэл тэр бүсгүй бүдүүлэг, хэрцгий хүнтэй ханилсан байдаг... 

                                                II

Харольд оройн хоолны үеэр сая Элси Клейтоныг олж үзэв. Тэр сарнайн өнгөтэй даруухан даашинз өмсчээ. Уйлснаас болж нүд нь улайсан байхыг нь Харольд ажиглав.
 —Ноён Уоринг би таны хоёр махчин шувууны талаар юм мэдсэн шүү. Тэднийг их сурвалжит гэр бүлээс гаралтай польш хүмүүс гэж жижүүр хэлсэн хэмээн хатагтай Райс яриа үүсгэв. Харольд тасалгааны нөгөө буланд сууж буй эгч дүүс үрүү харахад 
—Тэр хоёр эмэгтэй юу? гэж Элси сонирхов. Тэгснээ 
—Ямар хачин өнгөөр үсээ буддаг юм бэ? Яагаад ч юм бэ сэтгэлд нэг л аймаар санагдаад явчихлаа гэв. 
—Би ч бас ингэж бодсон гэж Харольд дуугарав. Райс инээмсэглэж 
—Та хоёр чинь яасан инээдтэй хүмүүс вэ? Ганцхан хараад л хүнийг дүгнэж болохгүй  шүү дээ гэв. Хариуд нь Элси инээд алдаж
—Мэдээж болохгүй. Гэхдээ л би тэднийг махчин бүргэдтэй их адилхан гэж бодож байна гэхэд Харольд
—Үхдэлийн амьгүй нүдээр бусдыг хардаг... хэмээн нэмэв. Элсииг цонхийн цайж
—Ингэж хэлээд хэрэггүй гэж гуйхад залуу эр даруй уучлал хүсэв.
—Юутай ч байсан тэд бидэнтэй нэгдэхгүй л юмдаг.
—Бидэнд ч тийм аймаар нууцлаг юм алга.
—Ноён Уорингэд байдаг биз гэж хатагтай Райсыг хэлэхэд Харольд нулимсаа гоожтол хохөрч
—Надад ямар ч нууц байхгүй. Миний амьдрал бол дэлгээтэй ном л гэсэн үг. Чин шударга сэтгэл хүн бүрд байвал зохино. Энэ нь хүн бүрийн өөдөөс зоригтой харж танд саад болоод байгаа хүнийг чөтгөр рүү зоригтой тонилгоход тусалдаг юм гэж цэцэрхэн ярилаа.

III

Харольд Уоринг бусад бүхий л англи хүмүүсийн адилаар гадаад хэл тун тааруухан мэддэг байв. Түүний францаар илт британи аялгатай ярихыг хүн ойлгоход бэрх. Харин немц, итали хэлийг бол тэр ор тас мэдэхгүй. Гэсэн хэдий ч энэ байдал өдгөөг болтол түүнийг зовоож байсан удаагүй. Европ тивийн ихэнх зочид буудалд яаж ийгээд л англиар ярьдаг хүн таардаг хойно санаа зовох хэрэг юун?
Словакийн энэ бөглүү газар зөвхөн жижүүр нь немцээр ярьдаг ч гэсэн аз дайрч хэл мэддэг бүсгүйчүүдтэй таарчээ. Хатагтай Райс германаар төдийгүй словакаар бага зэрэг ярьчихдаг ажээ.
 Харольд немц хэл сурахаар шийдэж хэдэн сурах бичиг толь бичиг олж аваад өглөө бүр 2 цаг хичээл хийж байгаа ч ахиц муутай байв. 
 Гэгээн тунгалаг өглөө Харольд албан ажлын холбоотой хэдэн захиа аваад цагаа харвал үдийн хоол хүртэл дахиад бүтэн цагийн зай байсанд энэ хооронд зугаалахаар шийдлээ. Тэр доош буун нууранд хүрээд эргэж хусан ой руу оров. Таван минут ч өнгөрөөгүй байхад тэрбээр юутай ч андуурамгүй нэг чимээ олж сонслоо. Хаа нэгтээ холгүй газар зүрх сэтгэл нь зовлонгоор дүүрсэн нэг эмэгтэй эхэр татан уйлж байв. Тэр алхаагаа сааруулан уйлах чимээ гарч буй газар руу дөхөв. Удалгүй тэр Элси Клейтоныг унасан модны мөчир дээр суугаад нүүрээ гараараа таглан гашуунаар уйлж байхыг үзлээ. Харольд хором хиртэй тээнэгэлзсэнээ дөхөн очиж
—Хатагтай Клейтон... Элси... гэж аяархан дуугарахад бүсгүй цочин өндийж нулимс дүүрч бөлцийсөн нүдээр түүнийг ширтэв.
—Би танд юугаар туслах вэ? Та хэл л дээ.
Бүсгүй толгой сэгсрэв.
—Та их сайн хүн юм. Гэхдээ та надад юугаар ч туслаж чадахгүй.
—Энэ... таны уйлсан... нөхөртэй чинь холбоотой юу?
Бүсгүй толгой дохиод нулимсаа арчиж биеэ барихыг их л хичээж байгаа бололтой хоолой нь чичрэн
—Би ээжийг зовоохыг хүсээгүй юм. Намайг шаналахыг харахаар сэтгэл нь бүр өвддөг байх. Иймээс би наашаа ирж уйлсан юм. Энэ тэнэг хэрэг л дээ. Нулимс юунд ч тус болохгүй. Гэхдээ заримдаа дотроо онгойтол... ер нь заримдаа амьдрал тэсвэрлэхүйеэ бэрх санагдах юм даа гэж ярилаа.
—Би таны төлөө их харамсаж байна. 
Бүсгүй түүнийг талархсан харцаар ширтээд
—Би ганцаараа бүх юманд буруутай. Би Филипптэй өөрийн дураар гэрлэсэн юм. Гэвч бүх юм буруугаар эргэлээ. Өөрийгөө буруутгахаас өөр яахав дээ гэж дуржигнуулан өгүүлэв.
—Та их зоригтой юм.
—Үгүй ээ, би зоригтой биш. Харин ч бүр шал эсрэг. Хамгийн аймхай хүн. Филиппээс би айдаг, уурласан үед нь бүр их айдаг гээч...
—Та түүнээс салаач гэж залуу эр догдлон дуу алдав.
—Би шийдэж чадахгүй л байна. Тэр... тэр зөвшөөрөхгүй байх.
—Салж болохгүй яах юм бэ?
—Надад түүнээс салах ноцтой шалтгаан байхгүй учир зөвшөөрөхгүй. Тэвчихээс өөр яахав дээ. Би ихэнх цагийг ээжтэй өнгөрүүлдэг. Филипп үүнийг эсэргүүцдэггүй юм. Ялангуяа иймэрхүү буйд газар очиход дургүйцдэггүй гээд Элси улайснаа
—Тэр маш их хартай л даа. Намайг өөр хүнтэй ярилцаж байхыг хармагц аймшигтай уурладаг юм хэмээн нэмж хэлэв.
Залуу англи эрийн сэтгэлд уур хилэн оволзоод ирэв. Тэр олон хүүхнүүд нөхөртөө хардуулдаг. Үүнд учир шалтгаан бий гэдгийг сонсож байсан. Гэвч Элси Клейтон тийм хүүхэн биш. Тэр Харольд  руу ганц ч удаа сээтгэнэсэн харц шидэж байгаагүй.
Элси үл мэдэг чичрэн түүнээс холдоод
—Нар үүлний цаагуур орчихоод их хүйтэн байна. Буудалд очсон нь дээр биз.  Үдийн хоолны цаг болчихлоо гэв.
Тэд буудал зүглэн явж байхдаа мөн л тэдэнтэй нэг зүгт явж буй хүүхнүүдийг олж харав. Салхинд дэрвэх нөмрөг-захаар нь тэд өнөөх эгч дүү польш хүүхнүүд болохыг таньлаа. Тэднийг дөхөж ирэхэд харц мөргөлдөв. Харольдын дотор эвгүй болоод явчихжээ. Энэ хоёр тэднийг унасан модон дээр зэрэгцэн суугаад ярьж байгааг харсан юм биш байгаа? Хэрэв тэгсэн бол? Гадаад байдлыг нь харвал тийм л юм шиг байх юм... Хэрэв тэгвэл... Түүний уур дахиад л бадрав.
Энэ хүүхнүүдтэй таарах бүрд нар үүлний цаагуур орох юм. Хачин юм даа... Юутай ч болов, Харольдын сэтгэл сүрхий догдолсон байлаа.

IV

Тэр орой Харольд арав өнгөрөөж өрөөндөө оров. Англиас шуудан ирсэн тул яаралтай хариу бичихгүй бол болохгүй хэд хэдэн захиа иржээ. Тэр пиджакаа  тайлж тавиад халаадаа өмсөж ширээнийхээ ард суулаа.
Гурван захиа бичээд дөрөв дэхийг нь эхлэж байтал гэнэт хаалга нээгдэн Элси Клейтон найган ганхсаар орж ирлээ. Харольд огло харайн босов. Элси хаалга хаамагцаа шүүгээнии хаалга тэмтчин зүтгэв. Түүний царай шохой шиг цайж,  ямар нэгэн юмнаас үхтлээ айсан нь илт ажээ. Тэр
—Миний нөхөр...  тэр гэв гэнэт хүрээд иржээ... Намайг ална шүү... Тэр солиорчээ. Бүр галзуурсан байна. Намайг нуугаач... Түүний нүдэнд бүү харагдуулаач гэж үглэнэ.
Бүсгүй урагш алхмагцаа унах дөхөөд ирэхэд Гарольд түшиж авахаар гар сунган дөхөв. Яг энэ мөчид хаалга тархийн нээгдэж босгон дээр дунд зэргийн нуруутай, өтгөн хууч сахалтай, хар бараан үстэй эр зогсож үзэгдлээ. Тэр гартаа автомашины боолт авдаг том түлхүүр барьжээ.
—Аанхаан гэж тэр уурсаж хилэгнэсэн хоолойгоор бархираад
—Тэгэхээр польш авгай үнэн хэлжээ. Чи энэ залуутай хошуу холбосон чинь үнэн байна гэж орилов.
—Үгүй ээ Филипп. Энэ худлаа.  Чи эндүүрч байна.
Балмагдсан Харольд шууд дайран ирэх Филипп Клейтоноос Элсийг халхлахыг оролдов. Сахалт эр
—Эндүүрч гэнэ ээ. Чи ичгүүргүй үүний өрөөнд гүйж орж нуугдчихаад юу гэх гээв? Үүний чинь төлөө би чамайг ална даа, муу шулам минь гэж ахин бархирав.
Ингэмэгц тэр Харольдыг овжин тойрч гараад Элси рүү дайрлаа. Бүсгүй дуу тавин чарлаж Харольдын араар нуугдсанд Харольд Филиппийг барьж авахыг оролдов. Гэвч Филипп эхнэртээ хүрч амжжээ. Тэр Харольдын гараас мултарч эхнэрээ цохин алдахад ухаан алдатлаа айсан Элси тасалгаанаас гүйн гарлаа. Нөхөр нь ч түүний араас ухасхийхэд Харольд дагав. Элси сум шиг хурдлан өрөөндөө орж үүдээ түгжихийг оролдон түлхүүр эргүүлсэн ч нөхөр нь түгжүүлэлгүй түлхэн орохыг тэр харлаа. Элси дахин муухай чарлав.
Харольд гүйн орвол Элси цонхны тавцан налан зогсоод Филипп автомашины түлхүүрээ чанга атган алгуурхан дөхөж байлаа. Бүсгүй сандран орилж ширээн дээр байсан боодолтой шууданг аваад нөхрийнхөө толгой дундуур дэлсэхэд Филипп тайрагдсан мод мэт газар уналаа. Балмагдсан Харольд босгон дээр хөдөлгөөнгүй зогссоор... Элси орилон хөдөлгөөнгүй болсон нөхриинхөө хөлд өнхрөв.
Хонгилд хэн нэгэн нь хаалга онгойлгох дуулдлаа. Элси өндийж залуу руу гүйн очсоноо
—Та... явж үзээч. Өрөөндөө очооч... Хүмүүс хүрээд ирж магадгүй, Биднииг харчихвал яана гэж давхцуулан үглэв.
Харольд толгой дохив. Тэр бүгдииг ойлгов.  Филипп Клейтон намжсан ч Элсигийн орилох дуу олон хүнийг сэрээсэн нь мэдээж. Хэрэв түүнийг энэ өрөөнд байхыг харвал шуугиан дэгдэх хамгийн амархан.
Тэд хоёул үүнээс зугтах нь чухал.
Аль болох чимээ гаргахгүйг хичээн Харольд өрөөгөө зүглэв. Дөнгөж хаалга хаамагц хонгилд хэн нэгэн нь үүдээ нээх дуулдлаа. Тэр гарч зүрхлэлгүй өрөөндөө хагас цаг илүү суув. Тэр эрт орой хэзээ нэгэн цагт Элсиг орж ирнэ гэдэгт бат итгэнэ. Тэгсээр хаалга аяархан тогших дуулдав. Харольд гүйн очиж нээвэл Элси бус хатагтай Райс зогсож байх нь тэр... Нүднийх нь доогуур хар хүрээ татаж, буурал үс нь үл ялиг сэгсийгээд даруй арван насаар хөгширсөн мэт харагдана.
Харольд хүндээр амьсгаадах эмгэнийг түшин сандалд суулгав.
—Юу болов,  хатагтай Рэйс? Би танд юугаар тус болохсон бол? гэвэл тэр толгой сэгсрэн
—Би зүгээр. Надад санаа зоволтгүй. Харин аймшигтай юм болсон шүү,  ноён Уоринг гэлээ.
—Юу, Клейтон шархдаа юу?
—Түүнээс ч муу юм болсон. Тэр үхчихжээ.
(Үргэлжлэл нь дараагийн дугаарт)

1 comment:

Enhbat.B said...

Харольд Уоринг, Гарольд Виеринг 2 нэг хүн юм уу?