May 12, 2014

Хэнри Слезэр Гайт учрал

Жо Хелмер бухимдаж цухалдсандаа өөр чиглэлийн автобусанд сууж яваагаа 10 минут өнгөрсөний  хойно л сая мэджээ. Сүүлчийнхээ 15 центийг зарцуулж байж гэртээ хүрэх гэсэн чинь арваад гудамж алгасаад явчихсанд өөрийгөө зүхэж , дотроо хамаг бурууг Ирэнд чихэж байв. 
Хелмер кино театраас гэр рүүгээ утасдтал өглөө цай ууж суухдаа өдүүлсэн хэрүүл нь утсаар даамжиран үргэлжилжээ. Түүнийг байнгын ажилгүй байгаад Ирэн дургүйцэх ч Жо бол бусадтай адил үхэн хатан зүтгэж , үйл тамаа үзэж байж хэдэн доллар олохын тулд гүрийх хүн биш, тэгснээс ажилгүй байсан нь дээр гэж үзнэ. Үүнийг нь Ирэн ойлгодоггүй байлаа. Гэхдээ хэзээ нэгэн цагт түүнийг аз дайрна гэдэгт тэр итгэдэг байлаа. 
Амьдрахад өдрөөс өдөрт хүнд болж , ядахад байрны эзэд улам хатуурхах болсонд хоёулаа бухимдана. Нэг өглөө тэдний гэрэл цахилгааныг таслахад ус гоожсон хөргөгчөө хараад Ирэн бачимдан үглэж дараа нь телефон утсыг нь салгахад бүр ч цочирджээ. Удалгүй тэдэнд байрнаас нь хөөж гаргана гэсэн мэдэгдэл ч ирсэн билээ. Тэр автобусны эцсийн буудал дээр буугаад нэг ч мөнгөгүй тул гэртээ явган харих нь гэж гашуудан бодов. Түүний өмнө тавь орчим насны , үнэтэй эдээр хийсэн сайн чанарын хувцастай нэгэн эр цэмцгэрхэн алхаж явлаа. Мөнгөтэй хүн сайхан юм даа гэж Жо бодонгоо түүний араас гэлдрэнэ. Гудамж сэлүүхэн, тэр хоёроос өөр хүн ойр орчимд байсангүй. Гэнэт өнөөх эр зогтусаж цамцныхаа хоолойн товчийг тайлахаар оролдоод, Жог дөхөж очиход түүн үрүү тусламж ирсэн харцаар харж байснаа зугуухан найгасхийн зам дээр эвхэрч уналаа. Жо, энэ хүн гэнэт бие нь муудан муужирч унасныг ойлгосон ч үхчихсэн байж магадгүй хэмээн болгоомжлов. Тэгээд энэ хэрэгт хутгалдахгүй гэж газарт хэвтэж байгаа өнөөх хүнийг ажигласаар хажуугаар нь өнгөрөхдөө 
- Та яачихав аа ? гэж асуух төдий болжээ. Гэсэн ч түүнийг хариу дуугарахгүй болохоор нь зог тусан , бугуйг нь атгаж судас нь цохилж байгаа эсэхийг үзэхэд юу ч мэдрэгдсэнгүй. Аманд нь алгаа нааж үзэхэд бүлээн амьсгал ч байсангүй. Бичиг баримт байж магадгүй гэж бодоод мөнөөх хүний өврийг уудалсанд бөөн мөнгө гарч ирлээ. Жо хэсэг зуур яахаа мэдэхгүй багц долларыг ширтэн алмайрч байснаа эргэн тойрныг хараад , нэг ч хүнгүй болохоор мөнгийг халаасандаа бушуухан хийгээд , "Хэн нэг нь энэ хүнийг үзэж туслах биз, надад мөнгө хэрэгтэй шүү дээ " гэдгээр өөрийгөө зоригжуулан яаруухан алхалсаар түүнээс холдов. 

Хэн нэгэн араас дуудах болов уу гэж жийрхсээр нэг мэдэхэд гэртээ иржээ. Хаагуур явсаныг нь Ирэн лавлахад Жо, 
- Ажил л хайж явлаа. Харин цэрэгт  хамт байсан нэг нөхөртэйгөө тааралдлаа.Тэр үед би түүнд тус болж нэлээд мөнгө зээлүүлсэн юм. Тэр түүнийг санаж өрөө өглөө. Шударга хүн байдаг л юм байна гэлээ. Ирэн үнэмшиж ядан,
- Тоглоогүй биз гэж асуув. Жог ширээн дээр бөөн мөнгө гаргаж тавихад ойрын үед мөнгөний бараа хараагүй эхнэрийнх нь нүд сэргэж ухасхийн шүүрч аваад тоолж гарлаа. Тэгээд удалгүй ,
- Энд чинь 375 доллар байна шүү дээ гэж илт баярлан өгүүлэв. Ирэн байр цахилгаан , утасны мөнгө, бусад төлбөр тооцоог хийх мөнгөтэй болсондоо баярлан оройн хоол зэхэхээр холдоход Жо өнөөх хүний мөнгөний түрүүвчийг дахин нэгжихэд " Марвий Хорайн Далдугаар гудамж , Наймдугаар байшин " гэсэн хаягтай нэг нэрийн хуудас , бас "би үхээгүй шүү" гэсэн бичигтэй өөр нэгэн хуудас гарчээ. Түүний доор мөн " Би онцгой нэгэн өвчтэй хүн . Энэ өвчний улмаас заримдаа муужирч унадаг . Ингэж унахад намайг үхчихлээ гэж бодож болно. Харин надад итгэж , Мюррей Хилл-3-0010,64 дүгээр гудамж, 441 хаягаар доктор Нельсон Крюгерт мэдэгдэж тус болно уу?" гэж бичсэн байжээ. Балмагдсан Жо гал тогоонд орж , Ирэнээс 5 доллар шууд нэхэж аваад гарав. Тэгээд такси хөлөглөн өнөөх хүний унасан газар ирвэл цагдаагийн машинаас өөр юу ч байсангүй. Жолооны ард сууж байсан цагдаагийн түрүүчээс юу болсныг лавлав. Тэгээд нэгэн эрэгтэй энд унаж түүнийг түргэн тусламжийн авч явсаныг анх удаагаа сонсож мэдэж байгаа мэт хий дэмий л толгой дохив. 
Жо цаашид юу хийхээ мэдэхгүй байлаа. Арга барагдахдаа гэртээ буцан ирж , эхнэртээ юу ч ярилгүй шууд унтлаа. Өглөө эрт сэрээд өөрийгөө хулгайч гэж нэрлээгүй ч хүн амины хэрэгт холбогдолтой гэж бодов. Учир нь 375 долларын төлөө хүн үхэх гэж байхад тусалж чадаагүй нь сэтгэлд нэг л зовиуртай. Ирэнийг угаалгын өрөөнд байх завсар Жо гадагш гарч гудамжнаас цагдаагийн хэлтэс рүү утасдан "Өчигдрийн ухаан балартаж унасан хүн үхээгүй . Тэр хүн ингэдэг өвчтэй тул түүнийг оршуулж болохгүй." гэж нотлохыг оролдлоо. Гэтэл цагдаагийнхан түүний ярианы учрыг сайн ойлгосонгүй. 
- Ирж тодорхой мэдээлэл өгсөн нь дээр гэв. Харин тэр цагдаагийн хэлтэс рүү явсангүй, баахан цэрвэж байсан учир Мюррей Хилл дахь доктор Крюгерийг олох нь зүйтэй гэж шийдэв. Крюгерийн хаягийг олж утасдахад нэгэн эмэгтэй,
- Доктор Крюгер Майамид амарч байгаа гэснээс өөр өөдтэй юм хэлсэнгүй. 
Жо цагдаагийн газар очихоос өөр замгүй боллоо гэдгээ ойлгож тийш зүглэлээ. Цагдаагийн хэлтсийн дэслэгч Бейтс гэгч бүдүүн эр түүнтэй ярилцаад ,
- Таны хэлээд буй тэр хүн чинь эмч нарын магадлагаар зүрхний ховдол нь цус татахаа байж зогссон тул үхсэн гэдэг оншлогоотой нас барсан гэж хэлжээ. Жо Хелмер сэтгэлээ барьж чадалгүй, түүний тэр хүн муужирч унахад халаасыг нь ухсан, бас ингэж унадаг тул үхсэнд бүү тооцоорой гэсэн бичиг гарсан, иймээс түүнийг оршуулж болохгүй гэж ээрч муурсаар тайлбарлахад дэслэгч Бейтс,
- Тийм бол хоёулаа талийгаач дээр очъё , таны яриад байгаа хүн мөн бишийг үзье гэв.  Талийгаачийн шарилыг үзээд Жо " Энэ тэр гудамжинд унасан хүн мөн байна " гэж батлахад дэслэгч Бейтс 
- Ноён Хелмер, энэ таны бодоод байгаа хүн биш. Үүний жинхэнэ нэр нь Санни Кэпер. Мэргэжлийн хармааны хулгайч, хуурамч мөнгө үйлдэгч, хэн ч гэдэг нэрээр явж байж магадгүй. Санни мөн эсэхийг бид хөдөлгөөнгүй тогтоосон. Харин та надтай хамт миний өрөөнд эргэж орох хэрэгтэй боллоо. Таны хувьд ч бид хэрэг үүсгэх хэрэгтэй болсон юм шиг байна гэж эелдэгхэн хэллээ. 
Орчуулсан Д.Дашмөнх

No comments: