May 12, 2014

Хэнри Слезэр Гайт учрал

Жо Хелмер бухимдаж цухалдсандаа өөр чиглэлийн автобусанд сууж яваагаа 10 минут өнгөрсөний  хойно л сая мэджээ. Сүүлчийнхээ 15 центийг зарцуулж байж гэртээ хүрэх гэсэн чинь арваад гудамж алгасаад явчихсанд өөрийгөө зүхэж , дотроо хамаг бурууг Ирэнд чихэж байв. 
Хелмер кино театраас гэр рүүгээ утасдтал өглөө цай ууж суухдаа өдүүлсэн хэрүүл нь утсаар даамжиран үргэлжилжээ. Түүнийг байнгын ажилгүй байгаад Ирэн дургүйцэх ч Жо бол бусадтай адил үхэн хатан зүтгэж , үйл тамаа үзэж байж хэдэн доллар олохын тулд гүрийх хүн биш, тэгснээс ажилгүй байсан нь дээр гэж үзнэ. Үүнийг нь Ирэн ойлгодоггүй байлаа. Гэхдээ хэзээ нэгэн цагт түүнийг аз дайрна гэдэгт тэр итгэдэг байлаа. 
Амьдрахад өдрөөс өдөрт хүнд болж , ядахад байрны эзэд улам хатуурхах болсонд хоёулаа бухимдана. Нэг өглөө тэдний гэрэл цахилгааныг таслахад ус гоожсон хөргөгчөө хараад Ирэн бачимдан үглэж дараа нь телефон утсыг нь салгахад бүр ч цочирджээ. Удалгүй тэдэнд байрнаас нь хөөж гаргана гэсэн мэдэгдэл ч ирсэн билээ. Тэр автобусны эцсийн буудал дээр буугаад нэг ч мөнгөгүй тул гэртээ явган харих нь гэж гашуудан бодов. Түүний өмнө тавь орчим насны , үнэтэй эдээр хийсэн сайн чанарын хувцастай нэгэн эр цэмцгэрхэн алхаж явлаа. Мөнгөтэй хүн сайхан юм даа гэж Жо бодонгоо түүний араас гэлдрэнэ. Гудамж сэлүүхэн, тэр хоёроос өөр хүн ойр орчимд байсангүй. Гэнэт өнөөх эр зогтусаж цамцныхаа хоолойн товчийг тайлахаар оролдоод, Жог дөхөж очиход түүн үрүү тусламж ирсэн харцаар харж байснаа зугуухан найгасхийн зам дээр эвхэрч уналаа. Жо, энэ хүн гэнэт бие нь муудан муужирч унасныг ойлгосон ч үхчихсэн байж магадгүй хэмээн болгоомжлов. Тэгээд энэ хэрэгт хутгалдахгүй гэж газарт хэвтэж байгаа өнөөх хүнийг ажигласаар хажуугаар нь өнгөрөхдөө 
- Та яачихав аа ? гэж асуух төдий болжээ. Гэсэн ч түүнийг хариу дуугарахгүй болохоор нь зог тусан , бугуйг нь атгаж судас нь цохилж байгаа эсэхийг үзэхэд юу ч мэдрэгдсэнгүй. Аманд нь алгаа нааж үзэхэд бүлээн амьсгал ч байсангүй. Бичиг баримт байж магадгүй гэж бодоод мөнөөх хүний өврийг уудалсанд бөөн мөнгө гарч ирлээ. Жо хэсэг зуур яахаа мэдэхгүй багц долларыг ширтэн алмайрч байснаа эргэн тойрныг хараад , нэг ч хүнгүй болохоор мөнгийг халаасандаа бушуухан хийгээд , "Хэн нэг нь энэ хүнийг үзэж туслах биз, надад мөнгө хэрэгтэй шүү дээ " гэдгээр өөрийгөө зоригжуулан яаруухан алхалсаар түүнээс холдов.