Mar 20, 2013

Фридрих Глаузер Ноён ба ёотон


Цагдаагийн комиссар Крэйберг хэргийн газарт ирэнгүүтээ илрэх найдваргүйг нь  ойлгов. Цээжиндээ хутгалуулж бөөн цус нөж болон амиа алдсан этгээд бол Якоб Кусмауль гэгч нэрээр алдаршсан цуутай дамын панзчин байлаа. Паспортад нь түүнийг Ригагаас гаралтай гэж тэмдэглэсэн ч иймэрхүү төрлийн хүмүүст итгэх аргагүй бөгөөд энэ этгээд шал өөр нэртэй, Ригад биш Бухарестийн хаа нэгтээ ч төрсөн байж болзошгүй нь мэдээж билээ. 
Үхдэлийг үзэнгээ Крэйберг «Надад дандаа л «аз» дайрах юм даа» хэмээн бодоод гүнзгий шүүрс алдав. Дэлхийн нэгдүгээр дайн дуусаад дөрвөн жил болсон ч Венад хүнс эд бараа хомс хэвээр дамчид хотоор дүүрэн байлаа. Хэрвээ дайн болоогүй бол ч Крэйберг өдийд ордны зөвлөх түшмэл мэтийн дээгүүр алба хашиж байх байлаа… даанч мөрөөдөл юм даа. Гэтэл одоо энэ Якоб Куссмауль гэгч этгээд амар заяаг нь үзүүлэхгүй шинжтэй болоод явчихлаа…
Шатар өрж тавьсан ширээний хажууд үхдэл хэвтэнэ. Цээжний зүүн хэсгээс нь гоожсон цус ягаан торгон цамцыг нилд нь буджээ. Шатрыг харвал өрөг дөнгөж эхэлж байжээ. Хөлгийн хажууд ууж байсан бололтой дундуур хар кофетой хоёр аяга, ёотон хийдэг хоёр жижиг мөнгөн дийз байна. Нэг дийзэн дээр гурван ширхэг ёотон байх аж. Якоб Куссмауль баруун гартаа шатрын хар ноён, зүүн гартаа цаасан боодолтой ёотон атгасаар шалан дээр амь тавьжээ.
Комиссар Крэйберг шүүх эмнэлгийн эмчээс
- Энэ хүн хутгалуулаад хир зэрэг удаан амьд байж вэ? гэж лавлав. 
- Хоёр гурван минут орчим л болов уу 
- Тэгэхдээ ухаан тавиагүй байж уу? 
- Тийм л бололтой. Хүнд шарх авсан ч гэсэн ухаан алдалгүй эцсээ хүртэл тэссэн шиг байна ноён зөвлөх өө. 
- Гартаа атгасан юмнууд нь бидэнд тодорхой санаа өгөх юм биш биз дээ? 
- Магадгүй ээ, магадгүй... Тэгэхдээ ямар санаа гэдэг л? Шатрын ноён, дотроо гурван ширхэгтэй боодол ёотон л байна даа! Энэ юу гэсэн үг байж болох вэ? Та юу гэж бодож байна, ноён зөвлөх өө?
Эмч комиссарыг «зөвлөх» гэж дуудаад байгаа нь таатай юм шиг түүнд санагдав. Тэгээд түүнийг 
-Хэлэхэд хэцүү ч бодох юм байна аа, ноён доктор оо. Талийгаач өөрийгөө хороосон алуурчныг бидэнд заагаад байх шиг. Гэхдээ энэ ёотон … гэтэл цагдаагийн мөрдөх албаны ажилтан болох армаг тармаг улбар сахал, үрчлээ болсон духтай, царай муутай Хохройцпонтнер гэгч 
- Шатрын энэ ноён л … гэж хажуугаас хулчганан дуугарав.
- Тийм ээ, харын ноён. Хаан ч гэж болно. Хаад ноёд ямар байдаг билээ дээ. Хаад ноёдын тухай их л уншсан санагдана. Шекспирийн зохиолд Лир ван гэж байдаг. За тэгээд Генрих, Ричард хаан, тэр бүү хэл Оттокар гэж ноён хүртэл бий. Харин энэ ёотон... Цукер ноён... (германаар ёотонг Zucker гэнэ) гэж комиссар үглээд толгой сэгсрэв. 
Тэр өрөөг гүйлгэн харав. Онцгой юм үгүй зочид буудлын жирийн л нэг өрөө ажээ. Шалан дээр удаан эдлэгдэж хуучирсан хивс дэвсээтэй, ханын ногоон өнгийн цаас нилээд онгож гандсан авч баруун хананы нэгэн хэсэг дөрвөлжин газрын цаасны өнгө үхээгүй нь тэнд саяхан болтол эзэн хааны том зураг өлгөөстэй байсны ор бололтой. Гудамж руу харсан цонхоор гадаа бороо шивэрч, оройн бүрэнхий болж буй нь ажиглагдана. 
Эмчийг салах ёс гүйцэтгээд гарч одоход комиссар Крэйберг өрөөтэй байгаа шатрыг нарийвчлан ажиглангаа байсхийгээд л толгой сэгсрэн байлаа. Хохройцпонтнер комиссарыг үг дуугүй хэсэг харж зогссоноо тэсэлгүй 
- Буудлын жижүүрийг дуудах уу, яахав? гэж аяархан асуулаа. Крэйбиг толгой дохив. Тэр үхдэлийг дахин хараад «ой гутмаар новш юм даа» гэж дотроо бодов. Гурван давхар эрүүтэй, доровгор уруултай, нарийхан магнайтай царай нь эвгүй муухай хөхөрчээ. Энэ удаа үхэл хүнээ ерөөмөөр зөв аваачжээ. Крэйберг цогцсыг орхин цонхны дэргэд тавиатай ширээ тийш очив. Тэр ширээн дээр худалдаж авсан зүйлийн бололтой янз янзын тасалбар, тооцоо хийсэн бичиг, эахидал, албан бичиг зэрэг хөглөрнө. Нэг цаасан дээр «Таны наймдугаар сарын 15-нд  өгсөн захиалгыг аваад хариуг нь...» гэж эхэлсэн захиа байна. Удаан эдлэгдэж муудсан, дүүрэн юм чихээстэй түрийвч хэвтэнэ. Онгойлговол швейцар франк, доллар, фунт стерлинг, туркийн дэвсгэрт бас хоёр ч мөнгөний чек хийсэн байв. Мөнгийг Крэйберг барагцаалан тооцсоноо өөрийнхөө авдаг цалингийн талаар бодон шүүрс алдав. Дараа нь мөнгө төгрөгийг аятайхан эмхлүүлснээ түрийвчний ёроолд буй жижиг цаасыг авав. Хохройцпонтнер чимээгүй орж ирэв.
Уг цаас нь франц сонины хайчилбар ажээ. Хайчилбарын нэг талд хагас нь таслагдан алга болсон зурхайн хэмнэл байх агаад нөгөө талд нь улаан харандаагаар зурж тэмдэглэсэн «Шижинг оновчтой эмчлэх профессор Дюрандын арга» гэсэн гарчигтай чихрийн шижинг хэрхэн эмчлэх талаар бичсэн номын тухай нийтлэл байна. Комиссарын харц өөрийн эрхгүй өрөөний голд байх ширээн дээр чиглэв. Чихрийн өвчин гэнэ ээ! Чихэр ээ гэж… Ширээнд суугаад шатар тоглож байсан хоёр хүн хоёулаа кофе ууж байсан боловч аль нь ч чихрээ хэрэглээгүй байна шүү дээ...Нэг нь, бодвол алуурчин ёотондоо гар ч хүрэлгүй саванд нь үлдээсэн байна. Тиймээс Куссмауль сандлаас унахдаа зүүн гараараа боодолтой ёотонг авч, баруун гараараа... Энэ ч сүүлд нь болсон явдал байна. Ингэхээр алуурчинг босож тайвуухан хаалгаар гарангуут тэр зүүн гараараа ёотонг аваад баруун гартаа шатрынхаа хар ноёныг атгасан чигтээ гараа эгц өөд нь өргөн сарвайж хачин дүртэй хэвтсээр  амь тавин хөшчихжээ...
Энэ үеэр зочид буудлын жижүүр Оттокар Поспишиль гэгч орж ирэв. Тэр Куссмаулийн амиа алдсаныг үл тоомсорлох аж. Тэр үүнийгээ Куссмауль хэдий түүний буудалд амьдарч байсан ч авгай хүүхэнтэй наргиж, шөнөжин архи ууж, мөрийтэй тоглосон тааруухан нэгэн байсан гэж тайлбарлав. Бас Куссмауль чихрийн шижинтэй, бие муутай хүн байсан учир элдэв амттан иддэггүй, бүр тусгай мэргэжлийн эмчид хүртэл үзүүлдэг байсан гэв. Нэг удаа өндөр малгайтай, дэгжин зассан буурал сахалтай, нүдэнд дулаахан хүн ирж түүний биеийг үзэж байсныг Поспишиль хэлсэн ч нэрийг нь  ер санахгүй байлаа.
- Ноёнтоон, хэрвээ та энэ хэргийн талаархи миний бодлыг сонирхож байгаа бол энэ хүнээс холхон явсан нь л дээр гэж би хэлнэ. Тэр янз бүрийн хүнтэй холбоо хэлхээтэй байсан.Түрэг, орос, аргентин хүмүүс, өөр хаанахын ч юм есөн шидийн шаар шавхруунууд үүгээр орж гардаг байсан. Нэг удаа америкийн чухал албаны дарга хүртэл ирсэн. Үнэндээ гэхэд энэ хүн их л тодорхойгүй, барьцгүй этгээд байсан даа... гэхэд комиссар шингэн буурал үсээ илбэн
- Зөвлөгөө өгсөнд чинь талархая, Поспишиль ээ. Гэхдээ би яах ч арга алга. Би эхнээсээ л ярвигтай хэрэг гэж хэлж байсан шүү дээ. Тийм биз дээ? гэхэд Хохройцпонтнер дуугүй толгой дохив. 
- Поспишиль та явж болно, үгүй байз, жаахан хүлээж бай. Чихрийн талаар тодруулах гээд оролдоё. Та чихрийн өвчний талаархи франц эрдэмтэн Дюрандын өгүүлэлтэй сонины хайчилбарыг үзсэн. Тийм үү, Хохройцпонтнер? Ер нь чихрийн шижингээр өвчилсөн хүнд чихэр хориотой байдаг болохоор тэд дандаа түүнд хорхойсч байдаг. Куссмауль амь тавих гэж үхэлтэй тэмцэлдэж байхдаа өөрийнхөө хүслийг эцсийн удаа ч болов хангаад авъя гэж бодонгуутаа боодол ёотон шүүрч авсан байх. Тийм байж болох уу? Та юу гэж бодож байна, Хохройцпонтнер?
Цагдаагийн мөрдөгч хэлэх ч юмгүй хоёр гараа тохойгоороо нугалан сарвуугаа мөрөн тушаагаа сарвайлган зогсоо нь ямар нэг юм гуйж байгаа нохой мэт комиссарт харагдахад дургүй нь хүрч
- Танаас хүн юм асуухад хариу хэлэх ёстой биз дээ гэж эгдүүцэв. Цагдаагийн мөрдөгч асуултад хариулахын оронд жижүүрээс
- Талийгаач ноёнтон ямар хүнтэй шатар нүүдэг байсан бол? Гэж асуув.
- Свифт гэдэг англи хүнтэй л ихэвчлэн тоглодог байсан юм. Ноёнтон… биш ээ, талийгаач Свифтийг арай дөнгүүр, бусад нь харьцуулах юмгүй тааруухан гэдэг байсан л даа.
- Өнөөдөр үдээс хойш ноён Свифт энд ирсэн үү?
- Ирсэн. Тэр гурав хагасын үед ирсэн. Тэгээд Куссмауль, үгүй ээ…түй… энэ талийгаач хоёр аяга сүүтэй кофе захиалсан юм байхгүй юу... 
- Сүүтэй? Сүү нь хаана байна? 
- Манай сүү дууссан тул би хоёр аяга хар кофе авчирч өгсөн. Тэгсэн чинь ноён Куссмауль чихэр хэрэглэж болохгүй байж ёотон авчир гээд л орилоод байсан. Уг нь ноён Свифт ч гэсэн чихрийн шижинтэй учир бас ёотон хэрэглэдэггүй юм л даа. 
- Аа, тийм байж гэж цагдаагийн мөрдөгч бувтнаад гарч одов. Комиссар Крэйберг
- Поспишиль, та одоо явж болно доо гэснээ
- Байзнаарай, та Свифтийг эндээс явахыг нь харсан уу? гэлээ. 
- Харсаан, харсан ноёнтоон! Яг тодорхой цагийг нь хэлж чадахгүй байна. Гэхдээ дөрвөн цаг арай болоогүй байхад нэг хүн түүнийг утсаар ярья гэж дуудуулахад нь би хэлж яриулсан.
- Тэгэхэд Куссмауль амьд байсан уу? 
- Би мэдэхгүй, ноён зөвлөх өө! Ёстой юу ч хэлж чадахгүй. Би зөвхөн хаалгыг нь тогшиж «ноён Свифтийг утсаар ярья гэж байна» гэж дуудчихаад л явсан. Тэр «Йэс» гэж өрөөнөөс хэлсэн. Би бушуухан явсан. Ноён Куссмауль өрөөнд нь ороход дургүй байдгийг би мэднэ л дээ. Нэг удаа би...
- За тэр яахав, Поспишиль ээ. 
- Нэг удаа над руу хоосон лонх шидэж хөөсөн... Ноён Свифт миний араас очиж жижүүрийн утсаар ярьсан. Тэр англиар ярьж ярьж л явсан. Би хэлийг нь мэдэхгүй болохоор чухам юу ярьсныг нь ойлгоогүй. Тоглоомоо үргэлжлүүлж чадахгүй болсонд уучлал хүсэж байна гэж ноён Куссмаульд дуулгаадахаарай гэж надад хэлчихээд шууд гараад явчихсан... Энд тэндээс хүн дуудаад, өөр бусад өрөөнүүдээс захиалга ирээд би тэр үед ажил ихтэй байснаас болоод ноён Свифтийн хэлснийг Куссмаульд тэр дор нь дуулгаж чадаагүй нэлээд удчихсан. Бурхан минь, цайны шалихгүй мөнгөний төлөө өдөржин нааш цааш гүйх ч сайхан ажил биш шүү дээ. Надад их хэцүү… Тэр дамчингууд нь бүр хэцүү…
- За болно доо, Поспишиль ээ, тэгээд Куссмаулийн өрөөнд та хэдийд орсон бэ? 
- Ноён зөвлөх өө, намайг дөрөв хагасын орчим өрөөнд нь ороход үхсэн шалан дээр хэвтэж байсан. Тэгээд цагдаагийн газар руу утсаар мэдэгдсэн юм. 
- Таны нэрийг Оттокар гэдэг үү, Поспишиль ээ? 
- Яг тийм, ноён зөвлөх өө, миний өвөг эцгийг бас Оттокар гэдэг байсан юм. 
- Оттокар ноёны үхэл, амьдрал хэмээн комиссар аман дотроо дуулдах төдий гүвтнэв.
- Өршөөгөөрэй, та юу хэлэв ээ, ноён зөвлөх өө? 
- Юу ч гээгүй ээ! Поспишиль ээ. Франц Грильпарцерийн ийм нэртэй нэг жүжиг байдаг юм. Чи сонсоогүй юм уу? 
- Ер дуулаагүй юм байна, ноён зөвлөх өө? Манай буудалд миний мэдэхээс тийм овог нэртэй хүн ер бууж байгаагүй. 
- Танд хутга байна уу, Поспишиль ээ гэж асууснаа Крэйберг 
- Харын ноён... Оттокар ноён... Гэхдээ дахиад л ёотон ямар учиртай байж таарах вэ?… Свифт бас чихрийн шижинтэй байдаг... Хохройцпонтнерын санаа зөв ч байж болох юм шүү. Гэвч Свифт, Свифт.., хаад ноёдын түүх энэ тэр ер бичээгүй санагдах юм... адал явдал аяллын талаар л бичсэн  биз дээ... хэн билээ нөгөө баатар нь... Гулливер бил үү? Аа тийм Гулливер... гэх зэргээр элдэв бодолд хэсэг дарагдав. Тэгснээ дуугүй зогсож байсан жижүүрт хандаж
- Поспишиль ээ танд хутга бий юу? гэж дахин лавлав.
- Надад харандаа үзүүрлэдэг тонгорог бий, ноён зөвлөх өө гэж хэлээд Поспишиль аягүйрхэн инээмсэглэхчээн болж, өмднийхөө халааснаас чигчийн чинээ жижиг тонгорог гаргаж өгөхөд Крэйберг нэлээд харснаа тонгоргыг тэнийлгэхэд зэв идсэн мохоо эмтэрхий иртэй хутга байлаа. Крэйберг мөрөө хавчсанаа 
- Поспишиль та яв даа гэлээ. 
- Танд туслахад хэзээд бэлэн байгаа шүү, ноёнтоон гэж хариулаад Хохройцпонтнерын адилаар чимээ аниргүй гарч одов. 
Крэйберг сандал авч шатар өрөөтэй дугуй ширээний дэргэд тавьж суугаад алгаараа эрүүгээ тулж өргийг нарийвчлан ажиглаж эхлэв. Свифт цагаанаар тоглож байжээ. Тэрбээр эртнээс уламжлагдсан гараагаар өргөө эхэлсэн нь шатрын онол муугүй мэддэг Крэйбергт тодорхой байв. Цагаанаар тоглогч ноёны гамбит эхэлж, харын тал хариу хийсэн нь илэрхий мэдэгдэж байв. Харин хэдэн нүүдэл хийгээ вэ гэдэг нь тодорхой бус? Гэхдээ ердөө л арваас илүүгүй нүүжээ. Цагаан тал морио хаядаг Кизирецкийн мартагдсан хувилбар довтолгоог сонгон нааджээ. Түүнийг нь няцаадаг зөв нүүдлийг харын тал хийсэн бололтой. Энэ нүүдлийг хэн бодож олсон юм бол? Нэг л нэртэй шатарчин шиг санагдах юм. Школандсворт? Балайрах гэж… Өнгөрсөн зууны үед нэрд гарсан ямар ямар гроссмейстерүүд байлаа даа? Морфи? Андерсен гэж лав байсан... Дараа нь шатрын нэг сайн онолч байсан... Аа тийм Пильгер... 
Крэйберг ихэд ядарч байгаагаа мэдрэн алагдсан хүнийг гөлрөн харлаа. Нэг гартаа шатрын хар ноён, нөгөөдөө боодол ёотон атгажээ. Ёотон нь гол байна уу, ноён нь гол байна уу? Тэр Свифт гэдэг англи хүнийг баривчлахаар одсон Хохройцпонтнерийн ч санаа зөв байж болох юм даа. Свифт бас чихрийн шижин өвчтэй гээд байдаг. 
«Куссмауль гуай, таны үхэл хүндхэн үүрэг надад тавьж орхилоо» гэж комиссар Крэйберг дотроо талийгаачтай яриа өдөөд «Амьдрал чинь нэгэнт хэргээ алдсан байхад чи өөрийнхөө үхлээр бидэнд таавар таалгуулж байх юм. Алуурчинг нэрлэсэн таавар юм биз дээ. Баярлалаа гэж хэлэхээс ... Ээ бурхан минь, энэ амьдрал гэдэг ямар ч ярвигтай эд билээ. Куссмауль гуай, таныг хороосон хүнийг олох хэрэг байна уу даа? Та хэн нэгэнд үгүйлэгдэх үү? Поспишилийн ярьснаар бол чи хэнд хэрэггүй, найз нөхөддөө ч хэрэггүй хүн шиг билээ. Энэ хорвоод чиний хийсэн сайн үйлс гэж байна уу?, Хүмүүсийг луйвардаж, эмсийн толгойг эргүүлэн завхайрч л байсан биз дээ. Авилга, хээл хахууль өгч, илүү харж бусдыг шулж л явсан байх. Шуналын хар тулам биз дээ, чи Куссмауль гуай? Тэглээ ч гэсэн би таныг хэн хороов гэдгийг тогтоох ёстой. Хашиж байгаа алба маань үүнийг надад даалгаж байгаа юм. Би чиний энэ толгой эргүүлсэн «Ноён Цукер» гэдэг тааврыг эс олж чадваас нөгөө ертөнцөд оччихоод хийх юмгүй тэнэж яваа сүнс чинь намайг шоолоод салахгүй байлгүй» гэхчилэн бодов. 
Үдшийн харуй бүрий болж эхлэнтүүт Крэйберг босож гэрэл асаав. Талийгаачийн цогцос гартаа барьсан юмсаа эгц дээш нь өргөсөн мэт байрлалтай нөгөө л янзандаа... Крэйберг «Кизерицкийн гамбит нүүдэлд няцаалт өгөх зөв нүүдлийг хэн оллоо доо?» гэж бодсоноо цогцосны дээрээс тонгойж шүүх эмнэлгийн эмчийн цээжийг нь нямбайлан бүтээсэн цамцны энгэрийг сөхлөө. Гарсан шарх жижигхэн, жимбэгэр урагдаж дарвайсан зүйлгүй ажээ. «Эмнэлэгт хэрэглэдэг хоёр талдаа иртэй  нарийхан хутгаар л хатгасан шиг байгаа юм даа» гэж тэр өөртөө хэлээд үүд зүглэв. Тэр өрөөнөөс гарч хаалгыг нь сайтар хаагаад шатаар уруудлаа. Тэрбээр жижүүрийн дэргэд очиж
- Ноён Свифт гэдэг чинь ямаршуухан хүн байна вэ? гэв.
- Ноён Свифт үү? Толгой нь үл мэдэг салгалсан, өндөр биш нуруутай, өвгөн бий дээ.
- Аа тийм бий гэж Крэйберг бувтнаад элэгдэж хуучирсан илгэн бээлийгээ гартаа хийлээ. 
Тэрээр албан өрөөндөө ирээд Вена хотын нарийн мэргэжлийн эмч мэргэжилтнүүдийн лавлахыг авчрахыг тушаав. Дэлгэрэнгүй түүврийг үсгийн дарааллаар гүйлгэн үзэж бараг дуусах шахаж байснаа гэнэт огло үсрэн босож, дух руугаа алгадан «Мэдээж энэ болж таарлаа. Тэгэлгүй яах вэ… Хаадын тоглоом, шатрын ноён,…Цукер ноён, гроссмэйстер,… шатрын аварга, чихрийн мастер!» хэмээн хашхирч гартал Хохройцпонтнер чимээгүйхэн үүдээр шагайснаа нэлээд хачирхсан янзтай 
- Би таныг хүүхэд дагуулж ирээд тэр нь дүрсгүйтээд байна уу даа л гэж бодлоо шүү, ноёнтоон гэлээ.
- Хохройцпонтнер! Ноён Свифт чинь яасан бэ? 
- Свифт гэдэг чинь Их британийн элчин сайдын яаманд зарлагаар ажилладаг юм байна. Саяхан машинаар хаашаа ч юм явчихаж. Би тэгээд танаас хилийн шалган нэвтрүүлэх албаныханд хэлэх үү, яахав асууя гэж бодоод ирлээ… 
- Хэрэггүй, хэрэггүй. Май тамхи тат гэж хэлээд комиссар тамхиар дайллаа. Өндөр үнэтэй янжуур тамхиар харамгүй дайлж байгаа нь комиссарын хувьд ховорхон хэрэг байсан бөгөөд ажил бүтэмжтэйн тэмдэг бололтой гэдгийг ч Хохройцпонтнер гадарлав.  

- Ноён профессортой уулзаж болохсон болов уу? гэж Крэйбергийг хэлэхэд зарц нь
  - Эзэн одоохондоо... гэтэл 
- Би онцгой чухал ажлаар явна. Цагдаагийн комиссар Крэйберг уулзах гэнэ гээд хэлээд өгөөч гэж хэлэв. 
Профессор цардмал цагаан цамц, тас хар костюмтай байсан агаад түүний урт цагаан сахал нь цамцнаасаа ч илүү цагаан харагдана. Тэр комиссарыг үзэнгүүтээ тух алдаж буй нь илт байлаа. Гэвч тэр ердийн байдлаар 
- Танд юу хэрэгтэйсэн бол? Би туслахад бэлхэн байнаа гэлээ. 
- Ноён профессор, та тэр муу дамын панзчинг юунд хутгалчихаа вэ? 
- Панзчинг? Хутгалчихсан гэнэ ээ? гэж профессор асуултыг асуултаар хариулав.
- Ноён профессор та бүү балмагд. Танд муу юм огт болохгүй. Заналхийлсэн юм огт байхгүй. Куссмауль нөгөө ертөнцөд очсон тухай мэдээ олон хүнд таашаалтай байна биз. Би зүгээр л цэвэр мэргэжлийн сониуч зангаар ирлээ. Куссмауль үхэхдээ надад таавар үлдээсэн байсныг би тааж дөнгөсөн эсэхээ мэдэх гэсэн юм. Түүнийг тааж олсноороо би ялалт, нэг ёсондоо сэтгэл ханамж олох ёстой юм. Талийгаач өөрийгөө хороосон хүнийг олох тэмдэг, дохиог тодорхой үлдээсэн байлаа. 
- Юу? Ямар дохио, тэмдэг вэ?
- Нэг гартаа боодол ёотон, нөгөө гартаа шатрын хар ноён атгаастай үхсэн байна. 
- Энэ чинь тэгээд юу гэсэн үг вэ? 
- Харын тал Кизерицкийн гамбитад няцаалт өгдөг нүүдлийг тун сайн нүүсэн байна. 
- Ноён комиссар, та намайг өршөөж хайрла. Надад үнэндээ ингэж байх цаг зав хомс байна... 
- Та чинь чихрийн шижин өвчний мэргэжилтэн Цукерторт мөн биз дээ? 
- Тийм ээ! Тэгээд…?
- Өнгөрсөн зуунд нэртэй шатарчин таны амьдаа Цукерторт гэж байсан юм. Тэр шатарчин Кизерицкийн гамбитийн няцаалтыг боловсруулсан. Тэр Куссмауль гэгч цукер (чихэр), шатрын мастер (ноён) гэсэн хоёр зүйлийг сүрхий дүрсэлж өгсөн байна...Өөрөөр хэлбэл гроссмэйстер Цукерторт гэдгийг илэрхийлжээ. Цукерторт бас эмч хүн байсан гэдэг. Куссмауль Цукерторт нэртэй өөрийн эмчийг ч дүрсэлсэн байж болзошгүй. Үүнийг та хүлээн зөвшөөрнө биз дээ? Ингэхэд та түүнийг яах гэж хороогоо вэ? Таныг баривчлах зөвшөөрөл би аваагүй байна. Таныг аргагүй байдалд ороод л энэ хэргийг хийсэн болов уу гэж санаж байгаа шүү. Товчхондоо хэргийн эзэн олдохгүй. Гэхдээ мэргэжлийн маань хор шар, өөрийн сониуч зан хоёр маань намайг амраахгүй байна л даа.
Цагаан сахалт  эмчийн царай сандран улайснаа, 
- Тэр дамын наймаачин гахайг юунаас болж хороов? гэвэл тэр муу шаар чинь инсулин гэж хэлээд надад нэг юм худалдсан нь жирийн худгийн ус байсан. Түүнд нь би хууртаж, хоёр ч өвчтөндөө тариад тэдний цус бохирдож үхэхээ дөхсөн хэмээн ууртай ярив. 
- Эмний оронд ус өгч золигтсон новш байжээ... Харамсалтай юм болжээ.
Комиссар Крэйберг инсулин бол чихрийн шижин өвчнийг эмчилдэг цорын ганц эм гэдгийг сайн мэдэж байлаа. Тэр дуугүй салах ёс хийн эмчийн гарыг атгаад профессорынхоос гарахдаа хаалган дээр хадсан «Бодисын солилцооны өвчинг эмчлэгч, профессор, доктор Регис Цукерторт» гэсэн бичиг бүхий пайзыг амандаа бувтнан уншиж хором хиртэй зогсов. 
Крэйберг дотроо «Regis» гэдэг чинь юу билээ? «Rex» гэдэг үгийн харьяалахын тийн ялгалын хувирал. Гимназид латин хэл үзэж байхад «Rex» гэдэг бол хаан ноён гэсэн утгатай гэж зааж байсан шүү. Шатрын ноён бас үүнийг илэрхийлэх гэсэн ч байж болох юм. Гэхдээ асуудал шийдэгдсэн» хэмээн сэтгэл хангалуун бодов. Тэгээд комиссар дадсан заншлаараа толгойгоо сэгсэрснээ хуучин илгэн бээлийгээ гартаа хийж, шүхрээ дэлгэн гудамжаар алхалсаар далд оров. Харин буурал сахалтай эмч амьдралдаа балмагдан сандарч, бачимдаж үзээгүйгээрээ гайхшран түүний араас цонхоор харсаар хоцровой. 

Орчуулсан Д.Дашмөнх


Жич: Фридрих Глаузер /1896-1938/ бол герман хэлээр зохиол бүтээлээ туурвидаг байсан швейцарын зохиолч юм. Тэрбээр арав гаруй ном бичиж үлдээсэн нь өдгөө ч уншигчдын дурыг булаасаар байдаг бөгөөд түүнийг «швейцарын Жорж Сименон» гэж өргөмжилдөг. Өдгөө Швейцарын шилдэг детектив зохиолчид жил бүр олгодог шагнал нь Фридрих Глаузерын шагнал юм. 

No comments: